Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын 15-наас ургац хураалтын ажил эхэлнэ

Энэ жил манай улс 616 мянган га-д тариалалт хийсний 385 мянган га нь улаанбуудай тариалсан. Нэг га-аас 12 центнер гэж тооцвол 470 орчим мянган тонн улаанбуудай хураан авах тооцоотой байна. Манай дотоодын улаанбуудайн хэрэгцээ 300 мянга гаруй тонн бөгөөд урьдчилсан байдлаар энэ хэрэгцээгээ 100 хувь хангах боломжтой.

Ургац хураалтын ажилд бүх шатанд бэлтгээд явж байгаа мэдээллийг ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбат өглөө. Бэлтгэл ажлын хүрээнд диллер аж ахуйн нэгжүүд ОХУ болон бусад улсаас ургац хураалтад шаардлагатай 50 гаруй комбайн зэрэг техник оруулж ирж байгаа юм. Эдгээр техникүүд Гааль болон НӨАТ-аас чөлөөлөгдсөн бөгөөд Хөдөө аж ахуйг дэмжих сангаас ургац хураалтын түлшний дэмжлэг олгож байна. Ерөнхийдөө тарианы 70 гаруй хувь нь аарцан болцондоо орсон ба ургац хураалтын ажил есдүгээр сарын 15-наас эхлэх аж.

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээллээр наймдугаар сарын сүүлийн 10 хоногийн эхэн болон төгсгөлөөр цочир хүйтрэх төлөвтэй гэсэн мэдээлэл байгаа. Тиймээс тариаланчид болц дутуу байгаа таримлыг хяруу, цочир хүйтрэлтээс хамгаалж утаа май тавих, мөн төмс, хүнсний ногоог хураах явцад хөлдөж, хайрагдахаас хамгаалах хучлага бэлтгэх зэргээр эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *