Categories
мэдээ нийгэм

​Хүмүүжлийн эерэг аргыг түгээн дэлгэрүүлэх нь хүний хөгжилд оруулж буй хөрөнгө оруулалт юм

Э.Цолмон/Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрүүдийн менежер/

Хүмүүжлийн эерэг аргыг түгээн дэлгэрүүлэх нь хөгжлийн хөрөнгө оруулалтын нэг хэсэг юм. Учир нь нийгэмд хүчирхийлэл, гэмт хэргийн тоо буурснаар,суурь шалтгааныг нь арилгаснаар тэдгээрийн эсрэг тэмцэл, хариу арга хэмжээнд зарцуулдаг хөрөнгө нөөцийг эрүүл мэнд, хөгжил, боловсрол гэхчлэнгийн нийгмийн бусад суурь үйлчилгээнд зориулах бололцоо нэмэгддэг. Амьдрал дээр эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийг зодох, шийтгэх байдал байсаар байгаа нь, шийтгэл, сүрдүүлгийг хэрэглэх нь зөв гэж үзсээр байгаа нь хүүхдийг зодож шийтгэхийн хор уршиг, сөрөг нөлөөллийг эцэг эхчүүд маань тэр бүр мэдэхгүйгээс шалтгаалж байна гэж үзэж Хүүхдийг Ивээх Сан 2007 оноос эхлэн Хүмүүжлийн эерэг аргыг тус улсад танилцуулж байгаа билээ. Монгол Улсын хөгжлийн болон хүмүүнлэгийн томоохон түнш байгууллага болох Япон Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг ЖАЙКА-гийн санхүүжилтээр Хүүхдийг Ивээх Сан нь ХНХЯ, ГБХЗХГ, ГХУСАЗЗ-тэй хамтран “Монгол Улсад Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж, анхан шатны нэгжээс нь эхлэн системтэй чадавхжуулж, эцэг эхчүүдэд арга зүй нь олон улсад шинжлэх ухаанаар батлагдсан, практикт туршигдсан, хүүхдүүд, эцэг эх, тархи судлаач болон бусад эрдэмтэд, багш нар зэрэг олон талуудын санал, оролцоонд үндэслэн сайжруулсан Хүмүүжлийн эерэг аргыг түгээн дэлгэрүүлэн ажиллаж байна. Төслийн хүрээнд, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, сургалтын нарийн технологитой, зан үйлийг эерэгээр өөрчлөх үр дүнтэй аргачлал дээр үндэслэсэн “Хүмүүжлийн эерэг арга” сургалтыг эцэг эхийн боловсролд зориулан 65 чиглүүлэгч багшийг бэлтгэж 600 гаруй эцэг эхчүүдэд явуулаад байна. Канад Улсын Манитобагийн Их Сургууль, PDEL байгууллагын хөтөлбөрөөр Хүүхдийг Ивээх Сан хамтран дэл­гэрүүлж байгаа хүмүүжлийн эерэг аргын арга зүй дээр тулгуурлан Засгийн газрын хэрэг­жүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Хүмүүжлийн эерэг арга” хөтөлбөрийн сургагч багш нартай хамтран үндэс­ний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхээр ажиллаж байна. Хүмүүжлийн эерэг аргын хүрээнд, өдөр бүр хүүхэдтэйгээ элэгсэг дотно хандаж насанд тохи­руулж харилцах, хүүхэдтэй тантай адил эрхтэй, ижил үнэ цэнэтэй хүн гэдэг талаас нь харилцах хэрэгтэй ба хүн бүр ижил тэгш гэсэн итгэл үнэмшлийг бий болгох, үүнийг тасралтгүй түгээс­нээр одоо болон ирээдүйд бид хүчирхийллийг таслан зогсоох боломжтой гэж үздэг. Хүүхдэд амьдралын аливаа үзэгдэл, зүйлийн учир шалт­гааныг тайлбарлан таниулахыг хэвшил болгосон бол та хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэж байна гэсэн үг. Хүүхдээ хэрхэн бодож сэтгэдэг, юу мэдэрдгийг ойлгох хэрэгтэй. Хүүхдийнхээ асуудал шийдвэрлэх ур чадварыг хөгжүүлэхэд анхаардаг бол та хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэж байна гэсэн үг. Асуудлыг шийдвэрлэх ур чадвартай болж төлөвших нь хүүхдэд бий болох ёстой гол ур чадвар бөгөөд амьдралын баталгаа юм. Хүүхдийн Эрхийн Тухай Конвенцод хүүхдийн хөгжлийг цогц, нийцтэй байлгахын тулд тэд аз жаргал, хайр, ойлголцол бүхий гэр бүлийн орчинд өсөх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Хүүхдийг хүмүүжүүлэх эерэг зан үйл, дадал нь тэдэнд ямар ч нөхцөл байдалд сэтгэлийн хөдлөл, үйлдлээ зөв удирдаж, зөрчлийг даван туулах чадвар олгохоос гадна өөрийгөө хүндэтгэх үзэл, бие болон сэтгэл зүйн нэгдмэл байдал, эрхэм чанараа дээдэлсэн бие хүн болж төлөвшихөд дэмжлэг болдог. Зодож шийт­гэвэл хүүхдийн оюун ухааны хөгжлийн түвшин суларч суралцах чадвар буурдаг. Амжилттай суралцаж тогтооход сэтгэл хөдлөл шийдвэрлэх үүрэгтэй байдаг гэж судлаачид бичжээ. Учир нь ямар сэтгэл хөдлөлийг сурах зүйлийн агуулгатай холбосон байна вэ, түүнээс шалтгаалан мэдрэлийн өөр өөр системүүд хөдөлгөөнд ордог байна. Сахилга батыг шийтгэлтэй хольж хутган ойлгож байгаа эцэг эх, багш олон байдаг. Сахилга бат нь өөрийн зан үйлээ ойлгох, хянах, үйлдлийнхээ хариуцлагыг ухамсарлах, өөрсдийгөө болон бусдыг хүндэт­гэдэг болгох буюу суралцагчдын зан үйлийг хянах бус хөгжүүлэх зорилготойг мартаж болохгүй юм. Мэдрэмж ба мөн чанарын ялгааг хэрхэн танихыг ойлгуулах маш чухал байдаг. Сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдвэр гаргах биш, сэтгэлийнхээ мэдрэмжийг илэрхийлж тайвширч чаддаг хүн болоход нь туслах хэрэгтэй. Харин мэдрэмжээ илэрхийлэхдээ бусдыг шархлуулж болохгүйг зааж өгөх гэхчлэн ирээдүйд хүч хэрэглэхгүйгээр асуудлыг шийдвэрлэдэг хүн болох эхний гарааг тавьж өгдөг. Хүмүүжлийн эерэг арга гэдэг нь хүүхдийн эрхийг хүндэтгэсэнээр тэдний эрүүл хөгжлийг нь дэмжих, хүчирхийллээс хамгаалах, аливаад суралцах үйл явцад нь хувь нэмэр оруулах байдлаар хүүхдийг сургах, зан үйлийг нь чиглүүлэх арга юм. Хүмүүжлийн эерэг арга нь хүүхдийн эрүүл хөгжил, хүмүүжлийн үр дүнтэй аргын талаарх судалгаануудад суурилдаг бөгөөд хүүхдийн эрхийн зарчмуудад үндэслэдэг. Хүмүүжлийн эерэг арга нь хүүхдийг дур зоргоор нь байлгаж, бүх зүйлийг зөвшөөрнө гэсэн үг биш бөгөөд энэ нь хүүхдийн хувийн сахилга бат, тэдний насан туршдаа хэрэглэх ур чадварыгхөгжүүлэх урт хугацааны шийдлүүдийн тухай юм. Хэрэв хүүхэд эцэг эхээсээ эсвэл асран халамжилдаг хэн нэгнээс айж эмээдэг бол аливаад урам зориггүй, шударга бус, өөртөө итгэл төгс биш болдог. Хэдийгээр хүүхэд буруу хэрэг хийсэн ч гэсэн ээж нь, аав нь түүнийг үргэлж хайрладаг гэдгээ бодитойгоор харуулдаг, тайтгаруулан хамгаалдаг, хэлж ярихыг нь сонсож, бодол санааг нь хуваалцдаг, хүүхдийнхээ байр сууринаас асуудлыгхарж үздэг, хүүхэддээ ямар нэгэн асуудал бэрх­шээл тохиолдвол тусалж дэмждэг, урам зориг хайрладаг бол энэ нь хүүхдэд өөртөө итгэх итгэлийг өгдөг. Хэрэв хүүхэд итгэж найддаг хүмүүсээсээ айдаг болчихвол шинэ зүйлийг туршиж оролдох хүсэл эрмэлзлээ алдаж, шударга зангаа гээж, өөртөө итгэх итгэл нь буурдаг. Зарим нь өширхүү, түрэмгий болдог бол зарим нь сэтгэлийн түгшүүр, хямралд өртдөг. Элэгсэг дотно сэтгэлээр харилцан сэтгэл санааны аюулгүй байд­лыг мэдрүүлж чадвал хүүхдүүд алдаа гаргасан ч аюулгүй гэдгээ мэдэрдэг. Тэд хүсэл тэмүүлэлтэй, өөртөө итгэлтэй болж эцэг эхдээ итгэдэг. Тэд бусдыг мэдэрч ойлгох, хүндэтгэхийн ач холбогдлыг бас сурдаг. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал нь эцэг эхчүүдийн холын зорилгодоо хүрэх үндэс суурь нь болдог билээ. Эцэг эхчүүд хүүхдээ ямар нэгэн буруу зүйл хийсэн байлаа ч хайртай гэдгээ мэдрүүлж, гомдох, айх үед нь тайвшруулж, тэднийг сонсож, нөхцөл байдлыг тэдний өнцгөөс харах нь чухал. Хүүхдээ хүмүүжүүлэхэд удирдан чиглүүлж аливааг ойлгуулах арга нэн чухал. Хэрвээ бид хүүхдэдээ өөрсдийнхөө ч дагаж мөрддөггүй дүрмийг биелүүлэхийг шаардах, эсвэл тэднээс ямар нэгэн алдаа олж шийтгэхийг л бодоод байвал тэд эргэлзэж, түгшдэг. Бид тэднийг өөрийн хүссэнээр байлгахыг албадвал хүүхдүүд эсэр­гүүцдэг. Алдаа гаргах бүрд нь шийтгэж зэмлээд байх юм бол хүүхдүүд шинэ зүйл оролдож туршихаас эмээх болно. Харин бид хүүхдээсээ хүсэж буй зүйлээ тэдэнд биечлэн харуулж эерэг үлгэр дуурайлал үзүүлбэл хүүхдүүд илүү сайн суралцаж зөв төлөвшдөг. Удирдан чиглүүлж аливааг ойлгуулахдаа эцэг эхчүүд хүүхдүүддээ зөв үлгэр дуурайлал үзүүлж амьдралд таарах шинэ зүйлийнучиршалтгааныгтайлбарлантаниулахдаа тэд­­нийг оролцуулан санаа бодлыг нь сонсож, алдаа­наасаа суралцах арга замыг олоход нь тус­лаарай. Шударга, уян хатан байж, уур бухимдлаа хянан, тэднийг айлгаж сүрдүүлэхээс болгоомжлон хүүхэдтэйгээ байнга ярилцах замаар тэдний үг, үйлдэл бусад хүмүүст хэрхэн нөлөөлдгийг тайл­барлан ойлгуулаарай. Мэдрэмжээ хэрхэн илэр­хийлэх, зөрчилдөөнийг хүчирхийлэлгүйгээр хэрхэн шийдвэрлэхийг хүүхдэдээ үлгэрлэх нь эцэг эхийн үүрэг юм. Хүүхдийн асуултад хүндэтгэлтэйгээр хариулснаар бид хүүхдэдээ өөртөө хүндэтгэлтэй хандахыг сургадаг. Хүүхдийн шинэ зүйлийг танин мэдэх эрэл хайгуулыг дэмжвэл тэдний сурах урам зориг нэмэгдэнэ. Асуудлаа шийдэх боломжийг өгснөөр хүүхдийг өөрөө асуудлаа шийдэх чад­вартайг нь харуулдаг. Хүүхдүүд өөрсдийгөө чадвартай гэдэгт итгэх юм бол ирээдүйд тулгарч болзошгүй бэрхшээлийг даван туулахад илүү сайн бэлтгэлтэй болдог. Маргаан зөрчил, уур уцаар, стрессийг түрэмгийлэл, хүчирхийлэлгүйгээр эцэг эх нь хэрхэн зохицуулж байгааг харж өссөн хүүхэд зөрчлийг эерэгээр шийдэхэд суралцдаг. Өөрийгөө сайнхүүхэд,бусдын төлөө санаа тавьж, халамжлах чадвартай гэж боддог хүүхэд зөв шийдвэр гаргах магадлал өндөр. Гэрийнхнийгээ сонсож,тэдэн­тэйгээ хүндэтгэлтэй харилцаж сурсан хүүхдүүд багш нар, үе тэнгийнхэнтэйгээ мөн ингэж л харилцана. Эцэг эхийнхээ дэмжлэгийг мэдэрдэг, тэд нар нь өөрийг нь хүлээн зөвшөөрдөг гэдэгт итгэл­тэй хүүхдүүд эцэг эхээсээ зөвлөгөө, тусламж авахыг илүүд үздэг. Өсвөр насны эхэн үед хүүхдийнбиебялдар, сэтгэл зүйд олон өөрч­лөлтүүд гарах төдийгүй тэдний бие даах, үе тэнгийнхнээрээ хүлээн зөвшөөрүүлэх хүсэл эрмэлзэл нэмэгддэг. Энэ насны хүүхэдтэй эцэг эхийн хамгийн чухал бөгөөд амаргүй үүрэг нь тэдний улам бүр өсөн нэмэгдэж буй бие даах гэсэн хүсэл тэмүүллийг нь хүндэтгэхийн зэрэгцээ аюулгүй байдлыг нь хангах явдал юм. Түүнчлэн хүүхдэдээ зөв, бурууг ялгах, хариуцлага хүлээх болон бие даах чадвараа хөгжүүлэхэд нь туслах хэрэгтэй. Хүүхэд бүр өөр, хүүхэд бүр ялгаатай, өөрийн гэсэн давуу болон сул талтай. Томчууд бид үүнийг ойлгож мэдэх хэрэгтэй. Хүүхэд өсч том болохын хэрээр улам ихийг сурч мэдэхийг хүсдэг. Асуултад нь хүндэтгэлтэйгээр хариулснаараа бид түүнд өөрийгөө хүндлэхийг зааж сургана. Танин мэдэхийн тулд хийж буй оролдлогуудыг нь урамшуулж дэмжсэнээрээ бид илүү ихийг сурч мэдэх хүсэл зоригийг нь өдөөж байдаг. Хүүхэд өөрийнхөө чадварт итгэдэг бол хожмын нэгэн өдөр тохиож болох хүнд нөхцөл байдлаас гарах гарцыг олж чадна. Хүүхэд насны сүүлийн энэ шатанд итгэлцэл маш чухал. Хүүхдүүд тодорхой бөгөөд үнэн зөв мэдээлэл, тодорхой хүлээлт, тодорхой удирдамж чиглэл, аюулгүй орчноор хангагдаж, эцэг эх нь тэдэнтэй хамт байгаа гэдгийг мэдрэх ёстой. Хүүхдээ бага байхад түүнийг өсөж торниход эцэг эх нь хэрхэн дэмжиж тусласан, яг түүнтэй адил аюулгүй орчныг бүр­дүүлж, мэдээллээр ханган хүүхдийнхээ өсөлт хөгжлийг дэмжих ёстой. Ингэхдээ хүүхэдтэйгээ тогтоосон харилцаагаа бэхжүүлж, чөлөөт цагаараа хийж байгаа зүйлд нь хяналт тавин, хүүхдийн бие даасан байдлыг нь дэмжих хэрэгтэй. Хүмүүжлийн эерэг аргыг амьдралдаа хэрэгжүүлж чадвалта хүүхдийнхээ хүмүүжилд сөргөөр нөлөөлөх бүх хүчин зүйлсийгтөвөггүйгээр даван туулж чадна. Аливаа асуудлаас холбайх таны гарц бол холын зорилгоо тодор­хойлох хүүхэдтэйгээ элэгсэг дотно сэтгэлээр харьцах, хүүхэд хэрхэн бодож сэтгэдэг, юу мэдэрдгийг ойлгосноор ирээдүйн иргэнийг төлөвшүүлэх боломжтой.

Хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэхэд хамгийн түрүүнд хүүхэд хамгааллын тогтолцоог бүх шатанд нь жигд бэхжүүлж, салбар дундын хамтын ажиллагааны механизмыг тодорхой болгох нь зүйтэй ч энэ үйл ажиллагааг дангаар явуулбал өрөөсгөл. Нэг талаас нийгэм эдийн засгийн орчин талаас төрийн үйлчилгээг үзүүлэх тогтолцоог сайжруулах ажил хийгдэж байхад, нөгөө талаас суурь шалтгааны тодорхой хэсгийг бүрдүүлдэг хүний зан үйлд эерэг өөрчлөлт гаргахын төлөө тасралтгүй, цөхрөлтгүй ажиллаж байж хүүхэд хамгаалалд ахиц гаргана.

Хүмүүжлийн эерэг арга нь хүчирхийллийг үл тэвчих, бусдыг өрөвдөн хайрлах, өөрийгөө болон бусдыг хүндэтгэн харьцах, хүний эрхийг дээдлэхийг хүүхдэд зааж сургахыг хэлнэ. Иймээс бид хүмүүжлийн эерэг аргыг эцэг эх, асран хамгаалагчид, багш сурган хүмүүжүүлэгчдэд түгээн дэлгэрүүлэн ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *