Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Л.Сөрөлт: Дархадаар “өвчлөөд” ирлээ

Дархадын хотгороор аялаад ирсэн байна. Түүний аяллын сонин хачныг сонирхлоо.


-Дархадын хотгороор 17 хоног аялаад ирсэн гэсэн. Аяллынхаа сонин хачнаас хуучлаач. Яагаад энэ аялалд хамрагдах болов?

-“Самгалдай” гээд төрийн бус байгууллага бий. Түүний тэргүүн Д.Батчулуун гэдэг залуу Дархадын хотгорт элэгтэй, хайртай, шүтэж дээдэлж явдаг. Энэ хотгорын аж амьдралыг олон түмэнд танилцуулах зорилготойгоор олон жил хөөцөлдсөний үр дүнд Швейцарийн хөгжлийн агентлагаас дэмжлэг авч, “Маанар” төслийг эхлүүлсэн юм. Би хотгор нутагт төрж, өссөн. Миний ээж, аав энэ хотгор хонхорыг хайрлаж, хамгаалж, судалж явсан юм. Би нутгийнхны хэл аялгыг ч мэддэг. Ахуй амьдралыг нь мэддэг. Тийм болохоор надад санал тавьсан юм билээ.

-Ээж, аав тань ямар судалгаа хийж байв?

-Ээж ургамал судлаач. Ургамал судлалын ухааны доктор Ж.Оюумаа гэж хүн байдаг. Наяад онд Хөвсгөл нуур хамгаалах ажлыг эхлүүлж байсан хүн. Хөвсгөлийн тайгаар орж үзээгүй уул, ус, жалга гуу гэж үгүй. Аав маань байгаль хамгаалагч Д.Лхагвацогт гэж хүн байсан. Одоо бурхан болсон. Манайх олон баньд нартай. Яагаад ч юм аав намайг л дагуулж явдаг. Бид хоёр зундаа халж, өвөлдөө хөрч, мориор явж байгаль хамгаалдаг байлаа. Аав маань байгаль хамгаалагч байхдаа Мөсний баярыг санаачилсан юм. Мөсний баярыг анх санаачилсан гэсэн дурсгалын зүйлс нь бий. Анх санаа оноогоо ярилцахаар далайн захын айлуудаар орж, уулзаж байхад нь би дэргэд нь морьтой жаахан хүү явдаг байлаа. Бид хоёр өвөлдөө шөлтэй хоолоо хонуулахаар тогоон дотроо овойгоод хөлдчихдөг, хагалаад иддэг байж билээ.

-Хөвсгөлийн аялал өөрийн чинь хувьд цоо шинэ биш юм байна шүү дээ?

-Биш биш. 1996 онд хамгийн анхны европ жуулчин ирэхэд аав маань газарчилж цаатан айлд хөл тавиулж байсан юм. Хатгалд эрэгтэй, эмэгтэй хоёр франц хүн ирээд хэл мэдэхгүй явж байхад нь ээж англиар ойлголцоод, гэртээ авч ирсэн. Тэд аавыг маань Цог гэж дууддаг болж, манайд хэд хонож байгаад, хатгалчуудаас морь түрээсэлж унаад, замд гарахад нь аав тэдэнд замчилсан юм. Аав нөгөө хоёртоо эрэгтэйд нь Арслан эмэгтэйд нь Цэцэг гэдэг нэр өгчихсөн. Тэр хэд ангайсан арслан шиг хад олж, Арслан хад гэж нэрлэсэн юм билээ. “Цог миний нэрээр энэ хадыг нэрлэчихлээ” гээд нөгөө гадаад нь бөөн баяр болжээ. Аавын маань 1996 онд давж байсан давааг нутгийнхан Арслан даваа гэдэг болсон байна. 25 жилийн дараа Дархадын хотгорыг олон улсад таниулах ажилд би оролцож явна. Аавынхаа босгосон тэр хадан дээр очоод, зургаа татуулаад, бөөн баяр боллоо.

No description available.

-Замд бороо, шороо ихтэй байв уу?

-Энэ жил хойд нутгаар бороо хур элбэгтэй байна. Шавар, ус балчиг намаг, үер, замын саад их байлаа. Машины сайнаар л явлаа. Морины сайнаар л том даваануудыг давлаа. Зарим үед машинтайгаа урслаа, шаварт суулаа. Манай жолооч нар ч мундаг юм. Олон машин явсан болохоор бие биенийгээ татаж, чирч явсаар аяллаа дуусгасан.

-Энэ удаагийн аяллын хамгийн гайхалтай санагдсан, шинээр нээсэн юм юу байв?

– Хотгор нутгийнхан машин тэрэгнээс хол. Хүн мал, байгальтайгаа яаж дасан зохицож амьдарч байгааг харуулах зорилготой явсан. Маанар төслийн хүрээнд 12 ангитай богино хэмжээний баримтат уран сайхны кино гарах юм. Үүний хөтөч хөтлөгчөөр нь ажилласан. Манай дархад түмэн байгалийг хайрлаж, өвдөг сөгдөж, гуйж амьдардаг улсууд. Өндөр өндөр даваагаар нүүдэл хийхдээ үр хүүхэд, хамгийн үнэтэй цайтай бурхан, шүтээнээ шарын нуруун дээр ачаад явдаг. Дархадын цагаан адуугаар хүнс хоолоо залгуулж байна. Шар, морь хоёр дархад түмний гол хөсөг. Хамгийн хайртай морь, шараа эцэслэхэд толгойг нь овоон дээрээ залдаг юм байна. Уул толгод болгон овоотой. Овоо болгон учиртай байна. Нүүгээчдийн овоо гэж байна. Хадлангийн овоо гэж байна. Рашааны овоо гэж байна. Рашааны овоон дээр лус аргадаж, ивээлдээ багтаахыг гуйж, хүссэн юмаа модоор сийлж, тавьдаг байх жишээтэй.

-Хөвсгөлчүүд бөө мөргөлтэй хүмүүс. Танай аяллын багт ч бас бөө удганууд багтсан байна лээ. Бөөгийн зан үйл судалсан уу?

-Бид 18-19 хүний бүрэлдэхүүнтэй, гурван машинтай гарсан. Удганууд явсан. Дархадын Агарын гурван хайрхан, Шаргын таван мод, Бүрэн хааны таван баатар, Далай ээжийн лус савдгуудыг аргадаж тахисан гайхалтай удгануудтай аяллаа. Дархан, Улаанбаатараас бөө, удганууд очлоо. Тэр улсууд уул, уснаасаа хүч гуйж байна. Тахиж шүтэх ёстой газруудаа тахих ажлаа тэд хийж, бид баримтат киногоо хийж, орой тогоон дээрээ нийлнэ, хоол ундаа иднэ. Уул усыг яаж дээдэлдгийг тэр хүмүүсээс олж харлаа.

-Дархадын хотгорт амьдрал ахуй ямархуу байх юм?

-Дархадын ард түмэн хөгжилтэй, наргианч шооч цагаахан улсууд. “Дархад хүн давхар санаатай” гэж яасан сүрхий худал үг болохыг сая мэдэрлээ. Хонхорынх нь нөгөө муу Л.Сөрөлт нь явж байхаар бүүр илүү сайхан хүлээж авсан. Алив дээшээ суу, майханд хононо гэж юу байдаг юм, гэрт ор, урцанд хоно гэдэг. Ковидоос болоод хил хаасантай холбоотой тэдний маань амьдрал сайнгүй байна. Аялал, жуулчлал байхгүй. Морь, малаа түрээслүүлдэг, цаатны отогт урц буудал барьдаг тэр бүх үйлчилгээ зогссон. Гэхдээ баянхангайн хишиг, эрдэнэт малынхаа буянд болж байна.

-Ковидын үед хот суурин газар шавааралдаж сууснаас өргөн уудам нутгийнхаа энгээр тархан суурших нь эрсдэл багатай тухай ярьдаг. Тайгад ковидын айдас хүйдэс болгоомжлол байна уу?

-Хоёр жил шахам “Гэртээ битгий хүн оруул, гадагшаа битгий гар” гээд байхаар хүний тархинд юм сууна аа даа. Гэхдээ тэдэнд нэг гоё итгэл байна. Өвчин, зовлон Дархадын нутагт ирлээ гэвэл хамгийн сүүлд ирнэ. Бараг ирэхгүй дээ гэсэн итгэл байна. Хотоос ирсэн улсаас дөлж зугтах юм алга. Гэхдээ мэдээж айхавтар улсууд болгоомж сэрэмж байгаа. Хэнтэй харьцах, яахаа мэднэ.

-Баруун тайгад очсон гэсэн. Бараг л үлгэр домгийн газар шиг санагддаг. Хүн цөөтэй юү?

-Хүмүүс бараг л уулын модонд хэдэн зэрлэг улсууд урц бариад гал түлээд, ан агнаад тойроод гүйж байдаг юм шиг бодоод байдаг. Урьд цагт тийм байсан. Миний аавыг явж байхад үнэхээр урцан дотроо ил гал түлдэг байсан. Одоо бол өөр. Цаадуул чинь амьжиргаатай улсууд, айхавтар хүмүүс. Цаагаа маллана. Адуутай байна. Цаатай, үхэр малтай айлууд нь үхэр, хонио Цагааннуур суманд зусуулна. Өвөл нь зөвхөн айлын эрчүүд цаагаа дагаж амьдарна. Эхнэр хүүхдүүд үхэр, хонь малтайгаа үлдэнэ. Мориор 100 хүрэхгүй км газарт бүтэн өдөржин явж очдог газар. Хад асгатай. Морь хазгай гишгэвэл эзэнтэйгээ доошоо нисч үхнэ. Одоо цаадуул чинь аккумлятортой, гэрэл тусгачихна. Урцан дотроо зуухтай байна. Наар засчихсан, ортой байна. Зарим нь сүлжээ барьдаг газраа Жи Мобайлын утастай байна. Голоо дагаад 20-30 айл байлаа гэхэд бүгд богино станцтай байна. Сая биднийг очих үеэр цаадуул чинь бүр айлын хаяанд орж ирээд байсан нэг чоныг авлаж байна лээ. Чоно, нохой элбэг байна. Цааг нь хүү татаж хаячих гээд байгаа юм билээ. Хонь, ямаа хариулж байгаа юм шиг цаагаа дагаж байна, манайхан. Тайга руу энэ жилдээ биднээс өөр хүн бараг л очоогүй гэсэн. Хоёр эмч, цааны тооллого хийж хэдэн хүн очсон байна лээ. Тийшээ хэрийн хүн очихгүй. Маш хүнд аялал.

-Дархад ардын дуу бас судалсан гэсэн үү?

-Дархад дуу тэр чигтээ том соёл. Миний хөгшин аав “Хар тарлан сарлаг” гэж дуу дуулаад, Бүх ард түмний урлагийн их наадамд түрүүлээд, мянган төгрөгөөр шагнуулж байсан. Ээж хэлдэг байсан. “Энэ өвгөнийг амьд байхад энэ дууг сураад аваач” гэхэд нь би “Ийм балай дуу сурна гэж юу байх вэ” гэж боддог байлаа. Одоо би харамсдаг. Гэхдээ би сурч амжсан. Яг л хип хоп дуу гэсэн үг. “Зуун шарын түлээг нь зусланд нь буулгаж өглөө, ….зуравгар улаан чавганц нь зугтаачихлаа…” гэсэн үгтэй, үгэлдэг хэсэгтэй. Энэ дууг хоёр эрэгтэй хүн хоршиж дуулдаг байхгүй юу. Баянзүрх суманд энэ дууг дуулдаг хүнтэй очиж уулзлаа. Дуулуулж бичлэг хийж авсан. Улаан-Уул суманд “Самгалдай” дуулдаг хүнтэй уулзаж, дууны үүх түүхийг яриуллаа. 1986 оноос хойш энэ дуугаа тасралтгүй дуулж яваа гэнэ. Орчин үеийн хамтлагууд энэ дууг дуулж байгаад баярлаж явдгаа хэлсэн. Бас зарим нь үгийг нь буруу дуулж байгаад эмзэглэж явдаг, залруулж хэлээрэй гэсэн. “Самгалдай“ гэдэг нь цаатангуудын шүтэж явдаг уулын нэр. Самгалдай уул нь Тува улсын нутагт байдаг. Хил хуваахад хилийн цаана үлдсэн юм билээ. Хөөрхий, тэндээ очиж чаддаггүй, ах дүүс нь тэнд байгаад байдаг. Энэ хайрхныг магтан дуулсан дуу юм. Олон хүн дуулуулсан, олон хүнтэй уулзлаа.

-Л.Сөрөлт дархад дуугаа дуулах уу?

-Дархад дуу дуулчихсаан. А.Түмэн-Өлзийтэй хамтраад “Болиоч хоё” дууг дуулсан. “Уулын оройгоор манантаад байна

Ямар л гээчийн өдөр вэ дээ,

Ууж л идэж маанайчаад

Ямар ч амраг гэхэв дээ” гэсэн үгтэй. Гурав, дөрвөн өдөр гадуур ууж явж байгаад гэртээ ирээд, эхнэртээ “базуулж” байгаа нөхрийн дуу байгаа юм. Архи, тамхиа болиоч дээ гэсэн утгатай.

-Маанар гэдэг нь бид нар гэсэн үг гэл үү?

-Маанар гэдэг нь дархадаар бид нар гэсэн үг. Бидний аж амьдрал, соёлыг харуулах гэсэн утгатай.

-Л.Сөрөлт ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа бол гэж хүмүүс сонирхох байх л даа?

-Энэ жил манай “Мөрөөдлийн театр”-ын арван жилийн ой тохиож байна. Тоглох жүжгээ сонгосон. Оюуны өмчийн эрх, зөвшөөрлийг нь авчихсан. Найруулагчтайгаа ярьж, тохирсон. Цаг нараа товлосон байлаа. Ковидоос болоод урлаг соёлынхон дотор ажил хийдэг хүн байхгүй боллоо. Тэгэхээр би одоо юугаа хийнэ гэж ярих вэ дээ. “Маанар” төслийнхөө баримтат киног амжилттай хийж дуусгах зорилготой сууж байна. А.Түмэн-Өлзийтэйгөө дуулах л байлгүй. Сая Дархадаар “өвчлөөд” ирсэн хүн чинь тэр талын юм барьж хийх бодолтой байж байна.

Би бас өөрөө нэг дууны үг зохиосон. Манай нутаг уул уурхай гэдэг юмнаас хол байгаасай. Нутаг орон руу маань битгий дайрч давшлаасай гэдэг үүднээс айсан ч юм шиг, айлгасан ч юм шиг шүлэг бичсэн. “Хөх цэнхэр хязгаар” гээд үг, ая нь бэлэн болсон дуу байгаа. Дахилтнаас нь хэлбэл “Хатгах гэвэл халхчууд нь хамгаална, ухах гэвэл урианхайчууд нь уурсана. Хороох гэвэл хотгойдууд нь босно, Дарлах гэвэл дархадууд нь бөөлнө” гэсэн үгтэй. Сая аялаж явахдаа клипний дүрс авлаа. Нэг сумаар хоёр туулай буудсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *