Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг 15 байршилд зохион байгуулж байна

Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоогоор хангах, хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, дархлааг дэмжих зорилгоор Нийслэлийн Засаг дарга “Алтан намар” төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон. Энэ дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн есөн дүүргийн 24 байршилд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар ажиллаж байна. Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт зургаа, Хан-Уулд дөрөв, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт тус бүр гурав, Баянгол, Чингэлтэй, Багахангай дүүрэгт тус бүр хоёр, Багануур, Налайх дүүрэгт тус бүр нэг цэг нээхээр төлөвлөсөн.

Тэгвэл одоогийн байдлаар нийт 15 байршилд хүнсний ногоо эрхлэгчид ногоогоо борлуулж байна. Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт тав, Баянзүрх дүүрэг гурав, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт тус бүр хоёр, Багануур дүүрэгт нэг цэг ажиллаж байна. Баянгол дүүрэгт 1000 машины зогсоолын зүүн, баруун талд ногооны үзэсгэлэн, худалдаа зохион байгуулж байгаа бөгөөд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс тодорхой хариу өгөхгүй байсны улмаас хугацаа алджээ. Иймээс Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, “Улаанбаатар төмөр зам” ХНН болон дүүргийн удирдлагууд газар дээр нь ажиллаж, асуудлыг шийджээ. Улмаар нэг ногоочинд 16 ам метр талбай ноогдох байдлаар 170 орчим ногоочинд хүнсний ногоогоо борлуулах боломжийг олгожээ. Зарим аймгаас ногоочид ирээгүй байгаа бөгөөд үлдсэн байршилд ногоог борлуулах зохицуулалт хийсэн байна.

Үзэсгэлэн худалдааг зохион байгуулахад УОК-ын даргын “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам” болон “Алтан намар” арга хэмжээний хүрээнд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахад мөрдөх “Түр заавар”-ыг мөрдлөг болгоно. Ингэхдээ дүүрэг бүрийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, үйл ажиллагаанд дотоод хяналт тавих иргэн, хуулийн этгээдийг худалдаа эрхлэгчдийн төлөөллөөс сонгон, гэрээ байгуулж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *