Categories
гадаад мэдээ

Афганистанд засгийн эрх тайван замаар шилжинэ

Афганистаны Дотоод хэргийн сайд Абдул Саттар Мирзаквал шилжилтийн Засгийн газарт эрх мэдлийг тайвнаар шилжүүлэн өгнө хэмээн мэдэгдсэнийг тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилжээ. “Шилжилтийн засаг захиргаанд эрх мэдлийг тайвнаар шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. Кабул хотын аюулгүй байдалд санаа зовних шаардлагагүй” гэж А.Мирзаквал мэдэгджээ. “Талибан” хөдөлгөөний босогчид нийслэлд нэвтэрсэн талаар мэдээлэл гарсны улмаас хотын зарим хэсэгт эмх замбараагүй байдал үүссэний дараа тэрбээр ийнхүү мэдэгдсэн байна. Мөн “Талибан” Афганистаны Засгийн газартай эрх мэдлийг тайвнаар шилжүүлэх тухай Кабулд хэлэлцээ өрнүүлж байгаа талаар уг хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. “Хэний ч амь нас, эд хөрөнгө, нэр төр хохирохгүй. Кабулын оршин суугчдын амь нас эрсдэлд орохгүй” гэж Талибаны талаас мэдэгдсэн байна.

“Талибан” Кабулын эргэн тойрны бүс нутгуудыг эзэлснийхээ дараа, “Бид Кабулыг хүчээр хяналтдаа оруулахаар төлөвлөөгүй” хэмээн мэдэгджээ. Уг хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахидын мэдээлснээр, босогчдод нийслэлийн гадна байж, хот руу нэвтрэх ямар нэгэн оролдлого хийхгүй байхыг үүрэг болгосон байна. Мөн “Талибан” Кабул хотоос хойд зүгт 50 км зайд байрлах “Bagram” шоронг хяналтдаа оруулж, бүх хоригдлыг сулласан гэдгийг З.Мужахид хожим нь мэдэгджээ.

“Бүх хоригдлыг суллаж, аюулгүй газар луу шилжүүлсэн” гэж тэрбээр “Twitter” хуудсандаа нийтэлжээ. Уг шоронд 5000-7000 хүн хоригдож байсны дийлэнх нь талибанчууд байжээ.

Xinhua

Орчуулсан

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *