“Намайг дуудаж сэрээсэн
Гэгээн өглөө сайн байна уу
Нарны гэрэлд гялалзсан
Гэгээвч цонхнууд сайн байна уу
Энхрий хайраар ивээсэн
Ээжээ аав сайн байна уу…” гэж эхэлдэг энэ дуу Монголын мянга мянган үрсийг дуудаж сэрээсээр 56 дахь жилийнхээ намартай золгож байна. Үг аялгуу бүрээс нь гэрэл гэгээ асгарч, нарны алтарсан туяанд сүлэгдсэн хүүхдийн тунгалаг сэтгэл ариун хайраар бялхан цээж рүү урссан уг дууг сонсох бүрийд сэтгэл цэлмэдэг юм.
Свердловскийн хөгжмийн дээд сургуулийг төгсөж ирээд удаагүй байсан хөгжмийн зохиолч Жамбалын Шараад шавь нартайгаа бужигнаж байх цаг дор зүрх баясгасан нэгэн аялгуу орж ирсэн гэдэг. Хөгжим бүжгийн сургуулийн залуухан багш тэр даруй хүүхдийн эгшиг дуу цангинасан инээд, хүсэл мөрөөдлийн гэгээн дуртгалтай цуг нотлоод авчээ. Чухам хэнд сонсгож дууны шүлэгтэй болдог билээ гэж бодон Монголын радиог зорьсон байна. Радио, телевиз бол эртнээс уран бүтээлчдийн хөл хөсөөн болсон газар. Ийн хүрч очоод хөгжмийн редактор Батсүрэнд аялгуугаа сонсгон, иймэрхүү үг байвал болох юм гэх санаагаа хэлжээ. Тэгтэл ердөө маргааш өглөө нь Батсүрэн утасдаад “Дууны шүлэг бэлэн болсон, ирж авна уу” гэхэд нь, ийм хурдан биччихэж байгаа юм байх даа хэмээн эргэлзэн очихуйд ёстой нэг хүсч явсан шүлгийн мөрүүд инээд цалгиулан угтах нь тэр ээ. Сургуулийнхаа найрал дууны ангийн Наранцэцэгээр дуулуулан радиогийн Алтан фондод анх бичүүлжээ. Ингэж л өглөөний ургах нарнаар биднийг сэрээсэн “Гэгээн өглөө сайн байна уу” дуу төрсөн түүхтэй. Дарамын Батсүрэн, Шараа хоёр “Гэгээн өглөө”-гийнхөө дараа Адараагийн дуулдаг “Амар түвшин” дуу бүтээснийг бид мэднэ.
“Агаархан тэнгэр минь ариун тунгалаг байж
Алагхан цэцгүүд минь анхилуун тансаг байг
Алтанхан нарныхаа амин туяан дор
Ачтайхан ээжтэйгээ амар түвшин сууя
Алиманхан сарны дор мөнгөн шүүдэр бууж
Аршаанхан хурын дээж мөнхийн тунсаг байг
Аршаанхан дусалд чинь чамайг харж баясаад
Амрагхан чамтайгаа амар түвшин сууя
Аадрын үүл догшин байвч дайран өнгөрөхдөө
Агь гангын үнэрийг бас сэргээн сэнгэнүүлж байг
Анхилхан талынхаа үнэрийг шингээсэн
Алиахан хүүтэйгээ амар түвшин сууя
Аясын салхи хуурын дууг холхид цуурайтуулж
Аяланхан хангинанхан хариу дуурсаж байг
Азтайхан жаргалаа хуурдан дуулцгаасаар
Алжаалгүй тэгш амар түвшин сууя” хэмээн ёстой л алиманхан сарны мөнгөн шүүдэр гэрэлтсэн дуу. Сүүлд ардын дууч Бурмаа, Мөнхбат, Банзрагч гурав сайхан дуулсан байна лээ.
“Монголын хөгжмийн мэргэжлийн дэг сургууль бүрэлдэн буй болох түүхэн үйл явцыг өөрийн хөгжмийн бичлэгээр туулан, их аваргуудын хамт “Шараа”-гийн гэсэн ая эгшгийн хувилбарыг бүтээж, Монголын нийтийн шинэ уянгын дууны нэрт мастер болсон” гэж доктор Б.Батжаргал, төрийн шагналт хөгжмийн зохиолч Цогзолын Нацагдорж нар бичсэн байдаг. Хорин хэдтэй залуу, чухамхүү өөрийнх нь хэлснээр хийж бүтээхийн хорхой гозгонож, онгод цалгисан үедээ “Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ” хэмээх дуу хийж нэг сургуулийн багш, дотны найз Зангадаараа дуулуулжээ. Хаянхярваагийн шүлэг, Шараагийн хөгжим “Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ” дуу эдүгээгийн хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Баартуугийн Зангадын нэрийн хуудас бүтээлийнх нь нэг болж, ямар сайндаа “Зангад ирлээ шүү, хүүхнүүд ээ” гэсэн шог яриа хүртэл гарахав. Шараа, Зангад хоёрын уран бүтээлийн ундарга эндээс эхэлж, удаа ч үгүй их Нацагдоржийнхоо “Монголын үзэсгэлэнт саран гуа намайг төрүүлсэн ижий” хэмээх шүлгэнд аялгуу бүтээсэн түүх бичигддэг.
“Дууны хөгжим бичээд, дуунууд маань хүмүүст хүрээд, олны талархал хүлээж байсан тэр цагт ээждээ зориулж ганц сайхан дуу хийх юмсан гэх бодол үргэлжид төрдөг байлаа. Нэг өдөр Зангад маань “Чи энэ үгээр дуу хийгээдэх, би дуулъя” гэдэг юм. Хартал, Нацагдоржийн эхийн тухай шүлэг байна. Энэ шүлгэнд чинь Лувсаншарав багш, Солийн Цоодол багш хоёр аялгуу хийчихсэн. Багш нарынхаа дуунд дахин аялгуу хийх нь надад ахадна гэтэл, нэг шүлгэнд хэдэн ч ая хийсэн болно шүү дээ гэсэн хариу хэлдэг юм. Тэр даруйд муу ээж минь бодогдлоо. Жаалхан би хонины захад суугаад ээжийг эмчлүүлэхээр ахын авч явсан замыг нулимс дүүрэн харуулдаж сууснаа саналаа. Тэр уудам тал, алсын алсад одсон уртын урт зам. Нутгаасаа цовоо цолгиун гарсан тэмээний унжиж хоцорсон хоёр бөх, яс арьс болтлоо турсан хээр морь, итгэл өвөрлөж явсан ахын минь урвагар баргар царай энэ бүхэн үүрд ээжгүй болжээ гэсэн өнчин зүрхний мэдрэмж тухайн агшинд дахин зурагдаж Нацагдоржийнхоо “Миний ээж” шүлгэнд би уйлж байгаад аялгуу хийсэн. Зангад маань сэтгэл зүрхээ оргилуулан байж дуулсан. Гончигсумлаа багш дууг минь сонсчихоод “Радиогийн фондод шууд бичүүл. Ийм дуу бичүүлэхгүй, өөр ямар дуу бичүүлэхэв” гэж өндөр үнэлдэг юм байна. Лувсаншарав багш “Пушкиний шүлгэнд олон хөгжмийн зохиолч ая хийсэн юм шүү” гэж хүлээн зөвшөөрсөн. “Алтан дэлхийд нар ганц, амьд явахад эх ганц” гэсэн шад мөрийг дууныхаа өмнө бичээд, мянган сайхан үг байсан ч дахиж би ээжийн тухай дуу хийхгүй гэдгээ тангарагласан. Энэ бол ижийдээ босгосон миний мөнхийн суварга” хэмээн хөгжмийн зохиолч маань нулимстай өгүүлдэг.
“Хар ус нуурын шагшуурга
Намрын салхинд исгэрнэ
Харахад нэг л уйтгартай
Намс намс бөхөлзөнө
Нүдэнд торох бараагүй
Нуурын ус цэнхэртэнэ
Нүцгэн уулс чимээгүй
Өнгөн дээр нь сүүдэртэнэ…” гэж их Явуугийн сонгодог шүлгэнд аялгуу хийсэн нь Жамбалын Шарааг мэргэжлийн хувьд улам өндөрт өргөсөн. Олны дунд Ооба гэж алдаршсан яруу найрагч Намжимын Очирбат “Явуугийн энэ шүлгэнд чи аялгуу хийгээч, сайхан дуу болно доо” гэж гар бичмэлийг нь авчирч өгчээ. “Ая биччихээд Явуухулан гуай руу утасдаж сонсохыг хүслээ. Том зүрхтэй ч байж дээ. Харин тэр мундаг хүн өөрөө хүрээд ирсэн. Хуучны аваргууд чинь яасан даруухан улс байсан юм бэ. Төгөлдөр хуур дээрээ тоглож өөрөө дуулж үзүүллээ. Сайхан дуу болжээ гэж байна. Тэгэхээр нь зориг ороод “Та намайг уучлаарай, шагшуурга гэдэг чинь угтаа юу гэсэн үг вэ” гэсэн Явуухулан гуай инээгээд “Чи баруун аймгийн хүн биш учраас мэдэхгүй байж мэднэ. Чамд яавал амархан ойлгуулах вэ” гэж хэсэг бодсоноо, “Шараа чи Туулын шугуйд очиж үзсэн үү” гэв. “Үзсэн үзсэн” гэсэнд, за тэгвэл Туулын бургас шуугихыг хэлж байгаа юм, Хар ус нуурын зэгс намартаа салхины аясаар шуугихыг шагшуурга гэж байгаа юм хэмээн ойртуулан хэлж өглөө. Би салхины аясаар ганхах бургасны ширхэгийг бодоод дууны нэг хэмт загварыг эвдсэнээрээ нэгэн ёсны нээлт хийсэн юм” гэж өчив. Энэхүү нээлт гэдэг нь үнэн юм. Учир нь “Хар ус нуурын шагшуурга” дуу гарсан даруйдаа Монголын залуучууд оюутны 2 дугаар их наадмын тэргүүн шагнал хүртсэн.
Энэ тухай төрийн шагналт, ардын жүжигчин Сэмбийн Гончигсумлаа гуай “Жаран нэгэн онд Монголын залуучууд оюутны II их наадамд зориулсан уран бүтээлийн уралдааныг дүгнэж байсан цаг. Залуу хөгжмийн зохиолч Шараагийн “Хар ус нуурын шагшуурга”-ыг Зангад дуулаад орхисон чинь хэмжээ хэмнэл нь солигдоод нэг л сонин болоод явчихлаа. Зохиогч нь тэгж бичив үү, дуучин нь тэгээд дуулчихав уу гэдгийг мэдэхийн тулд нотыг нь бичүүлж шалгалаа. Тийм ээ, хэмнэл солигдсон боловч үгийн утгыг яв цав илэрхийлээд зогсоогүй, манайд тогтсон нэг хэмт загварыг эвдэж шинэчлэл хийсэн байв. Энэ нь уул бүтээл их наадмын уралдаанд түрүүлэх гол үзүүлэлт болсон” хэмээн тодорхойлж хэлсэн байдаг. “Хар ус нуурын шагшуурга” Монголын уянгын дууны нэг хэмт загварыг эвдсэн гэдэг нь ийм учиртай. Агуу их Гончигсумлаа тэргүүт аваргуудын шүүн тунгаасан үзүүлэлт тухайн үедээ шуугиан болж байсан нь илэрхий. Ийнхүү Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Жамбалын Шараа хорин хэдхэн насандаа Монголын дууны урлагт шинэчлэл хийж гавьяа байгуулжээ.
Тэрээр Их Нацагдорж, Явуухулан нарын тансаг уянгыг хөгжимд анх нэвтрүүлснээрээ ямархан зиндааны уран бүтээлч гэдгээ бататгадаг. Жаран дөрвөн онд болсон Монголын хөгжмийн зохиолчдын анхдугаар их хурлын хүлээн авалтын үеэр Явуу хундагатай архи барьчихсан үүд хавиар зогсож буй Зангад, Шараа хоёрыг чиглэн ирээд “Хар ус нуурын шагшуурга не повторимое приозведение. Спасибо вам больше. За это выпим” гэж хэлжээ. Их Явуугийн оросоор сэтгэл догдлон “Энэ бол хэзээ ч давтагдахгүй бүтээл” гэсэн нь нэгийг өгүүлнэм буюу. Явуухулан гуайн тэр том үнэлгээнд урамшсаных биз “Сартай шөнийн дуу”, Агийн цэнхэр утаа шиг гэдэг “Эх орны тухай дуу”-нд нь аялгуу хийсэн. Мөн миний өсч төрсөн нутаг Ганга нуурын тухай тэр сайхан шүлгэнд аялгуу хийж билээ. Урам хайрлахад бүтээл аяндаа ундардаг юм шүү гэж эдүгээ 83 насны сүүдэр зэрэгцэж яваа буурал хөгжмийн зохиолч сэтгэл догдлон хэлж байна.
Шараа гуай цаг ямагт гэгээн зөөлнөөр инээмсэглэж явдаг, бусдыг хүндэтгэхийн өндөр соёлыг хадгалсан нэгэн. “Эмээлтэй морины эзэн” Лу.Цэнд-Очир эрхэм уран зохиолчоор хөтлүүлэн урлагийн замд хөл тавьж, төрийн шагналт ардын жүжигчин нэрт морин хуурч Гомбодоржийн Жамъян, гавьяат жүжигчин алдарт хийлч Цэрэндолгор, нэрт удирдаач төрийн шагналт, ардын жүжигчин Жамъянгийн Чулуун нараар шалгуулан одоогоос бараг 70 жилийн өмнө буюу 1952 онд хөгжмийн сургуулийн босго алхсан эл эрхэм “Миний эх орон” дуу бүтээж, түүнийгээ “алдан гургалдай” Аюушийн Загдсүрэнгээр дуулуулж явсан гээд бахдам сайхан хувь заяаны эзэн. Их урлагийн алтан үеийнхний хормой дээр гишгэн нэрээ цуурайтуулсан ч угийн даруу төлөв зан чанараа сахиж чимээгүйхэн амьдарч ирсэн. Түүний “Эх орны уянга” дан хөгжмийн бүтээл нь ардын хувьсгалын 50 жил(1971)-ийн уран бүтээлийн уралдаанд тэргүүлж “Шараа дан чавхдаст найрал хөгжмийн зохиолоороо манайд үгүй байсан шинэ төрөл буй болгон уянгалаг аясаар хүний сэтгэлийн ертөнц, эх орны зургийг туурвилаа. Тэрээр хоолойн зүйн ухаанд зохиолоо тулгуурласан нь амжилт олжээ” гэж судлаачид бичиж байв. Уянгын дуунуудаас гадна “Гэгэлгэн аяз”, “Шанзанд зориулсан 12 дасгал”, симфони чуулбар, хийлийн концерт тэргүүт 60 гаруй хөгжмийн бүтээл, мөн гавьяат И.Нямгаваагийн “Бардам туулай” жүжиг болон бүжгийн арваад хөгжим бичиж их урлагийн урын санг баяжуулжээ. Том хүү Одонтөр нь идэр залуудаа Вергилийн алдарт “Энейн дуулал”-ыг орчуулж шуугиан тарьсан бол бага хүү Баттөр нь 23-хан настайдаа орчин үеийн утга зохиолоор докторын зэрэг хамгаалж биднийг түүчээлж явааг шигтгээ болгоё.
Шараа гуайтай алтан үеийн бурхдын тухай хуучилж суух шиг сайхан юм үгүй. Нүд нь гялалзаж ирээд инээд цалгиан ярина. “Намайг хойно сурч байхад дуучдаас Пүрэвдорж, Дариймаа, Лувсандамдин гуай, Цэвэлсүрэн, Нямсүрэн энэ хэд сурч байлаа” гэх юм уу, эс бөгөөс одоогийн дуурийн театрын дэргэд ардын жүжигчин Гонгорын Хайдавын байгуулсан сургуульд багшилж зууны манлай Уртнасан тэргүүт одуудад хичээл зааж явлаа гэх нь тун бахтай сонсогддог. Хөгжмийн ангид хамт суралцсан Бэгзийгээ насан туршдаа бодож, авьяас билэгт найзынх нь амьдрал гунигтай төгссөнд сэтгэл шархирч, хийлээрээ хөгжимдөн “Маамуу нааш ир”-ийг бичүүлснийг нь радиогоор сонсон уйлж тайтгардгийг мэдэх юм. Андын журмыг тэгж насан туршид барьж явна гэдэг хэцүү. Жамбалын Шараа ийм л ховор, гэгээн сайхан хүмүүн билээ.