Categories
мэдээ нийгэм

​10 дугаар хорооллоос Сүлжмэл хүртэлх дулааны шугамын ажил төлөвлөсөн хугацаандаа дуусч, иргэдийг халуун усаар хангана

10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх 3.3 км хос дулааны шугамыг өргөтгөн шинэчлэх ажил үргэлжилж байна.

Европын сэргээн босголтын банкны хөрөнгө оруулалтаар хийж байгаа энэ ажлын явцыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр шалгаж, газар дээр нь ажиллалаа.

Аравдугаар хороолол хэсэгт 820 метр хос дулааны шугамыг шинэчлэх ёстой. Өнөөдрийн байдлаар 380 метр шугам сүлжээг угсарч, тохижилтын ажил хийгээд байна. Ингэснээр нийт 37 байрны 3,250 айл өрх, 17 аж ахуйн нэгж хэрэглээний халуун усаар хангагдаж байгаа юм.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Техникийн асуудал эрхэлсэн дэд захирал Б.Батбаяр “Бид есдүгээр сарын 5 гэхэд шугам хоолойн угсралтын ажлыг, есдүгээр сарын 10-ны өдөр туршилтын ажлыг дуусган, нэгдүгээр хорооллын 17 орчим орон сууцны өрхүүдийг халуун усаар хангахаар ажиллаж байна.

Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 10 дугаар хороололд байрлах шугам сүлжээнд өнгөрсөн өвөл таван удаа гэмтэл гарсан. Энэ хэсгийг бид наймдугаар сарын 25-нд засварлаж дууссан. Хил гаалиас шалтгаалан шугам хоолойн тээвэрлэлтэд хугацаа алдсан тал бий. Энэ асуудалд Хотын дарга, Эрчим хүчний яамны удирдлагууд анхаарал хандуулсны хүчинд бараа материалуудаа авсан. Одоо бүх шугам сүлжээ ирээд байна. Ингэснээр төлөвлөсөн хугацаандаа иргэдийг халуун усаар хангах боломжтой боллоо” гэсэн юм.

Шугам сүлжээний дулаалга, сувгийн битүүмжлэл, мөн нөхөн сэргээлтийн ажлыг аравдугаар сарын 15 гэхэд дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

10 дугаар хорооллоос Сүлжмэл хүртэлх дулааны шугамын засварын ажлыг ирэх сарын 15-ны дотор дуусгана

2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд сайжруулсан түлшний түүхий эд, барьцалдуулагчийн нөөцийн талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө мэдээлэл өглөө.

Одоогийн байдлаар “Таван толгой түлш” ХХК-ийн Баруун бүсийн үйлдвэр дангаараа ажиллаж байгаа бөгөөд 17.660 тонн сайжруулсан түлшний нөөцтэй байгаа юм.

Харин сайжруулсан түлшний түүхий эд болох мидлингийн 209 мянган тонн нөөц байна. Энэ нь 196.656 тонн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хүрэлцэхүйц нөөц юм. Мөн тус үйлдвэр барьцалдуулагч түүхий эдийн 60 тонн буюу 14 хоногийн нөөцтэй байна. БНХАУ-ын Эрээн хотын хил дээр эхний ээлжийн түүхий эдүүд ирсэн бөгөөд яаралтай татан авах чиглэлээр ажиллаж байгаа юм. “Таван толгой түлш” ХХК өдөрт 1500 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэхээр тооцож, есдүгээр сарын 15 гэхэд 53 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Хотын дарга шаардлагатай түүхий эдийг холбогдох албаныхантай хамтран татаж авах, заасан хугацаандаа багтаан нүүрсний нөөцөө бэлтгэх хэрэгтэйг сануулав.

Мөн 10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх дулааны шугамын шинэчлэлийн ажлын явц ямар байгаа талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөс асуулаа. Тэрбээр “Дулааны шугам шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Хил дээр саатсан шугам хоолойг үе шаттайгаар татан авч байгаа бөгөөд үлдсэн хоолойг шуурхай татан авахаар холбогдох албаныхантай хамтран ажиллаж байгаа. Түүнчлэн шугам засварын ажил есдүгээр сарын 15-ны дотор дуусаж, иргэдийг халуун усаар хангах боломж бүрдэнэ” хэмээсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *