Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

М.Тулгат: Бидний хувьд энэ бол сонгууль биш, дарга ангийн эсрэг тэмцэл

Нөхөн сонгуулийн нэр дэвшилттэй холбоотойгоор АНын дарга М.Тулгатаас тодрууллаа.


-Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг ямар шалгуураар тодруулсан бэ?

-Бид энэ удаагийн сонгуулийг УИХ-д хоёр хүн нэмж суулгахын төлөөх сонгууль гэж харахгүй байна. Өнөөдөр Монголын нийгэмд дарга анги утгаараа бий болчихлоо. “Давхар стандарт” буюу жирийн иргэдэд харуулдаг төмөр нүүр, дарга нарт үйлчилдэг тусгай хангамж гэдэг юм хэвийн үзэгдэл болж байна. УИХ болон орон нутгийн бүх түвшинд МАН ноёрхлоо тогтоож, хариуцлага болон хяналт гэж юм байхгүй боллоо. Нийгэмд дүлий дүмбэ байдал газар авч байна. Мэдээж сөрөг хүчний хувьд ид дуугарч, тэмцэж байх ёстой манай нам өөрийн дотоод асуудлаас болоод энэ үүргийг сайн гүйцэтгэж чадахгүй байгаа нь бидний буруу. Гэхдээ одоо хангалттай. Цаашид манай намын тамга тэмдгийн асуудал түүгээрээ явдаг л юм байгаа биз, бид үнэт зүйлээ тойрон нэгдэж, данхгар төрөөр далайлгасан дарга ангийн ноёрхлын эсрэг цугтаа тэмцэх цаг болсон. Сонгууль биш, тэмцэл эхэлж байна. Ардчилсан намын үзэл баримтлал, үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх, дэмжигчдийнхээ эгнээг тэлэх, идэвхжих, улмаар дарга нарын дарангуйллыг сөрж зогсоох боломж, түүний төлөөх үйл явц гэж хүлээж авч байгаа юм.

Бусдын хөдөлмөр, хөлс хүчийг сорж байдаг, төсвийн мөнгөөр туйлж байдаг, 200 жижиг дунд бизнес эрхлэгчийн аж ахуйгаа хангалттай босгоод авах мөнгөөр буюу хоёр тэрбум төгрөгөөр “Андлалын хөшөө” гэгчийг бариад буцаагаад нураачихдаг хэсэг бүлэг хүмүүсийг дарга анги гэж нэрлээд байгаа юм. Тэд нар Ковидын ид хүнд хэцүү үед, бүх төрлийн үйл ажиллагаа зогсож, хүмүүс өр зээлэндээ баригдаж, үстэй толгойгоо зулгааж байхад зуны гуравхан сар хагас дутуу ажилладаг усан оргилуурыг дөрөв орчим тэрбум төгрөгөөр барихаас ичихгүй. Бизнес эрхлэгчдийн “чөмгөө дундартал зүтгэж” олсон хэдэн төгрөгийг элдэв хориг, хязгаарлалт, тусгай зөвшөөрөл, мэргэжлийн хяналтын шалгалт, гаалийн байцаагчийн дарамтаар далайлгаж хувалз шиг шимэхээсээ буцахгүй. Энэ байдал сүүлдээ газар аваад ижил дасал болчихлоо. Ардчилсан нам л үүнтэй тэмцэж чадна.

Тэгэхээр гол тавьсан шалгуур бол Ардчиллын үзэл санаа, үнэт зүйлийн төлөө тууштай зогсож чадах, мөн парламентын туршлагатай, тэмцэгч шинж чанартай ийм хүмүүсээ нэр дэвшүүлэнгээ, бид багаараа тэмцлийн талбарт хамтдаа гарч зогсъё гэдэгт санал нэгдсэн. Хоёрхон хүний асуудал, сонгуулийн кампанит ажил биш гэсэн үг. Сонгууль бол ердөө нэг хэсэг нь. Тиймээс ч сонгуулийн дараа буюу аравдугаар сарын 20-ны өдөр бид бүх нийтийг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулна гэдгээ өнөөдөр зарласан.

-Шинэ залуу улстөрч дэвших болов уу гэсэн хүлээлт нийгэмд тодорхой хэмжээгээр байсан болов уу, жишээ нь та ч юмуу, ЕНБД Ч.Өнөрбаяр гэх мэт хувилбар байгаагүй юу?

-Нэгдүгээрт, улс төрд биологийн нас гэж байдаггүй. Эрдэм мэдлэгт ч мөн адил. Манай Өнөрөө дарга өнөөдрийн хэвлэлийн хурлаар “АН-ын 60-тай улстөрчдөөс МАН-ын цүнх баригч 30-тай улстөрчид үнэндээ сэтгэлгээний хувьд хөгшин” гэж онож хэлсэн. Хоёрдугаарт, манай намын нөхцөл байдал ямар байна. Жишээ нь, би дэвшлээ гэхэд Цогтгэрэлийн гэгддэг нөгөө талын зүгээс таатай хүлээж авахгүй. Дотоод асуудал маань энэ тохиолдолд гадаад өрсөлдөөнтэй холилдоод утгаа алдана. Жишээ нь, Э.Бат-Үүл гуайн хувьд Монголын Ардчилсан намын анхны дарга хүн. Хоёр талд хуваагдсан байгаа залуучууд энэ хүнийг хүндэлдэг, хүлээн зөвшөөрдөг. Манай намын эвлэрэл, ойлголцлын туг нь байж чадна гэж үзсэн. Б.Гарамгайбаатар дарга бол аливаа юманд маш нухацтай ханддаг, УИХ дахь бүлгийн даргын туршлагатай, бидэнд их түшигтэй парламентач хүн. Гуравдугаарт, би түрүүн хэлсэн, бид сонгууль руу биш, тэмцэл рүү орж байна гэж. Залуучууд маань энэ тэмцэлд бөөндөө орно. Үүнд харин туршлагатай парламентчдаа ашиглана. Залгамж чанараа хадгалж, бүх үеийн төлөөлөл, бүх нөөцөө дайчилна. Ардчилсан хувьсгал 1990 онд мөн л дарга ямбатнуудын эсрэг тэмцлээр эхэлсэн. Одоо хоёрдугаар хувьсгал эхлэх цаг нь болсон. Энэ үүрэг хариуцлага бидэнд ирж байна. Залуус бид ардчиллын төлөө цохилох зүрхтэй бүх хүмүүсийн хамт, Ардчилсан намын гишүүд, дэмжигчидтэйгээ хамт, бизнес эрхлэгчидтэйгээ хамт тэмцье гэж байгаа юм. Үүнийг өнөөдрийн хэвлэлийн хурлаар зарласан.

-Хэнтий аймаг ч тэр Сонгинохайрхан дүүрэг ч тэр эрх баригч МАН-ын суурь сайтай нутаг. Нэр дэвшихээр илгээж байгаа хүмүүст тухайн тойрогт давуу тал болох зүйл юу байна?

-Хэнтий аймгийн тухайд угтаа бол ардчиллын суурь дэмжлэг сайтай аймаг. 1930-аад онд коммунистуудын хэлмэгдүүлэлт, тамлалыг мах цусаараа үзсэн хүмүүсийн үр сад олонтой. Тэд 1990 оны ардчиллыг хамгийн түрүүнд талархан хүлээж авсан. Түүнээс гадна 1990 оны ардчилал бол монгол түүхээрээ бахархах, эзэн Чингис хаанаараа бахархах, дээл хувцас, бичиг соёлоороо бахархах үндэсний үзлийн сэргэн мандлыг авчирсан. Тиймээс ч эзэн Чингис хааны унасан газар болсон энэ нутаг ардчиллыг хамгийн түрүүнд мэдрэг хүлээн авч дэмжсэн. Магадгүй Ардчилсан нам зарим цаг үед итгэлийг нь алдсан байж болно. Тиймээс ч сүүлийн жилүүдэд МАН-ын нэр дэвшигчид тасралтгүй яллаа. Гэвч одоо хангалттай гэж нутгийн иргэд ойлгож байгаа байлгүй дээ. Энэ аймгаас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь гарчихлаа. 4-5 аймгийн төсвөөс ч давах төсөв ганц энэ аймаг руу цутгаж байна. Одоо нэг монгол хүний зөн билгээр цөлх ухаан гаргаж нэг ч гэсэн сөрөг хүчний дуу хоолой, хяналтын дуу хоолойг гаргаж ардчиллаа хамгаалахад Хэнтийчүүд хувь нэмэр оруулна гэж найдаж байна.

Сонгинохайрхан дүүргийн тухайд дундаж орлогоороо Нийслэл хотод сүүл мушгиж байгаа. Сүүлийн хэдэн сонгуулиар МАН бүх түвшинд 100 хувь ялсан, гэтэл амьжиргаа хүнд. Төсөв мөнгө, орлогын өсөлт иргэдэд биш, дарга нарт нь илүү наалдлаа.

Харин Э.Бат-Үүл баатар хотын дарга байхдаа Нийслэлийн захиргааг Сонгинохайрхан руу нүүлгэх санаачилгыг гаргаж, бэлтгэл ажлыг нь эхлүүлээд байсан. Энэ нь зөвхөн хотын төвийн түгжрэлийг бууруулах биш, зах хязгаар дүүргийнхээ газрын үнийг өсгөх, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, улмаар иргэдийнх нь амьдрал ахуйд том өөрчлөлт авчрах бодлого байсан. Гэтэл харамсалтай нь 2016 онд МАН хотод ялангуутаа энэ шийдвэрийг өөрчилж, Яармаг руу буюу Хан-Уул дүүрэг рүү нүүлгэхээр 97 тэрбум төгрөгөөр шинэ хотын захиргааг барьсан. Тэнд кв.метр нь 6000 долларын үнэтэй байрууд ч гараад ирлээ. Гэтэл Сонгинохайрханд ямар билээ. Гэр хорооллын дахин төлөвлөлт, гэр хорооллын иргэдийн амьжиргааг сайжруулах санаачилгыг нь мөн л 2016 оны сонгуулиар ялангуутаа МАН таслан зогсоосон. Улстөржилтийн улмаас олон зуун иргэд хохирсон. Хотын дарга байхдаа олон зоримог өөрчлөлтийг хийсэн дээ, нэг үе “Улаанбаатар хот нүүрээ угаасан юм шиг өөрчлөгдлөө” гэж хүртэл яригдаж байлаа шүү дээ. Тэгж зорьж, зүтгэж явсан хүний хор шар байдаг л байх.

-УИХ-д АН-аас одоо 11 гишүүн байгаа. Тэднийг сөрөг хүчний үүргээ хангалттай гүйцэтгэж чадахгүй байна гэж шүүмжилдэг. Нөхөн сонгуулиар нэг хоёрхон гишүүн нэмлээ гэхэд байдал өөрчлөгдөнө гэж үү?

-Нөхөн сонгуулийн хоёр тойрогт илгээсэн нэр дэвшигчид маань бүлэгт өнгө нэмж чадах улстөрчид гэж хэлмээр байна. Ялангуяа Бүлгийн дарга Д.Ганбат болон АН-ын үзэл санаа, үндсэн жанжин шугам дээр зогсдог цөөн гишүүддээ маш их түшиг тулгуур болно гэж бодож байна. Бас гуйвж дайваад учраа олохгүй байгаа бас нэг хэсэг гишүүдэд сайн ташуур болно. Би өөрөө 2016-2020 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд Э.Бат-Үүл баатартай хамт байсан болохоор чуулганы танхим доторх түүний дуу хоолой, түшиг тулгуур болж, асуудалд хандах байдал ямар вэ гэдгийг сайн мэднэ. Парламентад цөөхүүлээ ч гэсэн, эрх мэдэл байхгүй ч гэсэн эрх баригчдын чихийг улайлгаад, ичээгээд, жирийн иргэдийн төлөөлөл, дуу хоолой болон тэмцэж чадна гэж үзэж намын нөхөд нь илгээсэн.

Р.ХИШИГЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *