Categories
гадаад мэдээ

Дэлхий шатаж байна

Сүүлийн үед агаарын дундаж хэмийн өсөлт, хэт хуурайшилт зэргээс шалтгаалан Европ, Умард Америк даяар асар олон түймэр гарч, маш олон ан амьтан, ой мод, хүмүүст учруулах хохирол ихэсч байна. Ялангуяа зуны турш үргэлжилсэн ноцтой хуурайшилт болон хэт халуун цаг агаар хавсарснаас болж, дэлхийн олон хэсэгт ойрын арваад жилд тохиогоогүй аюулт түймэр тархав. Мөн цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн өсөлтөөс шалтгаалж дэлхийн бусад хэсэгт ч гал түймрийн эрсдэл маш өндөр болж байгааг эрдэмтэд анхааруулсаар байна. Жишээлбэл, Европын хэд хэдэн улсад хэтэрхий халуун цаг агаартай өдрүүд үргэлжилж байгаа бол АНУ-ын Калифорни мужид урьд өмнө нь хэзээ ч тохиолдож байгаагүй хамгийн аюултай, том түймэр дэгджээ. Түүнээс гадна зөвхөн АНУ-д л гэхэд нийт 100 гаруй түймэр дэгдээд байна.

ГРЕК улсад Европын хамгийн хөнөөлтэй түймрүүд дэгдэж байна. Зарим том түймрүүд өдгөө хоёр долоо хоног үргэлжилж байгаагаас болж, олон арван хүнд эмнэлгийн тусламж шаардлагатай болжээ. Мөн Грекийн хоёр дахь том арал Эвиад гал түймрийн хөнөөл аюултай түвшинд хүрсэн тул ард иргэд гэрээ орхин зугтахад бэлтгэн хэрэгцээт эд зүйлсээ баглаж цаг үеийн байдлын талаарх шинэ мэдээллүүдийг чих тавин сонсож, түгшиж суугаа аж. Түймэр дэгдсэнээс хойшхи арав дахь өдөр буюу энэ сарын 7-ны байдлаар Грекийн түймэр нийт 57000 га талбайг хамарсан болохыг Европын ойн түймрийн мэдээллийн систем мэдээлэв.

ТУРК улсын өмнөд эргийн хэсгүүдэд сүүлийн 10 гаруй өдөр түймэр ассанаас найман хүн нас барсан байна. Түүнчлэн түймэр хэдийнэ ойгоос хальж, газар тариалангийн бүсэд орсноос болж, хэдэн арван мянган хүн гэр орноо орхин зугтацгаажээ. Аз болж өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр нутгийн зарим хэсэгт бороошсон нь түймэртэй тэмцэхэд багагүй тус болж байгаа аж.

ИТАЛИ улсын Сицил, Сардин арал тэргүүтэй өмнөд нутгуудад хамгийн аюултай түймэр ассаар байна. Эхний түймрийг өнгөрсөн сарын 24-26-ны хооронд дэгдсэн хэмээн үзэж байгаа аж. Харин өдгөө эл түймэр нийт 10 мянга гаруй га талбайг хамарч, Сардин арлын баруун өмнөд хэсэгт л гэхэд 800 орчим хүнийг албадан нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүй болсон гэнэ.

ОХУ-ын Сибирийн бүс нутгийн эрх баригчид өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн тосгон нүүлгэн шилжүүлсэн байна. Тус бүс нутагт нийт 155 гаруй түймэр дэгджээ. Ийн асар олон түймэр дэгдсэн нь хуурай, халуун цаг агаараас гадна хүний буруутай үйл ажиллагаанаас болж, аюулгүй байдлын дүрмүүд зөрчигдсөнтэй холбоотой гэнэ.

АНУ-ын Калифорни мужийн өмнөд хэсэгт гал сөнөөгчид мужийн түүхэнд хэзээ ч тохиолдож байгаагүй хамгийн том түймэртэй нойр, хоолгүй тэмцэж байна. Дөрвөн долоо хоногийн өмнө Дикси замын ойролцоо эхэлж асан “Диксигийн түймэр” нэртэй болсон уг түймэр өдгөө 1875 км.кв талбайд шатаж байна. Гал сөнөөгчид уг түймрийн ердөө 21 хувийг арайхийн дараад буйг мужийн ойн түймрээс сэргийлэх департмент мэдээлжээ. Энэ нь Калифорнид Нью-Йорк хотоос хоёр дахин том талбайтай газар бүхэлдээ шатаж байна гэсэн үг юм. Мэргэжилтнүүдийн дүгнэж байгаагаар гал түймэртэй тэмцэхэд хамгийн их хүндрэл учруулж буй зүйл нь сүүлийн жилүүдэд хэрээс хэтэрч буй дэлхийн дулаарал, хэт хуурай уур амьсгал гэнэ. Нөхцөл байдлаас дүгнэхэд, энэ удаагийн түймэр түүхэн дэх хамгийн аймшигтай хэмээн нэрлэгдэж байсан өнгөрсөн оны түймрээс хамаагүй илүү хөнөөл учруулах төлөвтэй байна.Харамсалтай нь энэ бол АНУ-ын өрнө зүгийнн 14 мужид дэгдсэн 107 том хэмжээтэй түймрүүдийн ердөө нэг нь юм.

КАНАД улсад өнгөрсөн долоо хоногийн сүүлээр бороо орсон боловч Бритиш Колумб дахь түймрүүд үргэлжлэн ассаар байна. Нутгийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар өдгөө нийт 279 түймэр шатаж байгаа тул эрсдэлтэй хэсгийн хэдэн арван мянган иргэдийг нүүлгэн шилжүүлж буй гэнэ. Албаныхны мэдээлснээр энэ оны хавраас хойш тус мужид нийт 5800 км.кв талбай бүхий ой шатжээ.

GUARDIAN

Орчуулсан:

Г.Амарсанаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *