Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Зургаан жилийн хугацаанд Дарханы замын 90 километрийг нь л царджээ. Үлдсэнийг нь огт хөндөөгүй байна

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын эхний 130 км-ийн зорчих хөдөлгөөнийг өнгөрсөн сарын 15-нд нээсэн билээ. Уг нээлтэд хэвлэл мэдээллийнхнийг оролцуулж, ажил урагшилж байгааг танилцуулахын зэрэгцээ тус замаар зорчигчдын он удаан үргэлжилсэн уур бухимдлыг бага ч болов зөөллөхийг хичээсэн. Тэгвэл Улаанбаатар-Дархан чиглэлд зорчиход замын нөхцөл ямар байгааг км бүрээр нь тэмдэглэж, сурвалжлав.

Бидний сурвалжлагын цэг 22-ын товчооны Дархан-Уул болон баруун аймгууд руу салдаг хэсгээс км-ээ тэглэснээр эхэлсэн юм. Уг хэсгийн Дархан чиглэлийн зам хаалттай хэвээр байна. Баруун тийш салж, 22-ын товчоогоор гарч давхисаар Хүй долоо худагийн зам руу зүүн салж нийлснээр Дарханы зам руу оров. Зуны амралт, зугаалгын цаг үргэлжилж байгаа учир автомашины хөдөлгөөн ихтэй байлаа. Мөн ногоо ачсан худалдаачид нийслэлийн зүг олноор хөврөх аж. Хүй долоон худагийн зам тэгш сайхан боловч борооны усанд идэгдсэн бололтой хонхрууд байсхийгээд таарна. Нүх нь гүн. Болгоомж алдаж автомашины дугуйгаа нүхэнд “тааруулчихвал” явах эд анги эвдэх, цаашлаад осол гарах ч эрсдэлтэй. Тиймээс энэ хэсэгт зам сайхан гээд нэг их хурдлаад хэрэггүйг зөвлөе. Явсаар 61-ийн гарам хүрч, Дарханы шинэ зам руу өгсөж ороход яг 24 км туулж байв. Шинэ тавьсан зам урамтай сайхан байна. Жолооч нар ч шинэ зам дээр гарсантай зэрэгцэж, хурдаа нэмж нэгнийгээ гүйцэж түрүүлсээр бараа сураг нь тасрав. Ингээд шинэ замаар нийт 20.5 км туулж, Улаанбаатараас анх км тэглэснээс хойших 44.5 км-т сайжруулсан шороон зам руу оров. Сайжруулсан зам учир дэржигнүүртэй, шороо босох, энхэл донхол гээд тав тухтай зорчих талаасаа шаардлага хангахгүй нь ойлгомжтой. Энэ хатуу хөрстэй замаар яг 3.8 км зорчиж байна. Бид нийслэлээс гарснаас хойш 48.3 км замыг туулаад байгаа нь энэ юм.

Сайжруулсан шороон зам дуусч Дарханы хатуу хучилттай хуучин зам дээр гарч ирэв. Энэ нь ямар нэг засвар, шинэчлэл хийгдээгүй, хуучин зорчиж байсан хатуу хучилттай зам гэсэн үг. Уг хэсэг замыг өмнө нь хааж, жолооч тээврийн хэрэгсэл шороон замаар зорчиж байсан юм. Тэгвэл одоо зорчих хөдөлгөөний хурдад бага ч болов нэмэх зорилгоор хуучин замаа нээсэн бололтой. Хуучин зам эвдрэл ихтэй ч сайжруулсан шороон замтай харьцуулахад илүү тухтай юм. Гол нь хурдаа зөв тохируулж, гүйцэж түрүүлэх үйлдэл хийх зэрэгт анхаарал болгоомжтой байхгүй бол замын эвдрэлээс болж ноцтой хохирол амсах эрсдэлтэйг анхаараарай. Уг замаар 14.3 км зорчиж (хотоос гарснаас хойш 62.6 дахь км), сайжруулсан шороон зам руу нийлж байна. Өөрөөр хэлбэл, асфальтаар хучихаас бусад ажил нь гүйцэтгэгдсэн бололтой зам юм. Уг зам урт үргэлжлэхгүй. 1.2 км яваад, нийслэлээс гарснаас хойш 63.8 км дээр Дарханы хуучин зам руу дахин нийллээ. 1.9 км явснаар 65.7 дахь км дээр шороон зам руу ороод явчихав. Энэ хэсэгт авто замын ажил ид бужигнах аж. Жолооч бүр л дуртай замаараа давхилдана. Энэ нь аргагүй юм. Автомашины хөдөлгөөнд хөрс нь сийрэгжсэн тул цагаан тоос дэгдэнэ. Үүнээс болж зэрэгцэж явахад урд талын машин харагдахгүй байх, цаашлаад бүхээгт шороо тоос орох зэргээр бэрхшээлүүдтэй. Иймд нэг нэгнээсээ зугтсан байдлаар зорчино. Энэ хэсэгт салаа зам гарах, урдаас ирж байгаа тээврийн хэрэгслийг сайтар ажиглах зэргээр анхаарал болгоомжтой зорчихгүй бол осол гарах эрсдэлтэй байна шүү.

Шороон замаар “туучихад” хөрс нь зөөлөн тул сайжруулсан шороон замаас илүү хурдтай явах боломжтой байв. Ийнхүү явсаар 70.9 дахь км-т дахин Дарханы хуучин хатуу хучилттай зам руу нийлж байна. Өөрөөр хэлбэл, шороон замаар 5.2 км явсан гэсэн үг. Дарханы хуучин замын нөхцөл байдлыг дээр өгүүлсэн тул дахин нурших нь илүүц биз. Уг замаар 15.9 км явсаар, Улаанбаатараас гарснаас хойш 86.8 дахь км-т шинэ зам дээр гарч ирлээ. Шороон замаар зорчиход өгсүүр, уруу ихтэй, бартаа саадтай хэсэгт тавигдсан уг зам жолооч нарын ая тух, аюулгүй байдлыг сайн хангаж байна. Мэдээж ямар ч сайхан зам дээр хурдаа зөв тохируулж, анхаарал болгоомжтой зорчих нь жолооч бүрийн ухамсар, хариуцлага билээ. Шинэ зам 24.2 км үргэлжиллээ. Энэ нь хотоос гарснаас хойших 111 дахь км зам юм. Нэг км орчим зайг хуучин замаар туулснаар дахин шинэ замтайгаа золгов. Уг зам 20.7 км үргэлжилж байна. Хэрэв Улаанбаатараас Дархан чиглэлийн 200 гаруй км зам бүхэлдээ ийм болчихвол хоёр цаг гаруй давхиад л хүрчих аж. Жигд хурдтай давхихад шатахуунд хэмнэлттэй, автомашинд эвдрэл гэмтэл үүсгэх энхэл донхол байхгүй, ялангуяа, ачаа тээвэрт тун сайхан боломжийг нээж өгөх нь ээ. Том чингэлэгтэй автомашин, ногоо ачсан “портер”-уудын жолооч нар шороон замаар тун төвөгтэй зорчих юм. Бороо ус ихтэй үед бүр ч аргаа барж байна. Ингэж нэг юм зүтгэсээр сайжруулсан, эсвэл шинэ зам дээр гарч ирэхээр зоо нуруу нь тэнийдэг байх нь ээ. Харин жижиг тэрэгтэй жолооч нарын хувьд сайжруулсан зам тун зовлонтой. Хатуу хөрстэй, дэржигнүүр ихтэй учир жаахан хурд авахад л хамаг дугуй, эд анги нь салах гэж байгаа мэт ойж бууна. Амортизатор, явах эд ангиас эхлээд энэ зам дээр л хамгийн их “зовлон зүдгүүрийг туулдаг” нь гарцаагүй.

Шинэ замаар явсаар (нийслэлээс гарснаас хойш) 132.7 км-т сайжруулсан шороон зам руу нийлж байна. Уг зам 2.3 км үргэлжилж, 135 дахь км дээр Дарханы хатуу хучилттай хуучин зам руу нийлэв. Энэ зам 12 км үргэлжилнэ. Ингээд 147 дахь км дээр шороон зам руу орж, тоос татуулсаар манаргалаа. Уг замаар зургаан км явж, 153 дахь км дээр сайжруулсан шороон зам руу дахин нийлсэн юм. Улмаар хоёр км явж, нийслэлээс гарснаас хойш 155 дахь км дээр Дарханы хатуу хучилттай хуучин зам руу орлоо. Энэ зам 21.6 км урт. Ийн явсаар 176.6 дахь км дээр шинэ зам дээр гарч ирэв. Уг зам Дархан хүртэл үргэлжилж байна. Улаанбаатар-Дархан чиглэлд 206 км орчим гэж тооцвол уг зам 30 км үргэлжилж байна. Уг замыг дөрвөн цаг орчим туулсан юм. Дунджаар 50 гаруй км цагийн хурдтай явсан гэсэн үг. Хамгийн их хурд саарсан нь сайжруулсан болон шороон зам байлаа.

Хот хооронд байнга зорчдог жолооч нарын хувьд замын нөхцөл байдал өмнөхтэй харьцуулахад сайжирсан, дор хаяж 1-2 цаг хэмнэх болсон тухай ярьж байсан юм. Зорчиж явахад ихэнх газар замын ажил үргэлжилсээр байна. Мөн огт ажил хийгдээгүй хэсгүүд ч байлаа. Саяхан шинэ 130 км замыг хүлээн авч, хөдөлгөөнийг нь нээсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр явсан билээ. Харин бид 96 км-ийг шинэ замаар туулсан юм. Үлдсэн нь сайжруулсан шороон зам, Дарханы хатуу хучилттай хуучин зам байв.

Г.БАТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *