Италийн эргийн хамгаалалтын эргүүлүүд Лампедуза арлын ойролцоогоос жижиг завинд чихэлдэн яваа 539 дүрвэгчийг олж, аюулгүй газарт хүргэжээ.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, дээрх дүрвэгчид Газар дундын тэнгисийг гатлан, Ливи улсаас ирсэн байж магадгүй бөгөөд тэдний дунд эмэгтэйчүүд, хүүхдүүд ч байсан аж. Мөн энэ үйл явдал Италийн түүхэнд нэг өдөрт хамгийн олон дүрвэгч хүлээн авсан тохиолдол болж байна. Тиймээс Италийн прокурорууд тэднийг юунаас болж ингэж олноороо жижиг завинд чихэлдэн байж дүрвэх болсныг шалгаж эхэлжээ.
Дүрвэгчдийн биеийг хянасан эмч Алида Серрачиеригийн хэлснээр тэдний биед зодуулсан ул мөр, шарх сорви олон байсан аж. Тиймээс мөрдөгчид дээрх 539 хүн Ливид байхдаа барьцаалагдсан байж болзошгүй хэмээн таамаглажээ.
Лампедуза арал бол Европт хүрэх хамгийн гол боомтуудын нэг билээ. Тиймдээ ч дүрвэгчид ихэвчлэн тус арлын боомтыг чиглэдэг аж. Тухайлбал, тавдугаар сард л гэхэд тус арал дээр нийт 1000 гаруй дүрвэгч очсон байна.