Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Буянтогтох: Бид илүү ор дэлгэж чадахгүй, дэлгэх бодлого ч барихгүй

-ХАЛДВАРТАЙ ХҮН БҮР ЭМНЭЛЭГТ ХЭВТЭХ БОЛОМЖГҮЙ-


ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтохтой ярилцлаа.


-Ирэх долоо хоногт хичээл сургууль эхэлнэ. ЭМЯ-наас есдүгээр сарын дундуур коронавирусийн халдварын гуравдугаар давлагаа үүснэ гэж анхааруулаад байгаа. Нөхцөл байдал хэрхэхээр байна вэ?

-Гуравдугаар давлагаа хичээл сургуулийн үйл ажиллагаатай давхцах прогноз гарчихсан явж байна. Сүүлийн үед халдварын тохиолдлууд 2000 давчихлаа. Коронавирусийн нууц хугацаа нь 14 хоног хүртэл байдаг. Хоёр нууц хугацааны дараа буюу 28 хоногийн дараагаар халдвар идэвхтэй тархаж эхэлдэг онцлогтой. Өнгөрсөн зун хөдөө орон нутаг руу зорчих иргэдийн хөдөлгөөн эрчимтэй нэмэгдсэн. Халдварын тохиолдол нэмэгдэж байгаа нь үүнтэй холбоотой. Орон нутагт халдварын тохиолдлын тоо нийслэлээс их гарч байна. Зарим аймагт халдварын тархалт эрхчимтэй явагдаж байгаа бол заримд нь өнөөдрийг хүртэл тогтвортой хэвээр байна. Нэг аймагт илэрч байгаа халдварын тоо харилцан адилгүй байгаа юм. Сүүлийн үед Баян-Өлгий, Ховд, Дорнод, Дархан-Уул, Орхон аймгуудад халдварын тохиолдлын тоо өндөр явж байна. Нийслэлтэй харьцуулахад нэг нэгж дээр ирж байгаа ачаалал нь 21 аймагтаа хуваагддаг учраас орон нутагт эмнэлгийн тусламж үйлчилгээний зохицуулалт сайн хийгдэж байна. ЭМЯ-ны зүгээс ч шаардлагатай нөөц, эм тариаг хангаад явж байгаа.

-Сургуулийн насны хүүхдүүд халдварын тархалтад хэр өртөх бол?

-Өнөөдрийг хүртэл хүүхдүүд гэр бүлийнхэн аав, ээжээсээ коронавиурсийн халдварыг хамгийн их авч байсан. Гэтэл хүүхдүүд гадуур идэвхтэй үйл ажиллагаанд хамрагдаж байгаад халдвар авсан тохиолдол харьцангуй бага. Хичээл сургуулийн үйл ажиллагаа эхлэнгүүт хүүхдүүд нэг чигийн хөдөлгөөнд оролцоно. Сургууль, гэр гэсэн нэг чигийн хөдөлгөөнөөр явна. Сургууль дээр халдвар тарахаас сэргийлсэн ЭМ-ийн сайд, БШУ-ны сайд хамтарсан тушаалаар зааврууд нь гарчихсан. Жишээлбэл, нэг ширээн дээр нэг хүүхэд сууна.

Бидний үндсэн халдвараас сэргийлэх гурван аргыг байнга хэрэглэнэ. Хүүхэд анги дотроо маск зүүхгүй. Хоорондын зайг маш сайн баримтлуулна. Хүүхэд сургуульдаа ирэхэд эмнэл зүйн болон тандалтын асуумжууд бөглөнө.

Хэрвээ халдварын шинж тэмдэг илэрвэл гэр болон ЭМ-ийн байгууллага руу шууд мэдэгдэнэ. Нэг хүүхдээс бусад хүүхдүүдэд халдварлуулахгүй байх талын арга хэмжээг авч ажиллана гэсэн үг. Явц дунд нь тодорхой тооны хүүхдүүдэд тандалтын шинжилгээг эрүүл мэндийн байгууллагууд хийнэ. Эцэг эхчүүд маань өөрсдөө хариуцлагатай байвал сургалтын үйл ажиллагаа тасралтгүй явах боломжтой.

-Сурагчид болон цэцэрлэгийн хүүхдүүд тав хоног танхимаар, тав хоног цахимаар гэсэн хуваарийн дагуу хичээллэхээр тогтсон. Халдвар эрчимтэй нэмэгдвэл өөр ямар арга хэмжээ авах вэ?

-Хичээл сургалт 5:9-ийн системээр явна. Тав хоног танхимаар хичээллээд дараагийн ес хоног гэрээр цахим хичээлд хамрагдана. Энэ бас учиртай. Альфа хувилбарын шинж тэмдэг илрэх дундаж нууц хугацаа нь 5-6 хоног дотор байсан бол дельта хувилбар 4.4 хоног байна. Даваа гаригт хэн нэг хүүхэд хичээлдээ халдвартай ирлээ гэж бодоход нууц үеийн хугацаандаа бусдад халдвар тараах магадлал бага гэж үзнэ. Бямба гаригаас өдрөөс хүүхдэд шинж тэмдэг илрэхэд танхимд бусдад халдвар тараах боломжийг нууц үеийн хугацаатай нь холбогдуулж хумьж өгч байгаа юм. Хэрвээ ихэнх хэсэгт нь дельта хувилбарын халдвар тархвал 4:10 системээр хичээл үргэлжлүүлж орно. Энэ нь ямар учиртай гэхээр дельта хувилбарын нууц хугацаа 4.4 хоног учраас даваагаас пүрэв гариг хүртэл хичээллээд баасан гаригаас дараагийн даваа гариг хүртэлх 10 хоногт нь гэртээ цахимаар хичээлээ үзнэ гэсэн үг. Энэ хугацаанд хүүхдийн шинж тэмдэг бүрэн илэрч эмнэлгийн байгууллагад хандаад тусламж үйлчилгээ авах, эвсэл гэрээр эмчилгээ хийгдэнэ. Энэ аргуудаар масст буюу ангийн нийт хүүхдүүдэд халдвар тараах эрсдэлийг багасгаж өгч байгаа юм.

-Хүүхдүүдийн хувьд 12-оос дээш насныхан вакциндаа хамрагдчихсан. Хичээл эхлэхэд бага, дунд ангийнхан эрсдэлтэй байна уу. Вакцинд хамрагдаагүй учраас дельта хувилбар илүү хүнд тусах уу?

-Судалгаагаар 0-17 настай хүүхдүүдийн вакцин хийхээс өмнөх үеийн 12-15 настай хүүхдүүдийн дунд өвчлөл 30 хувьтай байсан. Өнөөдөр 12-15 насны хүүхдүүдийн ихэнх нь вакцинд хамрагдчихлаа. Энэ насны хүүхдүүд вакцинд хамрагдсаны дараа халдвар авсан байдал нь 15 хувь болж нэг дахин буурчихсан байна. 16-17 насны хүүхдүүд вакцин огт тариулаагүй үед тархалтын хувь 15 хувь байсан, одоо таван хувь болж буурсан. 16-17 настай хүүхдүүдийн хувьд вакцин хийхээс өмнөх үетэй нь харьцуулахад хоёр дахин халдварынх нь тохиолдлын тоо буурчихсан байна. Вакцинжуулалтын нөлөө үнэхээр өндөр байгаа нь эндээс харагдаж байгаа юм. Гэхдээ вакцин тариулсан хүүхдүүд цөөн тоотой халдвар авч байна. Вакцин 100 хувь халдвараас сэргийлж чадахгүй. Гэвч хүүхэд халдвар авлаа гэхэд хүндрэлээс бүрэн хамгаалж чадаж байна. 4-11 насны хүүхдүүд вакцинд хамрагдаагүй учраас халдвар авах эрсдэл бий. Гэхдээ гээд танхимын сургалтын үйл ажиллагааг бүрэн зогсоох боломжгүй. Яагаад гэхээр Азийн орнуудад долоохон орон хоёр жилийн хугацаанд танхимын сургалтын үйл ажиллагааг зогсоож цахимаар хичээллэсэн. Дэлхийд энэ жишиг 20 ч хүрэхгүй улсад байна. Танхимаар хичээллэхгүй бол хүүхдүүдийн суурь боловсролын үр дүн сөрөг гарна. Хүүхдүүд гэрт байгаад ирэхээрээ жожгирох хам шинж илэрч байна. Эрүүл мэнд нь тодорхой хэмжээнд муудаж байна. Хүн нийгмийн амьтан учраас нийгэмтэйгээ тодорхой хэмжээний харилцаатай байх ёстой. Энэ бүгд эргээд боловсролын системд нөлөөлөхөөс гадна хүүхдүүдийн суурь эрүүл мэндийн системд ч ноцтой нөлөөлөхөөр байна. Халдвар авахгүй боломж ямар ч үед байгаа. Тиймээс эцэг эхчүүд маань маш хариуцлагатай байх хэрэгтэй. Хичээл сургууль гуравдугаар давлагаатай зэрэгцэж байгаа хэдий ч ямар нэгэн сургалтын үйл ажиллагааг зогсооё гэдэг хандлага гаргамааргүй байгаа юм. Эрүүл мэндийн яамны хувьд Засгийн газраас гаргасан шийдвэрийг дэмжиж оролцож байгаа. Сургалт танхимаараа хичээллэх ёстой. Хүүхдүүдийн хувьд насанд хүрсэн хүнтэй харьцуулахад хамаагүй хөнгөн өвдөж байна. Өнөөдөр манай улсад 200 мянган хүн коронавирусийн халдвар авсан. Үүний 40 мянга гаруй нь хүүхэд байна. 40 мянган хүүхдээс ямар хүндрэл гарсан талаар судалж үзэхэд эрчимт эмчилгээнд 41 хүүхэд орсон байна. Шалтгаан нь юу байна гэхээр хөгжлийн бэрхшээлтэй, бага сартай хүүхдүүдийн хувьд жин багатай, чихрийн шижин, бөөрний дутагдалтай хүүхдүүд хүндэрч байгаа юм. Архаг суурь өвчтэй үед ковид хүндрэх тохиолдол байгаа болохоос эрүүл саруул хүүхэд өвдлөө гэхэд хүнд хэлбэрээр өвдөхгүй байна.

-Дельта хувилбар голомтлон тархвал эмнэлгийн ор хүртээмж хэр байх вэ?

-Гуравдугаар давлагааны хувьд өмнөх хоёр давлагааг бодоход тодорхой хэмжээний зэвсэг бидэнд байна. Вакцины хоёдугаар тунд хамрагдсан иргэд нийт хүн амын 64 хувь руу дөхөж байна. Халдвар тархах хэдий ч вакцинтай хүмүүс хөнгөн өвдөж байгаа. Хөнгөн өвдсөн тохиолдолд эмнэлэгт хэвтэх магадлалыг бууруулж өгч байгаа юм. Дельта хувилбар нь альфа хувилбараас 2.2 дахин их эмнэлэгт хэвтүүлэх магадлал байна гэх дэлхийн судалгаа байна. Гэхдээ бидэнд вакцинтай иргэд нь их байна. Хөнгөн хэлбэрээр өвдөөд гэрээр эмчлэгдэх боломжтой хүмүүсийн тоо манайд илүү гэсэн үг. Өнөөдрийг хүртэл хамгийн оргил үедээ манайх 14500 ор дэлгэлээ. Өнөөдрийн байдлаар (өчигдөр) 12106 хүн эмнэлэгт хэвтэж байна. Дээд лимит рүүгээ ойртсон гэсэн үг. Гэхдээ бид үүнээс илүү ор дэлгэж чадахгүй. Дэлгэх бодлого ч барихгүй. Вакцинтай хүмүүс илүү хөнгөн өвдөж байгаа учраас заавал эмнэлэгт хэвтэх шаардлагагүй. Гэрээрээ эмчлэгдэх бүрэн бололцоотой. Монгол Улс дэлхийн бусад өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад эмнэлгийн хэвтэлт нь дөрөв дахин их байна. Манайд хэвтэх сонирхол маш их байдаг. Тохиолдлын тоо нэмэгдээд ирвэл хүн бүрийг эмнэлэгт хэвтүүлэх боломж байхгүй. Эмнэлэгт зайлшгүй шаардлагатай хүмүүсээ л хэвтүүлнэ. 14500 орноос илүү дэлгэхгүйгээр энэ орнууд дээрээ бид зохицуулалт хийгээд явна. Хэвтэж байгаа хүмүүстээ шалгуур үзүүлэлтээ маш сайн тавиад гарцаагүй хэвтэх ёстой хүмүүсээ хэвтүүлнэ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын давлагааны үед дархлаагүй олон иргэн байсан. Одоо бол өөр. Дельта хувилбар орж ирсэн хэдий ч хөнгөн хэлбэрээр өвдөөд эдгэрэх бололцоо илүү. Тиймээс бид энэ түвшиндээ бодлогоо барьж тусламж үйлчилгээгээ үзүүлнэ. Өвдөхгүй байх боломж иргэн танд байгаа. Ковид эрүүл мэндийн салбарын даацаас аль хэдийнэ давчихсан. Нэгдүгээр тундаа хамрагдаад хоёрдугаар тундаа хамрагдаагүй олон иргэн байна. Вакцин тариулах эсэх нь тухайн хүний шийдвэр байж болох ч танаас болж бусад чинь хохирох ёсгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс гуравдугаар давлагаанаас урьтаж хоёрдугаар тундаа ирж хамрагдаач ээ гэж уриалмаар байна.

-Засгийн газар биобэлдмэлийн үйлдвэрийг дахин ашиглалтад оруулахаар болсон гэсэн. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Хуучин манайд биобэлдмэлийн үйлдвэр гэж байсан. Хэсэгтээ үйл ажиллагаа нь зогсоод Засгийн газрын тогтоол гарч үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэхээр болсон. Ковидын үеийн хариу арга хэмжээнд биобэлдмэлийг үйлдвэрлээд эмчилгээнд ашиглах зориулалтаар энэ үйлдвэрийг нээж байгаа юм. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн шатанд явж байна. Энэ нь хүний цуснаас эсрэг биеийг ялгаж авч савлаад хүнд тарьдаг. Хуучин дархлаа султай, эрчимт эмчилгээнд биеийн эсэргүүцэл сулаас болоод өвчин эсэргүүцэх чадамж нь суларсан хүмүүст дархлааных нь бэлэн цэргүүдийг булчинд тарьж өгдөг байсан арга. Дэлхий дахинд энэ аргыг хэрэглэдэг, ковидын үед ч хэрэглээд явж байна. Ковидоор өвдсөн хүмүүсийн цуснаас эсрэг биетийг нь ялгаж аваад үйлдвэрлэн тарьж хэрэглэж байгаа тохиолдлууд ч байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *