Уржигдраас эхлэн Парис хотод шинэ хурдны хязгаарлалт мөрдөгдөж эхэллээ. Энэ шийдвэр нь орчны бохирдлыг бууруулж, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангана гэж Парис хотын захиргаанаас мэдээлсэн байна.
Тус хотын захиргаанаас энэхүү шийдвэрийг гаргахын өмнө 8 дугаар сарын 20-24-нд хотын оршин суугчдын дунд цахим санал асуулга явуулжээ. Энэ санал асуулгад 18-аас дээш насны 1008 хүн хамрагдсанаас хурдны хязгаарлалтыг 30 км цаг болгохыг 61 хувь нь дэмжсэн бол 39 хувь дэмжихгүй гэсэн санал өгсөн байна. Сошиал медиа хэрэглэгчид цахим орчинд сэтгэгдлээ үлдээж, Парис хотод цагийн 30 км цагийн хурдны хязгаар тогтоох нь эсрэгээрээ агаарын бохирдлыг улам бүр нэмэгдүүлнэ гэдгийг онцолжээ.
Тухайлбал, “30 км цагийн хурдтай явж байгаа тээврийн хэрэгсэл цагт 50, 60 км хурдтай явдаг машинаас хоёр дахин их агаар бохирдуулдаг болохыг та мэдэх үү? Энэ бол шинжлэх ухаанаар батлагдсан” гэж “Виано 93” нэртэй хэрэглэгч өөрийн твиттертээ жиргэсэн байна.
Хурдны дээд хязгаарыг 30 км цаг гэж тогтоосон анхны хот Парис биш. Өмнө нь тус улсын Засгийн газар Лилль, Гренобль, Монпелье зэрэг хотод хурдны хязгаарлалт тогтоож, хэд хэдэн гудамжинд автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж, дугуйн эгнээний тоог олноор нэмэгдүүлэх арга хэмжээ авч байсан юм. Харин шинэ хурдны хязгаарлалтад алдарт Елисейн талбай, нийслэлийг тойрсон тойруу зам зэрэг цөөн тооны өргөн зам багтаагүй байна.