Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Ц.Хосбаяр: М.Анхцэцэгээ медалиас мултарсны дараа цахим орчинд эерэг сэтгэгдлүүд хөвөрч байгааг хараад бахархсан шүү


Хүндийг өргөлтийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяртай “Токио 2020” олимпийн наадмын эргэн тойронд хөөрөлдсөнөө хүргэе.

МОНГОЛЫН ТАМИРЧИД БАЙГАЛИАСАА ГОЛ ЯСНЫ БЯРТАЙ ТӨРДӨГ УЧРААС ҮҮНИЙГ НЬ СПОРТЫН ШИНЖЛЭХ УХААНТАЙ ХОСЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ-


-Хүндийг өргөлтийн шигшээ багийн тамирчин М.Анхцэцэг олимпийн наадмын медалийн төлөө ширүүн өрсөлдөөн үзүүллээ. Шагналт байр эзэлж түүхийн шинэ хуудас нээлээ. Токиогийн олимпийн наадмыг шигшээ багийн дасгалжуулагчийн хувьд хэрхэн дүгнэж байна вэ?

-Олимпийн наадамд арай өөр зорилготой явсан даа. Медаль зүүчихье гэж санасан юм.Санаснаар болсонгүй. Эмэгтэй баг маань анх удаагаа хоёр тамирчны бүрэлдэхүүнтэй олимпийн наадамд оролцлоо. Хоёулаа шилдэг 14 -т шалгарна гэдэг чамлахаар амжилт биш. М.Анхцэцэг маань бага зэргийн бэртэлтэй байлаа. Боломжийнхоо хэрээр л өрсөлдлөө.

-Гавьяат тамирчин М.Анхцэцэг жаахан охин байхдаа л 2016 оны олимпийн наадмаар шилдэг наймд шалгарч байлаа. тухайн үед алдаа оноогоо хэрхэн дүгнэж байв. Энэ олимпийн цикльд ямар ахиц гарав?

-Олимпийн дараа төлөвлөгөө гаргаад 2016 оны олимпийн дараахан есдүгээр сард бэлтгэлдээ орж байлаа. Ковидын нөхцөл байдлаас шалтгаалж олимп нэг жилээр хойшилсон. Бидний төлөвлөгөөнд бага зэргийн өөрчлөлт орж ирсэн. Ахмад багш нартайгаа зөвлөж байгаад л бэлтгэлийн төлөвлөгөөгөө бага зэрэг өөрчилсөн. Өнгөрсөн олимпийн циклд ДАШТ-ээс медаль хүртлээ. Олимпийн наадамд ч медалийн төлөө ширүүн өрсөлдлөө. Хувь тамирчны тухайд ахиц дэвшил гарсан гэж харж байна.

-Сая олимпийн үеэр хүндийг өргөлтийн тэмцээн үзээд сууж байхад БНХАУ гэх мэт том гүрний тамирчдыг арын албаныхан нь сүргээрээ дагаад явж байх юм. Манайхан тэнд гурвуулаа л гүйгээд байсан…

-Олон улсын олимпийн хорооноос ковидын нөхцөл байдлаас шалтгаалж хоёр тамирчин нэг дасгалжуулагчтай байх цензур тавьж өгсөн. БНХАУ-ын багийн тухайд найман тамирчин оролцсон. Анзаарахад, өөр өөрсдийнх нь багш нар нь тамирчдаа дагаад явж байна лээ. Ер нь хүндийг өргөлтөд гурван дасгалжуулагч ажилладаг. Нэг нь тамирчныхаа бие халаалт хийлгэнэ. Нөгөөх нь захиалгын самбар хяналт дүн шинжилгээ хийнэ. Нэг нь бусад багийн өрсөлдөгч тамирчдыг ажигладаг. Дасгалжуулагч ганцаараа явахад гурван хүний л ажил хийнэ гэсэн үг. Сая Э.Билэгсайхан маань өглөө нь орчихоод үдээс хойш Анхаадаа (М.Анхцэцэг) тусалсан. Зааланд олимпийн хорооны Б.Баяртуяа маань тус дэм болоод сууж байлаа.

No description available.

-Хүндийг өргөлтийн шигшээ багт хоол зүйч, сэтгэл зүйч байдаг, терапист гэх зайлшгүй шаардлагатай мэргэжилтнүүд ажилласан уу?

-Сая олимп дээр Нийгмийн сэтгэл судлалын хүрээлэнгийн Б.Золзаяа багш ажилласан. Сүүлд жүдогийн шигшээ баг дээр ажиллаж байсан Нишида гэж терапист долоо хоног орчим хамт ажиллаж булчин суллах гэх мэт ажлууд хийж байлаа. Хэдийгээр богино хугацаанд ажилласан ч боломжийн үр дүн гарсан гэж үзэж байна. Өмнө нь энэ бүхнийг дасгалжуулагч л амжуулдаг байсан. Цаашид ийм төрлийн мэргэжилтнүүд шигшээ багт зайлшгүй шаардлагатай байна.

-Хүндийг өргөлтийн тэмцээнийг анзаарахад, арын өрөөнд захиалга дээр айхавтар өрсөлдөөн явагддаг юм билээ. Нарийн ур ухаан шаарддаг юм шиг.

-Олимпийн наадмын хүндийг өргөлтийн төрлийн тэмцээнийг анх удаагаа орон даяар шууд дамжуулсан юм билээ. Их том бөхийн зүтгэлтэн надад хандаж “Монголчууд Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо тэмдэглэж чадсангүй. Танай охин, та хоёр монголчуудыг дэлгэцийн өмнө хоёр цаг уялаа. Наадмаа үзэж байгаа юм шиг их догдоллоо. Нулимс гарлаа” гэж хэлнэ лээ. Сонсоод монголчууд маань зүрх сэтгэлээрээ дэмжиж дээ гэж бодсон. Хүндийг өргөлтийн спортыг их ойлгодог болж. Таны асууж байгаа захиалга дээр том тулаан болдог. Есөн хүний захиалгыг тооцоолно. Зургаан оролт хийхэд 54 оролтыг тооцоолох шаардлага гарч байгаа биз. Гүйлгээ ухаан шаардлагатай. Хажуугаар нь тамирчнаа мэдэрнэ. Сэтгэл зүйг нь тогтвортой байлгахаас өгсүүлээд ажил их шүү.

-М.Анхцэцэг сая 112 кг-ыг өргөхдөө барьсан шүү дээ. Шүүгч нар тооцоогүй. Яагаад тооцсонгүй вэ. Тэр өргөлтийг тооцсон бол медаль ч авчих боломж харагдаж байсан шүү дээ?

-112 кг дээр өргөөд барьсан л даа. Энгийн хүний нүдээр бол өргөчихлөө л гэж харах байх. Анхаа маань барихдаа тохойгоороо бага зэрэг шахчихсан юм. Жижиг техникийн алдаа гаргасан л даа.

-Ер нь манайд хүндийг өргөлтийн спортын хөгжил ямар түвшинд байна вэ?

-2016 онд шигшээ баг маань нэг тамирчинтай, нэг дасгалжуулагчтай байлаа. Өнөөдөр үндэсний шигшээ багт 10 тамирчин байна. Биеийн тамир спортын улсын хороо гэх том статустай болсноор 10 тамирчин хоёр дасгалжуулагчтай 12 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа.

Өсвөр үе залуучуудын 50 орчим тамирчин бэлтгэл хийж байна. Төрөлжсөн сургалттай биеийн тамир спортын сургуульд хүндийг өргөлтийн анги нээлээ. Энэ өөрөө том дэвшил. Олимпийн наадмын маргаашнаас л хүндийг өргөлтийн спортоор хичээллэх хүсэлтэй олон хүүхэд холбогдлоо. Ирээдүй гэрэлтэй байна.

Би 2012 онд хүндийг өргөлтийн спортод орж ирснээс хойш ДАШТ-ээс өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд 14 медаль авсан байдаг. Монголын хүндийг өргөлтийн спорт 65 жилийн ой энэ онд тохиож байна. 2012 оноос өмнө дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ганц л медальтай байлаа. Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Энхбаатар гэж ах маань хүрэл медаль хүртэж байсан түүхтэй.

Өнгөрсөн есөн жилийн хугацаанд дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс 73 медаль хүртжээ. Энэ үзүүлэлт хүндийг өргөлтийн спорт, хаана ямар түвшинд байгааг илэрхийлнэ. Манай холбоо “Бид нэг баг” гэсэн уриатай ажилладаг юм. Хамтдаа л урагшилж байна.

-Гавьяат тамирчин М.Анхцэцэг маань өнгөрсөн олимпийн цикльд амаржсан. Багаас бэлдсэн багшийн тухайд ямар байр суурьтай байна. Амжилтад яаж нөлөөлдөг юм бол?

-Эмэгтэй хүн болж төрснийх ээж болно гэдэг хамгийн том шагнал. Бурхны бэлэг хүртэж сайхан үртэй болсон. Охиныгоо ээж болоход нь их баярласан. Бэлтгэл сургуулилт завсардлаа, цаг хугацаа алдлаа гэж огт харамсаагүй. Анхаа маань төрөөд дөрвөн сар болоод л бэлтгэл сургуулилтаа базааж, олимпийн эрх олгох тэмцээнүүддээ өрсөлдөөд эхэлсэн.

-2024 оны олимпийн наадам Парис хотод болно. Ямар зорилго тавьж байна вэ?

-Зорилгоо тодорхойлоод олимпийн циклийн бэлтгэлээ төлөвлөөд сууж байна. Эхний ээлжинд эмэгтэй дөрвөн тамирчин олимпийн эрх авах, эрэгтэй 1-2 тамирчин эрх авах зорилго тавьж байна.

Эрэгтэй тамирчдыг дээш нь гаргаж ирэх төлөвлөгөөтэй ажиллах болно. Олимпийн эрх авах эмэгтэй дөрвөн тамирчны хоёр нь медаль хүртэх, тэр дундаа алтан медаль хүртэх зорилго тавиад байна. Ахмад үеийнхэн, туршлагатай дасгалжуулагч нартайгаа зөвлөж илүү боловсруулна.

-Ахмад дасгалжуулагч нарын зөвлөгөө үнэ цэнэтэй байх…

-Бид нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Метр хэрийн цасанд зам гаргаад өгсөх хэцүү. Гаргасан замаар алхах амархан. Бидний буурлууд тэр замыг засч өгсөн юм шүү дээ. Алдаа оноо нь дүгнэгдсэн замаар алхаж яваа учраас ахмад үеэсээ зөвлөгөө авдаг юм. Ахмад тамирчин, багш дасгалжуулагч нартаа их талархдаг.

-Шууд хэлэхэд хувийн спортын тамирчид, дасгалжуулагч нараас “Би” гэх үзэл нэвт ханхалдаг. Би л бүгдээс илүү гэх үзэл гаргаж ахмад үеэ үгүйсгэх хандлага анзаарагддаг.

-Шавь нартаа энэ талаар цаг тутам хэлдэг юм. Би л гээд ирэхээрээ болохоо больдог байхгүй юу. Манай уриа бол бид. Бид хамтдаа л урагшилна.

-Хүндийг өргөлтийн спорт монгол хүний бие организмд хэр зохимжтой спорт вэ?

-Монголчууд Хүннүгийн үеэс л эр бяраа үзэж наадаж, цэнгэж ирсэн улс. Ийм хүч тэнхээтэй хүмүүстэй генийн холбогдолтой байдаг нь бидний хувьд том давуу тал. Монгол хүний яс хүнд байдаг. Гол ясны бяр сайн гэсэн үг л дээ. Бусад улсын тамирчдаас ялгарах онцлог нь энэ. Монгол тамирчдын гол ясны бярыг спортын шинжлэх ухаантай холбоод хөгжүүлэхэд амжилт бэлэн байна. Мэдээж тамирчдын нийгмийн асуудал шийдэгдсэн байх шаардлагатай шүү дээ.

-Гавьяат тамирчин М.Анхцэцэг хөдөө өссөн үү?

-Нисэхэд өссөн. Аав, ээж нь цэргийн хүмүүс. Одоо тэтгэвэртэй гарсан. Аав, ээжийгээ томилолтоор явахад нь дагаад л хөдөө гадаа явж өссөн хүүхэд.

-Спорт, шинжлэх ухаан салшгүй холбоотой болсон нь олон удаагийн тэмцээн уралдаанаас анзаарагдаж байна. Спортын шинжлэх ухаан манайд ямар түвшинд байна вэ?

-Сүүлийн хорь орчим жил спорт, спортын анагаах ухаан салшгүй холбоотой явж ирлээ. Барилдаан, тулаан тэр чигтээ л шинжлэх ухаан болчихоод байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сайд байхдаа Спортын анагаах ухааны үндэсний төвийг байгуулсан. Бид энэ байгууллагаас их зүйл хүлээж байгаа. Илүү амжилт үзүүлэхэд тус дөхөм болно.

-Та үндэсний бөхийн тамирчдыг дасгалжуулдаг юм билээ. Шавь нараас тань аварга, арслангууд ч төрсөн байдаг шүү дээ. Энэ талаар яривал сонирхолтой болов уу?

-Би мэддэг чаддаг зүйлээ хүнд хүргэе л гэж санадаг юм. Мэддэг, чаддаг зүйлээ нуугаад байдаг хүмүүс бий. Бусдад хуваалцалгүй байсаар тэнгэрт явчихдаг тохиолдол байдаг. Миний тухайд мэдлэг туршлагаа аль болох олон хүнд хуваалцахыг хичээдэг. Үндэсний бөх, чөлөөт бөх, сагсан бөмбөгийн хүүхдүүдийн хүчний бэлтгэлийг нь тохируулдаг юм.

Мөн мөсөнд авиралтын Ази тивийн хошой аварга Н.Хэрлэн над дээр бэлтгэл хийсэн. Миний гараар дамжиж улсын цол хүртсэн 30 орчим залуу бий. Манлай нь Г.Эрхэмбаяр, Э.Оюунболд гээд аваргууд байна. Хамгийн сүүлд Д.Алтанцоож гэж залуу Хэнтий аймагт түрүүлж аймгийн арслан цол хүртлээ. Цаашид цол ахина гэж итгэл хүлээлгэж байна.

-Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна.

-Олимпийн үеэр сэтгэл зүрхээрээ хамт байсан монгол түмэндээ их баярлалаа. Анхаагаа медалиас мултарсны дараа цахим орчинд эерэг сэтгэгдлүүд хөвөрч байгааг хараад бахархсан шүү. Э.Билэгсайхан маань ч анхны олимпдоо оролцсон гэхэд чамлахааргүй амжилт үзүүлсэн гэж харж байгаа. Цаашид ч амжилт нь ахих байх. Монгол түмнийхээ эерэг сайхан сэтгэлийг бид амжилтаар хариулна.

О.Дашням

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *