Categories
мэдээ нийгэм

Үзэсгэлэн худалдааг энэ сарын 31 хүртэл үргэлжлүүлэх хүсэлт гаргажээ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Хичээлийн шинэ жил 2021-2022” үзэсгэлэн худалдаа нийслэлийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй Энхтайваны өргөн чөлөөнд зохион байгуулагдаж байна. Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг байсан өргөтгөсөн худалдаа “Ковид-19” цар тахлын улмаас хоёр жил завсарласан. Харин энэ жилийн хувьд үзэсгэлэн худалдаа гарч байгаатай холбоотойгоор Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл буюу Энхтайваны өргөн чөлөөг “Автомашингүй гудамж” болгосон юм.

Үзэсгэлэн худалдаанд 130 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцож, хүүхдийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэглэл болон бусад бараа бүтээгдэхүүнийг худалдаалж байна. Сүхбаатарын талбайд гарч байгаа үзэсгэлэн худалдаанд Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн 78 аж ахуйн нэгж оролцож байгаа юм. Тэд үзэсгэлэн худалдааг наймдугаар сарын 30, 31 хүртэл үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа холбогдох албаны хүмүүст илэрхийлж байлаа. Мөн Баянзүрх дүүргийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй хоёр байршилд зорилтот бүлгийн иргэдэд зориулсан үнэгүй үсчин ажиллаж байгаа юм.

Улаанбаатар хотын Ерөнхий м­­енежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Хичээлийн шинэ жил 2021-2022” үзэсгэлэн худалдаанд иргэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж оролцож байна. УОК, НОК-оос гаргасан түр журмын хүрээнд нийслэл, дүүргийн онцгой байдлын газар, хэлтсийн алба хаагчид иргэдэд халдвар хамгааллын дэглэмийг баримтлахыг анхааруулан ажиллаж байгаа” гэлээ.

Энэ үеэр иргэд хүссэн бараа, бүтээгдэхүүнээ нэг дороос авах боломж бүрдүүлсэнд талархал илэрхийлж байлаа. Мөн автомашингүй гудамж нь иргэдэд идэвхтэй хөдөлгөөн хийхэд чухал ач холбогдолтой байгааг хэлж байв.

Автомашингүй гудамжнаас бусад замаар наймдугаар сарын 28-ны бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш, 29-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулна. Дугаарын хязгаарлалт Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон, 32-ын тойргоос 120-ын уулзвар хүртэл үйлчлэх тул иргэд та бүхэн ажлаа төлөвлөн, замын хөдөлгөөнд оролцоорой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *