Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Т.Бадрал: Хятадад нүүрсний эрэлт их байна. Боомтуудаа ногоон бүс болгочихвол хил хооронд бөөгнөрөл үүсэхгүй

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадралтай ярилцлаа.


No description available.-Тяньжин боомт дээр бөөгнөрөл үүсч, аж ахуйн нэгжүүдийн чингэлгийн түрээсийн зардал нэмэгдэх, бараа түүхийэдийн хомсдол үүсэх, цаашлаад барааны үнэ өсөх зэрэг сөрөг үр дагавар гарч байна. Тяньжин боомт дээр яг ямар нөхцөл байдал үүсээд байгаа талаар ярилцлагаа эхэлье?

-Дэлхийн улс орнуудын эдийн засаг, худалдаа, үйлдвэрлэл коронавирусээс шалтгаалж хэсэг хугацаанд саатсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Зарим улс нь тэг зогсолт хийж, зарим нь үйлдвэрүүдээ хаах хэмжээнд хүрсэн. “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ шат дараатай буурсан, мөн эдийн засгийн идэвхжилтэй холбоотойгоор далайн тээвэр нэмэгдсэний улмаас боомтууд дээр тодорхой ачаалал үүссэн. Үүнтэй уялдаад өнгөрсөн жилийн хугацаанд худалдаа саатаад эхэлсэн. 2021 оны гурав, дөрөвдүгээр сараас улс орнууд эдийн засгаа сэргээж, үйлдвэрлэлүүд үйл ажиллагаа явуулаад ирэхээр захиалга идэвхжиж бараа бүтээгдэхүүний эрэлт огцом нэмэгдсэн. Улс орнуудын эдийн засаг сэргээд эхлэхээр бараа бүтээгдэхүүний захиалга нь өссөн гэсэн үг л дээ.

Тяньжин боомтод ирж байгаа ачаа тээвэр илүү нэмэгдчихсэн учраас тухайн боомт дээр манай улсын импортын ачаа мөн хуримтлагдсан. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн тавдугаар сард Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос тавьсан хүсэлтийн мөрөөр ГХЯ, ЗТХЯ, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, мөн “Улаанбаатар төмөр зам” ХННболон холбогдох байгууллагууд шаардлагатай арга хэмжээ авч ажилласны дүнд тодорхой үр дүн гарч байна. Тухайн үед би Тяньжин боомт дээр ажиллаж байсан учраас шууд Мужийн захирагч, Гадаад харилцааны даргатай нь уулзсан. Ингээд Хятадын ГХЯ-нд хоногт явах галт тэрэгний цувааг нэмж өгөөч ээ гэх хүсэлт тавьсан. Энэ хүрээнд зургадугаар сарын 9-нөөс эхлээд галт тэрэгний цуваа нэмэгдсэн.

Тэр үед 3600 орчим чингэлэг саатсан гэдэг тоо ирсэн. Чингэлгийн боомтод хийгдэх ажиллагаа дууссанаар ачаа тээвэрлэлтийг Хятадын талд хариуцаж буй этгээд төмөр замд захиалга өгч баталгаажуулдаг байна. Иймд Хятадын төмөр зам захиалгын дугааруудаа ирүүлэх хүсэлт тавьсан. Ингээд зургадугаар сарын дунд үеэс долдугаар сарын сүүл гэхэд 4800 гаруй импортын ачаатай чингэлэг Монголд ирсэн. Гэсэн ч Тяньжин боомт руу импортын ачаа тасралтгүй ирж байгаа тул чингэлгийн бөөгнөрөл арилаагүй хэвээр байна. Одоо Хятадын талд Зам, тээврийн хөгжлийн яам болон манай Элчин сайдын яам, ГХЯ хүсэлтээ тавиад ажиллаж байна.

Долдугаар сарын эхээр Хятадын талд албан ёсоор захиалгын дугаарыг нь хүргүүлсэн 2470 чингэлгээс наймдугаар сарын 6-ны байдлаар шалгаад үзэхэд 1616 чингэлэг нь ороод ирчихсэн, 911 чингэлэг нь үлдсэн гэх тоо байна.Хятадад сая саяараа чингэлэг явдаг. Маш олон тээвэр зуучлалын компаниудаар дамждаг юм байна. Хятадын төмөр замаас хоног тутам үлдэгдлийн мэдээгээ аваад явж байгаа.Зургадугаар сарын 6-ны өдрөөс эхлээд наймдугаар сарын 11-нийг хүртэл Тяньжин боомтоос импортын ачаатай нийт 5269 чингэлэг, бусад боомтоос 929 чингэлэг буюу нийт 6198 чингэлэг Улаанбаатарт ирсэн байна.

-Одоо цаана хэчнээн чингэлэг гацчихаад байгаа юм бэ?

-Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос 4277 чингэлэг гацчихсан гэх мэдээ өгсөн. Тээвэр зуучлалын холбоо, Тяньжин дээрх тоо хоёр зөрнө. Яагаад гэхээр усан онгоцноос бууна, машинд ирнэ, бичиг баримтаа бүрдүүлнэ, төмөр зам руу захиалгаа өгнө гээд шат дараатай ажил болдог. Наймдугаар сарын 10-ны өдрийн байдлаар Тяньжин дээр Хятадын төмөр замаас авсан тоогоор үлдэгдэл 4331 чингэлэг байгаа юм. Наймдугаар сарын 1-нээс 8-ны хооронд 550 орчим чингэлэг наашаа хөдөлсөн байна. Хятадын талаас наймдугаар сард 2800 вагон тавьж чингэлэг ачуулахаар төлөвлөснөө бидэнд мэдэгдсэн байгаа.

-Цаашид чингэлгүүдээ хурдан татах талаар ямар арга хэмжээ авах вэ?

-Ийм асуудал жилийн жилд болдог юм байна. Хоёрдугаарт, бүх зүйлийг Гадаад яамаар дамжуулж манайхан шийдэж явсаар таарсан юм билээ. Монгол Улс, БНХАУ-ын төмөр замын байгууллагууд харилцан тохиролцсон хуваарийн дагуу төмөр замын тээвэр хэвийн явж байна. Хоёр талын төмөр замын байгууллагууд оны эхэнд экспорт, импорт, дамжин өнгөрөх ачааны хэмжээг тохирч протокол зурдаг ба үүний дагуу галт тэрэгний хуваарь гаргаж, тээвэр зохион байгуулалтыг хийдэг. Чингэхдээ Монголын тал импортын ачааны хэмжээнд ямар нэгэн хязгаарлалт тогтоодоггүй, бүх ачааг саадгүй хүлээн авах бодлого баримталдаг. Мөн дамжин өнгөрөх ачааны хэмжээг жилээр тохирч, сард хүлээж авах дамжин өнгөрөх галт тэрэгний тоог зохистой хэмжээнд явуулдаг. Тиймээс ЗТХЯ, төмөр замууд хоорондоо жил бүрийнхээ гэрээгээ шинэчилж явах ёстой юм байна лээ. Манайх тэндээс хэчнээн тонн чингэлэг авна. Тяньжинээс Эрээн хүртэл хоногт хэдэн цуваа гарга гэж гэрээгээр жил бүр төлөвлөгөөндөө тусгадаг юм байна.Цаашдаа хоёр төмөр зам ЗТХЯ-ны удирдлага дор гэрээгээ шинэчлэх, нэгэнт наашаа ирж байгаа ачааны урсгал нэмэгдсэн тохиолдолд тэрэндээ тааруулсан төлөлт хий гэдэг санаа явж байгаа юм. Нэг талаар Элчин сайдын яамны хийх ажил мөн боловч төлөвлөлт буруу байгаагаас ийм асуудал үүсээд байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Тяньжин бол манай улсын нэгдүгээр хаалга. Хоёрдугаар хаалга бол Замын-Үүд. Тэгэхээр төмөр замууд энэ жилийнхээ төлөвлөгөөнд тодотгол хий гэж байгаа юм. Эсвэл дараа жилийнхээ төлөвлөгөөг шинэчилж улам өргөн хүрээтэй эдийн засаг, худалдаатай холбоотой шинэчлэл хийж тоогоо нэмэх хэрэгтэй.

-Замын-Үүд дээрх нөхцөл байдал хэвэндээ л байна. Өмнөх хэвийн нөхцөл байдалдаа ороход хэдий хугацаа зарцуулагдахаар байна?

-Монгол, Хятад хоёр улс хоорондоо ковидын халдварыг нэвтрүүлсэн нэг ч тохиолдол байхгүй. Хоёр улсын Гадаад яам, хилийн байгууллагууд боомтын асуудалтай холбоотой ажлын хэсэг байгуулагдсан. Өнөөдөр Монголд тархаад байгаа ковидын халдварын тохиолдол өдөрт 1000-аараа илэрч байна. Хятад саяхныг хүртэл өдөрт 10-20 тохиолдол илэрдэг байлаа. Одоо өдөрт 100 тохиолдол илэрч байгаад маш хариуцлагатай хандаж байна. Коронавирусийг дотооддоо хамаагүй алдахгүй байхын тулд хаа хаанаа хариуцлага хүлээж байна. Хятад улсын төв Засгийн газар болон манай ГХЯ аль болох хоёр улсын хооронд явж байгаа худалдааг чөлөөтэй явуулаач ээ гэх хүсэлт тавьдаг боловч худалдаанаас илүү цаана нь хүний эрүүл мэндийн асуудал яригдаж байгаа юм. Хоёрдугаарт, Хятадын төв Засгийн газар орон нутгууддаа Өмнөд Монголын өөртөө засах орны Ардын засгийн газар, Эрээн хотын Ардын засгийн газартаа арга хэмжээ авч хэрэгжүүлэх эрхийг нь өгчихөж байгаа юм. Тухайн хотын ард иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд хотын дарга нар шийдвэр гаргах нь байна. Бүх газар нутагт нь ийм шийдвэрээр хэрэгжиж байгаа. Хятадын Засгийн газар коронавирусийн халдвар алдсан удирдлагыг дор нь сольдог. ДЭМБ-ын журамд аливаа бүс нутагт коронавирусийн ямар нэгэн тохиолдол гарахгүйгээр 28 хоновол ногоон бүс гэж үзнэ гэх дүрэм бий. Замын-Үүдийн нөхцөл байдал биднээс шалтгаалж байна. Бид өөрсдөө боомтоо ногоон бүс байлгах хэрэгтэй. Манайх ногоон бүс байж чадвал орж гарах машины тоо нэмэгдээд л явна. Хятадын Засгийн газар дан ганц Монголд хатуу хандаад байгаа юм биш. Бүх л боомтууд дээрээ хатуу чанд хандаж байна. Хятад бусад улсад хилээ бүр хаасан байхад манай улс хилээр ачаа тээвэр зөөвөрлөхийг зогсоогоогүй. Маш багаар нэвтэрч байгаа ч гэсэн хилийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа. Хил дээр байгаа томоохон ачаануудыг өргөн төмөр замаар оруулж ирж байна. Өдөр бүр 50 машины ачааг төмөр замаар ачиж оруулж ирж байна гэж ойлгож болно.

-Манайхаас ачаатай вагонууд гараад буцаж орж ирэхдээ ихэнх нь хоосон ирээд байна гэх зүйл яригдаж байгаа. Энэ тухайд?

-Эрээн өртөө манайхаас ачаатай галт тэргийг хүлээж аваад, ачаа ачдаггүй гаргадаг журамтай. Олон улсын ачааны хэлэлцээрээрээ манай талаас ачаагаа авдаг өртөө. Манайхаас ачаа буулгаад ачдаггүй журамтай. Үүндээ таарсан дэд бүтэцтэй байдаг. Ачаа хүлээж авч буулгах, эсвэл шилжүүлэн ачих үндсэн үйл ажиллагаатай болохоос ачих зориулалтгүй. Харин хоёр талууд төмөр замын тээврийг “Ковид-19” цар тахлын хүндрэлтэй үед харьцангуй эрсдэл багатай тээвэр гэж үзэн, хилийн ачаа нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Эрээн өртөөн дээрээс ачилтыг гүйцэтгүүлж байгаа.

-Замын-Үүдийн чөлөөт бүсийн байнгын үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гарсан. Ингэснээр хил гааль дээр хүлээгдээд байгаа ачаа тээврийн асуудал цэгцрэх үү?

-Чөлөөт бүс яриад их олон жил болсон байна.1980-аад оны сүүлээс Хятад улс чөлөөт бүсүүдээ нэлээд эрчимтэй хөгжүүлсэн. Янз бүрийн хэлбэрээр чөлөөт бүс ажиллуулж байсан юм билээ. Би Өмнөд Монголын Өөртөө Засах Орны удирдлагатай энэ асуудлаар уулзсан. Ингээд ажлыг яаравчилъя гэдэг үүднээс Засгийн газарт ГХЯ-аар дамжуулаад санал хүргүүлсэн. Чөлөөт бүсийн үйл ажиллагаа эхэлнэ гэдэг бол дэвшил. Олон жил яригдсан асуудлыг гацаанаас нь гаргах болсон. Чөлөөт бүс хэд хэдэн агуулгатай. Худалдааг хөнгөвчлөх, татвараас чөлөөлөх гэх мэт хоёр улсын хооронд хийж байгаа худалдааг төрөлжүүлээд өгчихнө.

-Гашуунсухайтаар нүүрс тээвэрлэлт хэвийн үргэлжилж чадаж байна уу?

-Сая нэг хэсэг ковидын тохиолдол илрээд үйл ажиллагаа зогссон. Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулж, халдвар хамгааллыг сахиулах арга хэмжээг авснаар Гашуунсухайт боомтод ковид илрээгүй 28 хоног болж, “Ногоон бүс” болсон гэдгээ зарласан.Өнгөрсөн нэгдүгээр сард хамгийн их буюу 500,600 машин нүүрс тээвэрлэж хилээр нэвтэрч байсан нь энэ жилийн хамгийн өндөр гаргалт болж байсан. Одоо хэсэг хаагдсаны дараа буцаж сэргэх хандлагад орж, дээд тал нь 150-230 хүртэлх машин хилээр нэвтэрч байна. Хятадын талаас манай халдвар хамгаалалын арга хэмжээ, тээврийн зохион байгуулалтыг харьцангуй боломжийн байна гэж үзэж буй учраас цаашид ч нэмэгдүүлье гэж байгаа юм. Гэвч ногоон бүсэд үлдсэн 450 орчим жолооч маань хүрэлцэхгүй байна. Ээлж солилцоогоор жолооч нараа татчихвал өдөрт 300,400 машин хилээр гаргах боломжтой болно. Эхний ээлжинд 500 жолооч орж ирж байгаа. Хятадын талаас тавьж буй санал нь боомтод бүх хүмүүс хоорондоо холилдоод явж байгаа одоогийн нөхцөлд хэн нэг нь халдвар авахад боомтыг тэр чигээр нь хаахаас аргагүй болж байна. Тэгэхээр компаниуд өөрсдийн кемп дээрээ жолооч нараа жижиг бүлэг, багийн зохион байгуулалтад оруулж тусгаарлаад, бусад хэнтэй ч уулзаж харилцахгүй чанд тусгаарлалтад орооч, ийм “бөмбөлгүүд” үүсгээд, түүний халдвар хамгааллын шаардлага нь хангагдаж байна гэж үзвэл, аль нэг “бөмбөлөг”-т асуудал гарвал тухайн компанитай нь хариуцлага яриад, дахиж тээвэрлэлтэд оролцуулахгүй, хүлээж авахгүй байя, харин хариуцлагатай бусад “бөмбөлгүүд” тээвэрлэлтээ үргэлжлүүлээд явах боломжийг нь олгоё гэж байгаа. Энэ зохион байгуулалт Гашуунсухайт боомт дээр хийгдээд эхэлчихсэн. Энэхүү шаардлага хангагдаж байгаагийн үндсэн дээр нүүрс тээвэрлэлтийн хэмжээ бодитойгоор нэмэгдэх боломж бүрдэж байна. Хятад нүүрсний дутагдалд ороод эхэлчихсэн. Сая Төрийн зөвлөлийн шийдвэр гарч Өмнөд Монголд хаачихсан байсан хэд хэдэн уурхайгаа нээлээ. Хятадад нүүрсний эрэлт их байна. Бидэнд ч нийлүүлэх сонирхол их бий. Тиймээс аль болох боомтуудаа ногоон бүс болгож чадвал хил хооронд бөөгнөрөл саатал учрахгүй байх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *