Ашиглалтын шаардлага хангахгүй байгаа нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, дахин төлөвлөн барилгажуулах төсөл амжилттай хэрэгжиж байна.
Төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн Арьс ширний 26 дугаар байрыг буулган, 16 давхар хоёр блок, 88 айлын үйлчилгээтэй орон сууцны барилгыг барьж, ашиглалтад оруулсан.
Мөн Баянгол дүүргийн Давхрын-7, 8, 9, 10, 11, 12 дугаар байрыг буулгаж, дахин барилгажуулахаар төлөвлөснөөс өнгөрсөн хугацаанд 9, 10 дугаар байрыг буулгаж, барилгын ажил 80 хувьтай байна.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 6, 7, 8 дугаар байрыг буулган барилгажилтын ажлыг бүрэн гүйцэтгэв. Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 51, 52 дугаар байрыг буулган барьж буй барилгын явц 50 хувьтай, энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Эдгээр төслийн гадна дулаан, ус хангамж, инженерийн байгууламж, ариутгах татуургын шугам сүлжээний барилга угсралтын ажилд тодорхой хэмжээний хөрөнгө шаардлагатай байгааг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулсан юм.
Хотын дарга Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн орон сууцыг буулган дахин барилгажуулах төслийн инженерийн шугам сүлжээнд шаардлагатай хөрөнгийг өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд шийдвэрлэх боломжийг судалж, танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.