“Гэрэгэ Системс” ХХК нь 2020 оны арванхоёрдугаар сараас коронавирусийн шинжилгээний сорьц бүртгэх, хариу олгох “ЭрүүлМН” системийг хөгжүүлэн, өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжүүлж ирсэн билээ.
Тэгвэл энэ удаад “Гэрэгэ Системс”-ийн хамт олон Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-тай хамтран Хөшигийн хөндийд байрлах “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд гадаад улс руу зорчих иргэдийн “Ковид-19”- тэй холбоотой гурван төрлийн мэдээллийг нэг дор шалгах боломжтой цоо шинэ платформыг хөгжүүлж, үйл ажиллагаанд нэвтрүүлээд байна.
Олон улсын зорчигч бүртгэлийн үйл ажиллагааны явцад гадаад улс руу зорчиж буй иргэдийн “Ковид-19” шинжилгээний хариу, дархлаажуулалтад хамрагдсан талаарх мэдээлэл болон өвдөөд эдгэсэн лавлагааг нисэх буудлын зорчигч бүртгэлийн ажилтан тус системийг ашиглан нэгдсэн байдлаар шалгах боломж бүрдэж байна.
Уг үйлчилгээг ашиглаж эхэлснээр PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэж хил нэвтрэх оролдлого гарах магадлалыг системийн зүгээс хязгаарлаж буйгаараа давуу талтай юм. Энэхүү үйлчилгээ нь “Гэрэгэ Апп” болон иргэдийн регистрийн дугаарыг ашиглан “Ковид-19”- тэй холбоотой бүх мэдээллийг цахим сангаас нэг дороос харах боломжийг бүрдүүлжээ.
Иргэд “Ковид-19”-тэй холбоотой хувийн мэдээллээ “Гэрэгэ Апп” ашиглан Health Passport цэсээр орж шалгах боломжтой.