БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Хөшгийн хөндийн шинэ дагуул хотын ерөнхий төлөвлөлтийг өнөөдөр олон нийтэд танилцууллаа.
Хөшгийн хөндийд анх олон улсын нисэх буудал барихаар 2008 онд төлөвлөсөн байна. Улмаар Улаанбаатар хотын хэт төвлөрлийг бууруулахын тулд дагуул хот байгуулахаар төлөвлөж, эхний ээлжинд 2013 онд 12 мянган га талбайг онгоцны буудалд зориулан улсын тусгай хэрэгцээнд авчээ. Онгоцны буудал ашиглалтад орсны дараа ачаа бараа, карго болон тээвэр логистикийн бусад үйлчилгээ хөгжих тул “Богдхан” төмөр замын трасст оруулжээ. Ингээд Улаанбаатар хотоос тээвэр, логистикийн үйлчилгээнүүдийг Хөшгийн хөндий рүү шилжүүлэхээр төлөвлөж, 4500 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөсөн гэдгийг БХБ-ын сайд онцлов.
Тэрбээр, “Эхний ээлжинд онгоцны буудлын ойр Эдийн засгийн чөлөөт бүс, орон сууц, худалдааны төв байгуулах асуудлыг Хөшгийн хөндийн усны нөөц, ногоон байгууламжтай уялдуулан төлөвлөнө. Хөшгийн хөндийн ойролцоо Майдар цогцолбор, Мунзуширын хийд байгаа. Тиймээс аялал жуулчлалын бүс хөгжүүлнэ. Түүнчлэн Зуунмод хотод ноосны том үйлдвэр бий. Говь компани ч газар аваад, ноолуурынхаа үйлдвэрийг гаргаж, ажилтнуудынхаа орон сууцыг барих хүсэлтээ илэрхийлсэн тул Хөнгөн үйлдвэрлэлийн бүсийг мөн Хөшгийн хөндийг байгуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн Хөшгийн хөндийн 19 мянган га газрыг энэ оны аравдугаар сард улсын тусгай хэрэгцээнд авна. Энд ХӨСҮТ-өөс эхлээд улсын чанартай сургууль, эмнэлгийг байгуулна. ХӨСҮТ гэхэд л 18 обьект барихад 15 га газар шаардлагатай. Энэ мэтээр бид төлөвлөлтийг хийж, цаашлаад дэд бүтэц байгуулсны дараа хувийн хэвшлүүдэд дуудлага худалдаагаар газар олгоно. Үүнээс олсон мөнгөөр дараагийн дэд бүтцийг хөгжүүлэх юм. Улмаар онгоцны буудлын хойно үерийн ус зайлуулах хоолой байгуулах, дулааны болон цахилгаан станц байгуулна. Энэ газруудаа бид одоо улсын тусгай хэрэгцээнд авч, хадгалах ёстой. Энд барих цахилгаан станцын зургийг хийсэн бөгөөд үүнд зарцуулах 16.8 тэрбум тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгахаар ярилцаж байна. Онгоцны буудлын орчимд эхний ээлжинд 5000 хүн, яваандаа 15-20 мянган хүн суурьшина гэж төлөвлөсөн. Тиймээс хоногт 20 мянган шоо метр бохир хүлээж авах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж байгуулахаар төлөвлөж байгаа. Үүнд л гэхэд 10 га газар шаардлагатай. Энэ бүхэнд хамгийн багадаа 1-2 жил шаардлагатай” гэлээ.
Мөн Хөшгийн хөндийгийн автозамын сүлжээг сайжруулж, “Чингис хаан” нисэх буудлаас Төв аймгийн төв рүү, Сэргэлэн сум руу зам тавих бөгөөд ирэх жилийн улсын төсөвт замын зураг хийх төсвийг суулгах аж.