Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан баруун аймгуудад хийх томилолтоо Ховд аймгаас эхлүүлжээ. Тус аймагт коронавирусын халдвар сүүлийн үед эрс нэмэгдэж буйн зэрэгцээ дельта хувилбар бүртгэгдсэн тул хичээлийн шинэ жилээс өмнө халдварын эрсдэлийг бууруулах, хяналт шалгалтыг эрчимжүүлэх, мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй байлгахад онцгой анхаарч байгаа аж.
Ховд аймгийн Булган сумын Булган хилийн боомтоор баруун бүсийн барилгын материалыг хангах гол боомтын хувьд бараа материал, ачаа тээврийн импортыг нэмэгдүүлэх зөвшөөрөл, зохицуулалт шаардлагатай байгааг аймгийн Онцгой комиссоос Шадар сайдад дуулгажээ.
Мөн ОХУ-аас нийлүүлж буй шатахууныг Баян-Өлгий аймгийн Цагааннуурын боомтоос шууд Ховд аймаг руу тээвэрлэх шийдвэрийг УОК-оос гаргуулах саналтай байгаагаа уламжилсан байна. Ингэснээр тус аймагт шатахууны үнэ литр тутамдаа 100-150 төгрөг хямдрах боломжтой учраас Шадар сайдын зүгээс дээрх асуудлуудыг шуурхай шийдвэрлэхээ илэрхийлжээ. Шадар сайд С.Амарсайхан “Засгийн газар цар тахлын үед эдийн засгаа дэмжих хүрээнд хилийн боомтуудын үйл ажиллагааг эрчимжүүлж, экспорт, импортын бараа бүтээгдэхүүнийг саадгүй нэвтрүүлэх бодлого баримталж байгаа. Ялангуяа, баруун бүсийг барилгын гол бараа материалаар хангах Булган боомтод халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулсны үндсэн дээр импортын ачаа тээврийг нэмэгдүүлэхэд УОК-оос ямар нэгэн хориг саад тавихгүй, харин ч дэмжих ёстой” гэжээ.