Уг дурсгал нь Улаанбаатар хотоос зүүн урагш 310 гаруй км, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын төвөөс зүүн тийш 10 км Талын Хөшөө нэрт газар буй. Талын Хөшөөний дурсгал нь Эртний Түрэгийн язгууртны тахилын онгон юм.
Энэхүү Хүн хөшөөний тамгануудын байрлал, хэмжээ зэргийг тухайн үеийн Түрэг улсын улс төрийн нөхцөл байдал, түүхэн газарзүйн баримттай харгуулсны үндсэн дээр Талын Хөшөөний дурсгалыг Эртний Түрэгийн хожуу улсын үеийн сүүлээр буюу 735-741 оны орчим бүтээсэн байж болно хэмээн үзэж байна.
Талын Хөшөөний онгоны хүн чулуу нь Монгол улсын нутгаас илэрсэн, түрэг бичээс, тамгатай хоёр дахь хүн чулуу бөгөөд хэмжээгээрээ тус улсын нутаг дахь хамгийн том хүн чулуу болж байна. Хүн чулууных нь дүрслэл уг онгоны эзэн нь тудунаас бага цол бүхий язгууртан байсныг илтгэж байна.
Талын Хөшөөний онгоны орших байрлал, бүтэц, хөшөөн дээрх тамгын онцлог зэргээр нь түүнийг Эртний Түрэгийн хожуу улсын Арван Хоёр Түрэг аймгийн нэг болох Хөлү аймгийн язгууртанд зориулан байгуулсан гэж үзэж байна.
Талын Хөшөөний онгон нь бүрэлдэхүүндээ бичээс, тамга бүхий асар том хүн чулуу агуулж буйгаараа түүхэн үнэ цэн бүхий хосгүй дурсгалын тоонд зүй ёсоор орох юм.
Уг тахилын онгон нь Эртний Түрэгийн хожуу улсын үеийн аймгуудын байршил, язгууртнуудын мэдлийн газар, аймгуудын нүүдэл, зам харилцаа, төрийн удирдлагын тогтолцоо, аймаг хоорондын харилцаа, угсаа залгамжлах болон ураг төрөл бололцох ёсон, нүүдэлчдийн улс төрд газар нутгийн байршлын гүйцэтгэсэн үүрэг зэрэг олон асуудлыг тодруулах чухал баримт болж байна.