Шинэ Зеландын Окленд хотод болсон террорист халдлагын улмаас долоон хүн шархадсан бөгөөд тэдний гурвынх нь биеийн байдал хүнд байна гэж тус улсын Ерөнхий сайд Жасинда Ардерн мэдээлжээ.
Баасан гарагт нэгэн эрэгтэй хотын супермаркетын үйлчлүүлэгчид рүү хутгатай дайрсан бөгөөд цагдаа нар халдагчийг буудаж амжжээ. Шинэ Зеландын Ерөнхий сайд энэхүү халдлагыг террорист халдлага гэж тодорхойлоод зургаан хүн шархадсан гэж мэдээлж байв.
“Өчигдөр долоон хүн шархадсан. Тэдний тав нь эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд гурвынх нь биеийн байдал хүнд байна” гэж Ардерн цахим хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Тэрбээр мөн уг этгээд хууль сахиулах байгууллагын ажилтнууд руу зэвсэгтэй халдахыг завдсан хэргээр гурван жилийн ял эдэлж байгаад энэ оны долдугаар сард шоронгоос суллагдсан байсныг мэдээлсэн байна. Уг этгээдийг сулласны дараа 24 цагийн турш ажиглаж байжээ.
Шинэ Зеландын эрх баригчдын мэдээлснээр, халдлага үйлдсэн этгээд 22 настай байсан бөгөөд 2011 онд Шри-Ланка улсаас Шинэ Зеландад иржээ. Ирснээсээ хойш таван жилийн дараа фэйсбүүкт хэт давруу үзэлтнүүдийн мэдэгдлийг нийтэлж, Шинэ Зеландын цагдаа нарын хараанд орсон байна.
2018 онд Оклендын олон улсын нисэх онгоцны буудлаас Сири улс руу нэвтрэх гэж байгаад баривчлагдаж байжээ. Дараа нь хутга худалдан авч, засварын ажилтнууд руу дайрч, барьцаагаар суллагдах нөхцөлийг зөрчиж байсан байна.
Шинэ Зеландын цагдаа нар есдүгээр сарын 3 -ны баасан гарагт орон нутгийн цагаар 15:20 цагийн орчимд Оклендын баруун өмнөд хэсэгт байрлах супермаркетад зэвсэгт халдлага болсон тухай мэдээлжээ. Хэргийн газарт ирсэн хууль сахиулагчид халдагч руу гал нээжээ. Уг эрэгтэй газар дээрээ нас барж, зургаан хохирогчийг эмнэлэгт хүргэсэн байна.
Халдлага гарсан “Countdown” сүлжээ их дэлгүүрийн захиргаанаас “дэлгүүрийн лангуун дээрээс бүх хутга, хайчыг түр зуур хурааж, үргэлжлүүлэн худалдах эсэхээ хэлэлцэхээр” шийджээ.