Categories
мэдээ нийгэм

63250 өрхөд чиптэй угаар мэдрэгч суурилуулж, 24 цагаар хянана

Агаарын чанарыг сайжруулж, орчны бохирдлыг бууруулах, өвлийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Уртнасан чиглэл өгч, томилсон ажлын хэсэг “Таван толгой түлш” компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв болон Баруун бүсийн үйлдвэрт ажиллалаа.

Сайжруулсан шахмал түлш хэрэглэгч 200 мянга орчим айл өрх бий. Эдгээр айл өрхийг эрсдэлээс сэргийлж өнгөрсөн онд угаарын хий мэдрэгч суурилуулж, хяналт тавин ажилласан. Нийт 193 мянга гаруй айлаас судалгаа авч өндөр эрсдэлтэй 63250 өрхөд чиптэй угаар мэдрэгчийг суурилуулж, Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс 24 цагаар хянах юм.

Өндөр эрсдэлтэй айл өрхийг өнгөрсөн жилийн ажиглалт болон судалгаанд үндэслэн тогтоосон. Нэн тэргүүнд пийшин, зуухны насжилт, тухайн өрхийн гишүүдийн ажил, байдал, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхэд гэртээ үлддэг болон угаарын дуудлага олон өгсөн зэргийг харгалзан сонгосон байна.

Хэрэглэгчид үйлчлэх хяналтын төвд дуудлага хүлээн авахаар 12 ажилтан 3 ээлжээр ажиллахаар бэлтгэгдсэн. Мөн 600 гаруй хянагч нийслэлийн 6 дүүргийн 100 хорооны айл өрхөд хяналт тавин хүрч ажиллана. Энэ сарын 15-наас эхлэн яндан хөөлөх болон бусад заавар, зөвлөгөөг өгч хороо хэсгүүддээ ажиллах тул иргэд тус төвийн 70119400 дугаараар холбогдон шаардлагатай мэдээллийг авч болно.

Угаартсан дуудлага борооны улирал ихээр ирдэг шалтгаан нь дийлэнх нь гэрт амьдарч байгаа иргэд яндангаа авч өрхөө бүтээдэгтэй холбоотой. Сайжруулсан шахмал түлш асах, унтрах үедээ хамгийн ихээр угаар ялгаруулдаг учир ямар ч тохиолдолд яндангаа сугалахгүй байхыг мэргэжилтэн анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *