Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Зочид буудалд солонгос эзэндээ зодуулсан монгол эмэгтэй тусламж авч чадаагүй өнөөдрийг хүргэж байна

БНСУ-ын Инчеоны Бүпён дүүрэгт буудалд ажиллаж байсан эмэгтэйг захирал нь хүчирхийлэхийг завдсан хэргийн талаар БНСУ дахь “Монгол нийгэмлэг” ТББ-ын тэргүүн Н.Аззаяатай ярилцлаа.


-Сайн байна уу. Юуны өмнө өөрийгөө танилцуулаач?

-Намайг Н.Аззаяа гэдэг. БНСУ дахь “Монгол нийгэмлэг” ТББ-ыг 2010 онд үүсгэн байгуулаад өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Манай нийгэмлэг БНСУ-д ажиллаж, хөдөлмөрлөж, амьдарч байхдаа эрх нь зөрчигдсөн монгол хүнийхээ эрхийг хамгаалахын төлөө ажилладаг ТББ байгаа юм.

-Та өөрийн цахим хуудсандаа БНСУ-д ажилладаг монгол эмэгтэй захиралдаа хүчирхийлүүлсэн хэргийн талаарх мэдээллийг байршуулсан байсан. Энэхүү хэргийн талаар мэдээлэл өгөөч?

-Манай байгууллагад хандсан хохирогчийн хэлж байгаагаар ажлын цаг дууссаны дараа байгууллагынх нь захирал нь утсаар “Хурдан ирж дуусгаагүй ажлаа гүйцээ” хэмээн загнасан байгаа юм. Ажлын цаг дууссан учраас маргааш очиж дуусгах хүсэлтээ илэрхийлэхэд “Яг одоо ир” хэмээн захирал нь дарамталжээ. Хүний нутагт хууль бусаар ажиллаж байгаа хүн тэр бүр захирлынхаа үгнээс зөрөх сонирхол байхгүй. Тиймээс наймдугаар сарын 19-ний 21 цаг өнгөрүүлээд ажилладаг буудлынхаа өрөөнд ортол, захирал нь араас нь орж ирээд хаалгыг нь цоожлоод, өмдийг нь хүчээр шувталж, хохирогчийг хүчирхийлэхийг завдсан байна. Хохирогч чадлынхаа хэрээр эсэргүүцэл үзүүлж хаалгаар гарахыг оролдоход “Үгэнд орсонгүй, үхмээр байна уу чи” хэмээн сандлаар нүдэж 30-40 минутын турш зоджээ. Дараа нь өрөөнийхөө хаалгыг онгойлгоод хохирогч эмэгтэйн үснээс зулгааж, ресепшний үүд хүртэл чирсэн байгаа юм. Анх өрөөнөөс гаргахдаа буудлын хонгилын өрөө рүү оруулахыг завдсан бөгөөд хохирогч амь тэмцсэний үр дүнд чиглэлээ өөрчилсөн гэсэн. Миний хэлж байгаа болгон хохирогчийн өргөдлөөр баталгаажна. Хохирогч эмэгтэй том биетэй тулдаа эсэргүүцсээр хонгилын өрөө рүү ороогүй гэсэн байна лээ. Тухайн буудлын давхар бүрт хяналтын камертай учраас захирал нь камераа унтраахын тулд хохирогчийн үснээс зуурснаа тавьсан юм билээ. Энэ үед хохирогч хамаг хурдаараа зугтааж тухайн буудалтай хамгийн ойр байрлах “CS-25” дэлгүүрт орж, цагдаад дуудлага өгөхийг хүссэн юм билээ.

-Тухайн захирал дэлгүүрт орж ирж, хохирогч эмэгтэйг хүчээр авч гарахыг завдсан гэсэн үү?

-Яг үнэн. Түүний гараас зулгаагаад авч гарахыг оролдоход тухайн дэлгүүрээр үйлчлүүлж байсан иргэд бичлэг хийж түүний үйлдлийг баримтжуулахаас гадна, цагдаагийн байгууллага руу мэдэгдсэн байна лээ. Ингээд цагдаа ирж хэлтэс рүүгээ авч явсан. Харамсалтай нь БНСУ-ын цагдаагийн алба хаагчид Монгол Улсын иргэнтэй “Хууль бусаар амьдарч байгаа хүн” гэсэн байдлаар хандаж, хүйтэн цэвдэг сэтгэл гаргахаас гадна, доромжилж, инээж харьцсан байгаа юм. Хохирогч эмэгтэй эмнэлгийн тусламж авах хэрэгтэй байгаагаа орчуулагчаар дамжуулж хэлсэн ч “Хууль бусаар амьдарч байсан учраас чи шууд Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газар руу явна” гээд эрүүлжүүлэх шиг хорих өрөөндөө шууд хорьсон. Тухайн өрөөнд сандал, ор юу ч байхгүй. Тухайн шөнө нь байцаалтаа өгөөд өглөө нь Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газрын хорих анги руу шилжүүлсэн.

-Танай ТББ-д уг хэргийн талаар хэзээ хандсан бэ. Манай улсын Элчин сайдын яам энэ хэрэг дээр анхаарал хандуулж байгаа юу?

Хорих ангид очсоны дараа хохирогч эмэгтэй анхан шатны тусламж авахын тулд ар гэр, БНСУ-д байгаа найз нөхдөөрөө дамжуулан манай ТББ болон БНСУ-д суугаа Монгол Улсын консулын газар хандсан. Монгол Улсын консулын газар уг хэргийг бүртгэж авсан. Гэхдээ Монгол Улсын иргэнийхээ хууль ёсны эрх агшгийг хамгаалж бие төлөөлөгч явуулах ч юмуу, эсвэл бүрэн эрхийнхээ дагуу БНСУ-ын Хууль зүйн яам, цагдаагийн байгууллага руу албан бичиг явуулж хохирогчид Олон улсын гэрээ конвенцийн дагуу анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлэх хүсэлт ч тавиагүй. БНСУ-д манай байгууллагатай ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг, хүний эрхийн чиглэлээр ажилладаг ТББ-тай холбож өгсөн. Тухайн ТББ уг хэргийг бүртгэж аваад хуулийн дагуу ажиллаж байгаа ч гэлээ бүх талаараа ТББ-ын хүч мөхөсдөнө. Тийм учраас өнөөдрийг хүртэл зургаан хоногийн турш хохирогч эмэгтэй эмнэлгийн тусламж авч чадахгүй хоригдсоор байна. Бид хүний эрхийн чиглэлээр ажилладаг БНСУ-ын өмгөөлөгчдөөс зөвлөгөө авсан. Энэ тохиолдолд БНСУ-ын Эрүүгийн хуулийн дагуу хууль ёсоор амьдрах эрхтэй ч бай, эрхгүй ч бай солонгос иргэдтэй ижил хамгаалалт авах бүрэн боломжтой юм байна. Ялангуяа бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон эмэгтэйчүүдийг хамгаалалтад авч шүүхийн өмнө тэгш эрхтэйгээр эрхийг нь хамгаалах ёстой байтал Инчеоны Бүпён дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид манай улсын иргэнийг хууль бусаар оршин сууж байсан гэдэг ганцхан шалтгаанаар ялгаварлан гадуурхаж шууд Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газар руу шилжүүлсэн. Хууль бус иргэдийг цагдаагийн байгууллага илрүүлсэн тохиолдолд шууд Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газар руу шилжүүлдэг. Гэхдээ хуулийн тусгай тохиолдолд буюу албан ёсоор оршин суух визгүй гадаадын иргэн ямар нэгэн гэмт хэргийн золиос, хохирогч болсон ялангуяа бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд заавал Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газар руу шилжүүлэхгүй байх эрхийг нь хуулиар баталгаажуулаад өгчихсөн. Энэ тухай Гадаад иргэдэд харьяалагдах хуулийн 92.2-т тодорхой заасан байдаг.

-Тэгвэл БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан, ямар нэгэн гэмт хэргийн хохирогч болсон иргэд цагдаад баригдсан ч шууд Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газар руу ачигдахгүй байх эрхтэй гэсэн үг үү?

-БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа гадаад иргэд хүчний байгууллагад баригдангуутаа л ачигдаад, албадан нутаг буцдаг биш, эрхээ хамгаалуулсны дараа нутаг буцах эрхийг БНСУ-ын хууль дүрмүүд баталгаажуулж өгсөн байхаас гадна олон улсын Хүний эрхийн конвенцэд ч энэ асуудлыг тунхагласан. Гэтэл энэ үйл явц манай улсын иргэнд анхан шатанд хэрэгжээгүйн улмаас шууд ачигдсан байгаа юм. Энэ хэрэг гарснаас хойш найм хонож байна. Гэтэл намайг хоёр хоногийн өмнө цахим хуудсанд пост оруулсны дараа БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ-ны н.Оюун-Эрдэнэ консул очиж уулзсан байна. Гэхдээ одоо болтол ямар нэгэн үр дүнд хүрээгүй, дорвитой арга хэмжээ аваагүй байна. Үнэндээ хохирогч эмэгтэй энэ сарын 21-нд ЭСЯ-наас тусламж гуйсан. Гэсэн хэдий ЭСЯ-наас хохирогч эмэгтэйтэй очиж уулзах нь бүү хэл, үр дүнтэй алхам хийгээгүй. Харин цахим сүлжээнд уг хэргийн талаар пост оруулангуут очиж уулзсан байгаа юм. Гэтэл Монгол Улсын иргэн БНСУ-ын хилээр нэвтэрч орж ирсэн цагаас эхлээд хилээр нэвтрүүлэхгүй байх тохиолдолд хилийн шалган нэвтрүүлэхийн байцаагч “Та манай улсын хилээр нэвтэрч чадаагүй талаараа гомдолтой байвал, ЭСЯ-руугаа хандаж болно хэмээн” утсыг нь бичээд тавьчихсан байдаг. Мөн цагдаагийн байгууллага очиход хоёр улсын гэрээ хуулийн дагуу визтэй ч бай, визгүй ч бай “Та албан ёсоор ЭСЯ-ндаа хандах уу” хэмээн албан ёсоор асууж байж байцаалтаа эхлүүлдэг. Шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад үзүүлэх, эмчлүүлэх эрхтэй.

-Тэгэхээр БНСУ-д байрлаж байгаа манай улсын ЭСЯ өөрийн улсын иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд хангалттай хэмжээнд ажиллаж чадахгүй байна гэж та үзэж байна уу?

-Үүнийг би ганцаараа ч хэлж байгаа юм биш. Монгол Улсынхаа ЭСЯ-наас үйлчилгээ авч байгаа монголчуудын 80 хувь нь ЭСЯ өөрийн улсын иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд хангалттай хэмжээнд ажиллаж чадахгүй байна гэж хэлдэг. Энэ талаараа цахим орчинд ч сэтгэгдлээ хуваалцдаг.Бодит байдал ийм байгаа. Үнэхээр БНСУ-д ажиллаж байгаа монголчууд бор зүрхээрээ зүтгэдэг. Ялангуяа хууль бусаар ажиллаж байгаа монголчууд хаалганы цаана их хэмжээний хүчирхийлэлд өртдөг. Охид, эмэгтэйчүүд аль нэг газар ажиллах бол ямар нэгэн байдлаар бэлгийн дарамтад өртсөн байдаг. Бараг л биеэ үнэгүй өгөөд хажуугаар нь ажил хийж мөнгө олохоос өөр аргагүй байдалд олон эмэгтэйчүүд бий. Манай ТББ-д гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, ажлын байрны дарамтад өртсөн иргэд ханддаг. Тэр болгоныг олон нийтэд дэлгээд байх боломжгүй. Манайхан ихэвчлэн хохирсон хүнийг сэтгэл санаагаар нь нэмж хохироодог. Тухайлбал, өөрсдөө л маяглаж, сээтэн хаясан биз, өөрөө л зүгээр байгаагүй биз гэх мэтээр хэмлэдэг. Түүнчлэн БНСУ-ын иргэдэд дарамтлуулахаас гадна визтэй монгол иргэд визгүй монгол иргэнээ дарамтлах, барьж өгнө гэж сүрдүүлэх, бэлгийн дарамтад оруулах, тэр ч бүү хэл монгол эр хүн монгол эмэгтэй хүнийг хүсээгүй байхад нь бэлгийн харилцаанд орж, хүчирхийлчихээд “Ганц удаа ямар сүртэй юм, хүүхэд төрүүлсэн авгай байж, миний хүссэнээр байхгүй бол Монголд байгаа нөхөрт чинь хэлнэ шүү, цахим орчинд зургийг чинь тавина шүү” гэх мэт дарамт үзүүлэх нь их байдаг. БНСУ-д ажиллаж байгаа монгол охид, бүсгүйчүүд маш их дарамт дор ажиллаж амьдардаг. Ямар ч хуулийн хамгаалалт байдаггүй. Эрхбиш БНСУ-ын иргэнтэй суусан монгол эмэгтэйчүүдийг тухайн улсын Засгийн газраас санхүүждэг ТББ-д хууль эрх зүйн зөвлөгөө өгч, хамгаалалтад авдаг. Тэгвэл гурван сарын аялалын визээр очсон, хууль бусаар оршин сууж байгаа монгол эмэгтэйчүүдэд туслах ТББ манайхаас өөр алга. Гэтэл манай байгууллага ямар нэгэн байдлаар БНСУ-ын болон Монгол Улсын ЗГ-аас ямар нэгэн байдлаар санхүүждэггүй учраас зөвхөн зөвлөгөө өгөх, дамжуулахаас хэтрэхүй байна. Энэ дашрамд, ГХЯ-ны дэргэд Хилийн чандад амьдарч байгаа иргэдэд туслах нөөцийн сангийнхаа үйл ажиллагаанаас иргэдийнхээ эрх ашгийг хамгаалдаг ТББ-дад тодорхой хэмжээний санхүүжилт олгодог байхыг хүсч байна. Манайхтай ижил монгол иргэдийнхээ эрхийг хамгаалахын тулд ажилладаг ТББ-д БНСУ-ын мужуудад бий. Харамсалтай БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ нь бидэнтэй хамтарч ажилладаггүй, уулздаггүй. Уг нь ЭСЯ иргэдтэйгээ хамтарч ажиллах юм бол хийж, хэрэгжүүлэх ажил олон байна.

-Хохирогч иргэн БНСУ-д хичнээн жил ажиллаж байгаа юм бол. Гэр бүлтэй болов уу?

-Хохирогч бүсгүйн хувьд 2018 онд БНСУ-д ирсэн. Ирсэн цагаасаа эхлэн тус газраа ажилласан байдаг. 1988 онд төрсөн, гэр бүлгүй эмэгтэй.

-Таны оруулсан постноос тухайн байгууллагын захирлын гаргасан үйлдэл нь анхны тохиолдол биш юм байна гэж ойлгосон. Өмнө нь ажиллаж байсан охид, эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийг завдаж байсан гэсэн үү?

-Өмнө нь хохирч байсан хохирогчид надтай шууд холбогдсон зүйл байхгүй. Харин одоогийн хохирогчийн ар гэр, найз нөхдийн хэлснээр, өмнө нь тухайн газар ажиллаж байхад захирал нь хүчиндэхийг завдаж, эсэргүүцэл үзүүлсний дараа цагдаагийн байгууллагад барьж өгч нутаг буцааж байсан гэсэн кэйсүүд бий. Өөрөөр хэлбэл, тухайн хохирогчид сэтгэл санааны бие махбодын ямар ч нөхөн төлбөр авч чадаагүй нутаг буцсан гэсэн үг.

-Эцэст нь танай ТББ-д жилдээ хичнээн иргэн ханддаг вэ. Түлхүү ямар асуудлаар хандаж байна?

-БНСУ-ын хувьд цалин хөлс, үйлдвэрийн осолтой холбоотой хууль дүрэм маш сайн хэрэгждэг. Визтэй, визгүйгээс үл хамаарч Хөдөлмөрийн хуулийнхаа дагуу гадаад иргэний эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин маш сайн бүрэлдсэн байдаг. Гагцхүү манай улсын иргэд ажиллаж, амьдарч байгаа улсынхаа хууль эрх зүйг судлаагүй, түүнчлэн энэ төрлийн тусламж, үйлчилгээ авахын тулд хаана хандахаа мэддэггүйгээсээ болоод алдаж, онох тохиолдол олон бий. Манай байгууллагад өдөрт хамгийн багадаа 3-4 хүсэлт орж ирдэг. Тэгэхээр жилд дунджаар 1000 гаруй хүсэлт ирдэг гэсэн үг. Хүсэлтүүдийг аваад үзэхээр энэ онд хамгийн их орж ирж байгаа хэрэг нь хүчингийн хэрэг байна. БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэдийн ихэнх нь гэр бүлээсээ хол байдаг. Тийм учраас гэр бүл салалт, бэлгийн замбараагүй харилцаа үүссэн байдаг. Монгол залуус монгол бүсгүйчүүдтэйгээ хүндлэлгүй харилцах тохиолдол их. Гэтэл БНСУ-д эмэгтэйчүүдийн эрхийг ихээр дээдэлдэг. Тиймээс усыг нь ууж, соёлоос нь суралцаж байгаа монгол охид, эмэгтэйчүүд ч бас тэдний нэгэн адил эрхээ хамгаалуулахын төлөө тэмцдэг болсон. Тиймээс монгол охид, эмэгтэйчүүд БНСУ-ын хуулийн дагуу эрхээ хамгаалуулахаар тус улсын хууль шүүхийн байгууллагад хандсанаар эрчүүд ял авах, хоорондоо тохиролцох, хохирлыг нь барагдуулах гэх мэт хэргүүд нэлээд гарч байна. Дараагийн ээлжинд залилах төрлийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Манай улсын иргэд богино хугацаанд их хэмжээний мөнгө олохын тулд хүүтэй мөнгө зээлүүлэх, эсвэл богино хугацаанд ашиглаад их хэмжээний хүү өгнө гэсэн үгэнд итгэж мөнгөө өгөх, Монголоос том машин механизм, бараа бүтээгдэхүүн захиалаад мөнгөө шилжүүлээд бараа бүтээгдэхүүнээ авч чадахгүй хохирсон, залилуулсан гэх мэт хэргүүд бүртгэгдэж байна. Эрүүгийн хуулиар яваад эргүүлж мөнгөө олж авсан тохиолдол байхгүй. Тухайлбал, иргэн А нь нийт 10 гаруй бизнес эрхлэгчдээс нийт 900 сая гаруй вонтой тэнцэх хэмжээний мөнгөний залилан хийчихсэн байна. Нөгөө талаас БНСУ-д цахим мөнгөний гэмт хэрэг нэлээд газар авч байна. Жишээ нь: иргэн А мөнгө аваад Б-ийн данс руу хийхдэг цагийн ажил байдаг. Энэ ажлыг хийхэд өдөрт 200-300 мянган воны цалинтай. Өөрөөр хэлбэл, хялбар аргаар өндөр цалин авч байна гэсэн үг. Тэгэхээр манай улсын оюутан залуус урт цагаар хүнд ажил хийхгүйн тулд энэ ажлыг хийж байгаад өөрсдөө гэмт хэргийн хамсаатан болж 2-3 жилийн ял авах тохиолдол байна. Зарим оюутнууд Засгийн газрын тэтгэлгээр сурч байгаа хэрнээ зөвхөн ганц өдөр ийм төрлийн ажил хийж байгаад үйлдэл дээрээ баригдаад гэмт хэргийн хамсаатан болчихож байгаа юм. БНСУ-ын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хуулинд зааснаар хэдийгээр тухайн мөнгийг тус хүүхдүүд авч хэрэглээгүй боловч, дамжуулсан гэсэн шалтгаанаар ял авч байна. Эцэст нь, Монголоос бидэнтэй холбогдож байгаа иргэд олон байна. Учир нь эхнэр, нөхөр нь сураггүй болчихлоо. Хүүхдүүддээ хоол ундны мөнгө явуулахгүй байна гэдэг шалтгаанаар хандаж буй хүмүүс ч бий.

П.БАТЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *