Categories
мэдээ нийгэм цаг-үе

Б.Амгаланбаатар: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв барих газарт хувийн өргөө барьсан С.Эрдэнийг АТГ-т шалгуулна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв барина хэмээн авсан газарт хувийн өргөө болох “Шонхор таур” оффисын барилга барьсан УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэд иргэд шаардлага хүргүүлж, баримт дэлгэж, мэдээлэл хийлээ.

Иргэн Б.Амгаланбаатар хэлэхдээ “Хүүхдийн паркыг та бүхэн мэдэж байгаа. Улаанбаатар хотын хүүхэд залуусын амралтын ганц том бүс. А зэрэглэлийн бүс. 2005 онд Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар байсан. Тухайн үед 358 метр квадрат газрыг анх олгосон байдаг. 2015 онд 314 мянга болж багассан байдаг. Тэр 10 жилийн хугацаанд 44 метр квадрат газрыг дарга нар, хувийн хэвшлийн компаниуддаа олгосон байдаг.

Түүний нэг жишээ болох бидний мэдэх Шонхор таурын газрыг анхны зориулалтаар ашиглахгүй байгаа талаар баримт дэлгэнэ. Энэ байр бол АН-ын төв байр. Эзэмшигч нь ХНХЯ-ны сайд асан, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ байдаг.

Энэ барилга барьсан газрыг анх авахдаа “Төгс эрдэм” сан ТББ байгуулсан байдаг. 1998 онд байгуулагдаад 2010 онд яг энэ барилга барьсан 330 метр квадрат газрыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжинэ гэх зориулалтаар авсан байдаг. Тухайн үед Нийслэлийн засаг дарга М.Энхболд, газрын албаны дарга нь Ц.Сандуй байсан.

“Төгс эрдэм” сан ТББ бол өсвөр насны хүүхэд багачууд, нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох, амьдрах ухаанд сургах, сургалт олгох, холбогдох байгууллагатай хамтарч төсөл хэрэгжүүлнэ гэсэн зорилготой байгуулсан ТББ. Энэ байгууллага С.Эрдэнэ гэж хүнтэй яаж холбогдож байгааг хэлье.

ТББ үүсгэн байгуулагч Бадамгарав овогтой Цэнд-Аюуш, Нармандах овогтой Нинжбадгар, Эрдэнэ овогтой Содгэрэл нар юм. Э.Содгэрэл бол С.Эрдэнийн өөрийнх нь төрсөн охин буюу гэр бүлийн хүн. Энэ ТББ-ынхаа нэр дээр дээрх газрыг анх эзэмшиж авчихаад 2010 онд Шонхор таурын барилгыг барьж эхэлсэн. 2014 онд ашиглалтад оруулахдаа газрын алба руу дахин хүсэлт илгээсэн. Ингэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх учраас тухайн иргэдэд зориулсан шат, орох хаалга, тэрэг түрдэг шат зэргийг хийх хэрэгтэй байна гэсэн үндэслэлээр газрын хэмжээгээ томруулж 601 метр квадрат болгож авсан байдаг.

Тухайн үед С.Эрдэнэ улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан учраас давуу эрхээ ашиглаж газраа томруулж авсан зүй тогтол харагдаж байгаа юм. Бид яах гэж энэ хэвлэлийн хурлыг хийж байгаа вэ гэвэл энэ оффисоо зориулалтын дагуу ашиглахыг шаардаж байна.

Энэ оффис ашиглалтад орсноос хойш долоон жил болж байна. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нэг ч байгууллага, нэг ч үйлчилгээ алга. Зөвхөн энэ гэр бүлийн санхүүгийн байдлыг дэмждэг, бизнесийн зориулалттай газар болсон. Тиймээс үүнийг зориулалтын дагуу ашиглаач гэдэг шаардлагыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт хүргүүлж байна. Долоон жилийн хугацаанд энэ байгууллагын орж гарсан төсөвт татварын шалгалт явуулна. Олон зөрчил илрэх байх гэж бодож байна. Мөн АТГ-т хандаж шалгуулахаар хүсэлтээ өгнө. Бид баримттай дэлгэж байна. Хүн гүтгээгүй. Үр дүнд хүртлээ тэмцэнэ. Тусгай хэрэгцээт иргэд бидэнд хандаж байгаа. Энэ гэр бүл бол үнэхээр гутамшигтай байна. Жирийн иргэн энэ газрыг хэзээ ч авч чадахгүй. Монголын улс төрийн завхрал ийм болоод байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *