– Төрийн албаны хууль бус үйлдлийг илчилдэг, хариуцлага тооцдог, халдаг, чөлөөлдөг системийг ил тод болгох ёстой –
Замын-Үүд дэх Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Л.Эрдэнэчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Анх ажлаа хүлээж авахад Замын-Үүд дэх хилийн мэргэжлийн хяналтын нөхцөл байдал ямар байв. Ажил хүлээж авснаас хойш хийж хэрэгжүүлсэн томоохон ажлаасаа дурдвал?
-Долдугаар сарын 9-ний өдөр Хилийн мэргэжлийн хяналтын ажлыг хариуцаж ажиллахаар болсон. Энд ирээд шинээр санаачилж хэд хэдэн ажлуудыг хийгээд үр дүн нь гарч байна. Нэгдүгээрт, Замын-Үүд сумыг ногоон болгох зорилгоор Нэг өрх – нэг шинжилгээг авч хөл хорио тогтоож, эрүүл ахуйн дэглэмийг сахиулж чадсанаар өвчлөлийн тоог эрс бурууллаа. Хоёрдугаарт, экспорт -импорт талд халдваргүйтгэлийн хоёр байгууламжийг суурилуулж өдөрт 300 гаруй автотээвэр хэрэгсэл, сард 6500 гаруй автотээвэр хэрэгсэлд гадаргуугийн халдваргүйтгэл автоматаар хийж хилийн боомтод шуурхай үйлчилгээг бий болголоо.
Мөн хилийн цэсэд улаан, шар, ногоон бүсчилэлийг тогтоон, эмх цэгцэнд оруулж эрүүл мэндийн үйлчилгээний цэг, бүртгэлийн цэг , тусгаарлан ажиглах байр, хог хаягдалын цэг, техникийн цэг зэргийг байршуулан тохижилт хийн зөв урсгалд оруулж үйлчлүүлэгч нарын цагийг хэмнэж түргэн шуурхай үйдчилгээг үзүүлж чадлаа . Үйлчилгээ авч байгаа иргэд маш их талархаж байгаа. Түүнчлэн Замын-Үүд суманд үйл ажиллагаа эрхэлдэг 311 ААН иргэн төрийн байгууллагуудад ковидоос урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдэгдэл өгч гүйцэтгэлийн хяналтыг хийж ажилласны үр дүнд хяналтын 12 терминалууд нь халдваргүйтгэл хаалга, талбайн мананцартай халдваргүйтэл, бичиг цаасны халдваргүйтгэлийн төхөөрөмжүүдийг шинээр бүрэн суулгаж үйлчилгээгээ явуулаад эхэлсэн. Импортоор орж ирж буй тээврийн хэрэгслийн тоо анх ирэхэд өдөрт 100 байсан бол одоо 190 хүрсэн. Ачааны жин тонн 50-60 тонн ачиж оруулж ирж байсаныг 100-120 тонн болгож нэмэгдүүлснээр Эрээн боомтод олон сараар хуримтлагдсан 50.0 мянган тонн ачааны 30.0 мянган тонн оруулаад ирсэн, үлдэгдэл 20.0 мянган тонн ачааг татан авч байна. Үнийн өсөлтийг бууруулах чиглэлээр удаа дараа жолооч нартай уулзалт зохион байгуулж гэрээ байгуулан 10 саяд барьж ажиллаж эхэллээ. Мөн гэрээ зөрчсөн 6 тээврийн хэрэгслийн D зөвшөөрлийг цуцлуулах арга хэмжээ авч ажилласны үр дүнд ямар нэгэн байдлаар маргаангүй ажил урагшилж байна. Мөн Гааль, Мэргэжлийн хяналтын албан хаагчдыг өглөөний 06:00 цагаас эхлээд орой 21:00 цаг хүртэл өдөрт бичиг баримтын бүрдүүлэлтийг хийж хяналтын талбайгаас чөлөөлж гаргаж хэвшсэн зэрэг олон ажил бий.
-Шинээр байгуулсан халдваргүйтгэлийн байгууламжийг хэд хоногийн дотор байгуулсан бэ?
-Өмнө нь ашиглаж байсан халдваргүйтгэлийн байгууламжийг наадмын өдрүүдэд буулгасан. Ингээд долдугаар сарын 20-30-ны хооронд шинэ ариутгалын байгууламжийг барьж байгуулсан. МХЕГ-аас шинээр угсрах байгууламжийг БНХАУ-руу захиалчихсан байсан. Ингээд захиалгын дагуу орж ирсэн байгууламжид хяналт тавьж, уг байгууламжийг 10 хоногийн дотор босгосон. Энэ хугацаанд өмнө нь ашиглаж байсан байгууламжийн суурийг цэвэрлүүлж, эрчим хүч, усны асуудлыг шийдвэрлүүлсэн.
-Өмнө нь ашиглаж байсан халдваргүйтгэлийн байгууламжийг хэзээ анх суурилуулсан юм бол. Хэр хугацаанд ашигласан бэ?
-Тэр талаар нарийн хугацаа хэлж мэдэхгүй байна. Ямартаа ч сүүлийн нэг жил ашиглаж байсан юм билээ.Харин сая шинээр босгосон байгууламжийг МХЕГ-аас зарласан тендерт шалгарсан “Говел ган” ХХК угсарч суурилуулсан.
-Өмнө нь Замын –Үүдийн хилийн мэргэжлийн хяналттай холбоотой гарч байсан хүндрэлтэй асуудлууд эхнээсээ шийдэгдсэн гэж ойлгож болох уу?
-Хилийн цэс дээр маш замбараагүй, тодорхойгүй зүйл олон байсан л даа. Манайхан халдваргүйжүүлэлтээ олон улсын стандартын дагуу хийхгүй байснаас болоод ачаа тээврийн гацаа үүссэн асуудал яригдаж байсан. Тиймээс хилийн боомт дээр мөрдөгдөх ёстой стандартыг мөрдүүлж ажилласнаар нэгдүгээрт, экспорт импортоор ачаа бараа тээвэрлэхэд ковидоос урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэх үйл ажиллагаа олон улсын стандартын шаардлагад хүрч очиж чадсан. Түүнчлэн бид долдугаар сарын 19-нөөс Замын-Үүдийн Мэргэжлийн хяналтын тасагтай хамтарч тус суманд бизнесийн үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, 311 иргэн, аж ахуйн нэгжид зөвлөмж мэдэгдлийг хүргэсэн. Уг зөвлөмжид коронавирусийн халдвараас сэргийлэхэд иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллагын үүрэг оролцоо ямар түвшинд байх ёстой вэ, ажил эхлэхээс өмнө болон дараа, цайны цагаар хэрхэн халдваргүйжүүлэлт хийх вэ зэрэг мэргэжлийн мэдэгдэл, зөвлөмж хүргүүлсэн. Үүний хүрээнд дээр дурдсан 311 иргэн, аж ахуйн нэгжийн 196 газрын үйл ажиллагаа шалгасан. Уг шалгалтаар 99 иргэн, аж ахуйн нэгжүүд мэдээлэл, зөвлөмжийн хүрээнд коронавирусээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг маш сайн авч хэрэгжүүлсэн бол, 111 газар шаардлага хангаагүй. Тиймээс шаардлага хангаагүй газруудад дахин шаардлага хүргүүлж наймдугаар сарын 15-наас хоёр дахь удаагийн шалгалтыг зохион байгуулах гэж байна. Хэдийгээр хилийн мэргэжлийн хяналтын алба сумын МХГ-ын дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй боловч Шадар сайдын 08 дугаар тоот тушаалын дагуу сумын мэргэжлийн хяналтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хяналт шалгалтыг эрчимжүүлсэн. Үүний үр дүнд Замын-Үүдийн 12 хяналтын цэгт зөвлөмж хүргүүлснээр бүгд ариутгалын хаалгатай, бичиг баримт, ариутгагчтай болж, ковидоос урьдчилан сэргийлэх ажил хангагдсан. Иргэд, аж ахуйн нэгжүүд мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмж мэдээллийн дагуу үүрэг, оролцоогоо сайжруулсан.
-Хилийн мэргэжлийн хяналт дээр ямар төрлийн зөрчил түлхүү илэрч байна. Илэрсэн зөрчил дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна?
-Өнгөрсөн хугацаанд 1010 аж ахуйн нэг, иргэний 424.792 тонн, 1.725418 ширхэг, 10 толгой амьд мал амьтан, бусад бараа бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийсэн байна. Импортоор орж ирж буй бараа бүтээгдэхүүнд зөрчил дутагдал нэлээд илэрч байна. Нийт 24 аж ахуйн нэгжийн 541 тн, 324 кг, 85167 ширхэг бараа бүтээгдэхүүнд зөрчил илрүүллээ. Хаяг, шошго тодорхойгүй 16 тонн хатаасан үзмийг улсын орлогод авч, “Дийлэгч тэнгэр” компанийн, бичиг баримтын зөрчилтэй транзит тээврийн 16 чингэлэг 392.1 тн рафсын үрийг буцаасан. Замын-Үүд сумын Засаг даргын дэргэдэх захиргааны зөвлөлд хураасан болон устгах бараа бүтээгдэхүүнийг шилжүүлж ажиллалаа. Гарал үүсэл, хаяг шошго тодорхойгүй 12.6 тн шар будааг устгасан. Бид төрийн албан хаагчийн хувьд хэм хэмжээгээ барьж ажиллана. Ялангуяа хил гаалиар хууль бус бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэхгүй, байцаагч нар хууль ёсны шаардлага иргэн, аж ахуйн нэгжүүдэд тавьж, түргэн шуурхай үйлчлэхийг хичээж ажиллаж байна. Хилээр орж ирж байгаа импортын бараа бүтээгдэхүүний бичиг баримт бүрдүүлэлтийг 24 цагийн дотор хийгээд энэ хугацаанд гаргаж,чирэгдэл хүндрэл учруулахгүй байх зэрэг шаардлагыг улсын байцаагч нартаа тавьж байгаа. Энэ шаардлагын хүрээнд ямар ч бараа бүтээгдэхүүнийг 24 цагийн дотор гаргах боломжтой гэдэг нь харагдаж байна.
-Энэ хугацаанд лабораторийн шинжилгээнд өгсөн бараа бүтээгдэхүүний хариуг гаргах, хяналт тавих боломжтой байна уу?
-Өдөрт нь гаргах боломжтой лабораторийн шинжилгээний хариуг нь гаргаад, тухайн өдрөө амждаггүй тахианы мах зэрэг бүтээгдэхүүнүүдийг Улаанбаатар хот руу шууд лацдаад явуулж байгаа. Ингээд Улаанбаатар хотын гүний хяналт терменалийн цэг дээр очихоор нь лацыг нь задлаад шинжилгээг авч байгаа. Учир нь ачаа тээврийн эргэлтийг сайжруулахын тулд Замын-Үүд дэх 12 цэг дээр ачаа хонуулах шаардлага байхгүй.
-Замын-Үүд дэх хилийн хяналтын үйл ажиллагаа сайн байхын хэрээр нийслэл хот руу орж ирэх эрсдэлтэй бараа бүтээгдэхүүний тоо буурна шүү дээ?
-Мэдээж бууралгүй яахав. Зарим иргэн, аж ахуйн нэгжүүд барилгын материал дотор хүнсний бараа бүтээгдэхүүн нууж оруулж ирэхийг завдаж байна. Тухайн хүнсний бүтээгдэхүүн нь хаяг шошгын зөрчилтэй, гарал үүслийн бичиггүй, хаана үйлдвэрлэсэн нь тодорхой биш. Мөн эм эмнэлгийн хэрэгслийг тусгай зөвшөөрлийн бичигтэй оруулж ирдэг. Гэтэл тусгай зөвшөөрлийн бичиггүй хууль бусаар эм, эмнэлгийн хэрэгсэл оруулж ирж байна.
-Зөрчил гаргасан иргэн аж ахуйн нэгжүүдэд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?
-Зөрчлийн тухай хуулийн дагуу торгоно. Мөн хууль бусаар оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнийг хурааж Замын-Үүд сумын Засаг даргын дэргэдэх захиргааны зөвлөлд шилжүүлдэг.
-Хилийн байцаагчидтай холбоотой авлигын асуудал хөндөгддөг шүү дээ. Энэ асуудалд хэрхэн анхаарч байна?
-Төрийн хүнд суртал гэдэг чинь ерөөсөө л энэ асуудал шүү дээ.Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж байгууллагуудын оруулж ирж байгаа экспорт, импортын бараа бүтээгдэхүүн дээр бичиг баримтын бүрдүүлэлтийг удаан хугацаанд хийдэг, өдөрт нь гаргадаггүй, хүнд суртал гаргадаг. Үүний цаана төрийн ажлыг мөнгө гэж хардаг албан тушаалтнууд олон байна. Ямарваа нэг байдлаар аж ахуйн нэгж, иргэдэд дарамт шахалт үзүүлдэг, олон хоногоор бараа бүтээгдэхүүнийг нь саатуулдаг. Үүний цаана хувь хүний авлигын асуудал харагдаад байгаа юм. Зөрчил дутагдал илрүүлэхгүй байгаагийн цаана ч авлигын асуудал харагдаж байна. Тиймээс зөрчил дутагдал илрүүлдэг, хариуцлагыг нь тооцдог, өдрийн ажлыг өдөрт нь, цагийн ажлыг цагт нь хийдэг байх шаардлагыг байцаагч нартаа тавьж байгаа. Ийм шаардлага тавихаар бүх хүн биелүүлж чадаж байна. Энэ шаардлагыг бид зүгээр ч нэг тавиагүй. Хэрэв уриа лоозон маягтай “Ажлаа сайн хийгээрэй” гэвэл үр дүн гарахгүй. Тиймээс энд ажиллаж байгаа байцаагч нарынхаа өдөр тутам хийсэн ажлыг дүгнэж байна. Тухайлбал, байцаагч өглөөний 08:00 цагаас оройн 20 цаг хүртэл хичнээн тээврийн хэрэгсэлд хяналт тавьсан, ямар бүтээгдэхүүн дээр тавьсан, хэдэн төрлийн зөрчил дутагдал гаргасан, ямар иргэн, аж ахуйн нэгжийн материалыг хэдэн цагийн дотор бүрдүүлэлт хийж гаргасан гэх мэтчилэн хувь хүний ажлын үзүүлэлтийг нарийн дүгнээд ирэхээр хариуцлага аяндаа өндөр болж байна. Иргэдээс орж ирсэн гомдлыг хамт олных нь дунд нээлттэй хэлэлцэж байна. Тухайлбал, өглөөнөөс орой хүртэл бичиг баримтын бүрдүүлэлтийг нь хийж өгөөгүй өөр дээрээ дараад, хүлээлгэсэн зөрчил гарсан. Ийм зөрчил гаргасан байцаагчийг ёс зүйн зөвлөлөөр хэлэлцэж, арга хэмжээ аваад явж байна. Төрийн ажил хаана удаашраад байна гэхээр төрийн чиг үүргийг төрийн өмнөөс хэрэгжүүлж байгаа хувь хүнээс болж унадаг. Нэг хүний хариуцлагагүй алдаа дутагдал, нийтийн алдаа дутагдал болж харагддаг. Тиймээс гол зарчим бол хувь хүний хариуцлагыг өндөрт байлгахыг шаардаж байна. Хүн бүр ажил үйлчилгээгээ төрийн хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүл гэдэг шаардлага тавьж байгаа. Улсын байцаагчдыг авлигаас ангид байлгах, хүнд сурталгүй, түргэн шуурхай, ил тод үйлчилгээ үзүүлэхийг шаардаж ажиллаж байна. Зөрчил дутагдад гаргасан тохиолдолд ёс зүйн зөвлөлөөр хэлэлцэж тухай бүрд нь сахилгын арга хэмжээ тооцож ажиллаж байна. Байгууллага удирдана гэдэг бол хувь хүн бүртэй тулж ажиллаж, хувь хүний ажлыг нэг бүрчлэн дүгнэж, алдаа дутагдал гаргасан бол хариуцлага тооцож ажиллана. Өнөөдрийн байдлаар хариуцлага алдсан хоёр байцаагчийн асуудал яригдаж байна. Тэдэнд тохирсон хариуцлагыг нь хүлээлгэх шийдвэр гаргаад явж байна.
-Гаднаас томилогдож очсон хүн байгууллага удирдана гэдэг амаргүй. Хамт олноо өөрийн арга барилаар удирдах, тогтсон хэв маягийг өөрчилж, үзэл санаагаа хүлээн зөвшөөрүүлж, ойлголцох тийм ч амар биш шүү дээ?
-Манай нийгэмд байгаа нэг хүндрэлтэй асуудал бол зарчмын, хууль ёсны дагуу шударга шаардлага тавьсан хүмүүсийг үзэн яддаг болчихсон. Тийм хүнийг ямар ч хамаагүй аргаар харлуулж, дайрч доромжлохыг оролддог. Энэ асуудал ганцхан Замын-Үүдэд байгаа ч асуудал биш л дээ. Нийгмээрээ ажил хийж байгаа хүнийг баалдаг, ажил хийдэггүй, бусдад ая тал зассан, худал хуурмаг, хууль бус үйлдлийг нь нуун дарагдуулдаг хүнийг дэмждэг. Хууль бус үйлдэл хийдэг хүмүүс нийгэмд зөв шаардлага тавьдаггүй юм байна. Би өнөөдөр шударгаар ажилласныхаа төлөө маш их доромжлол амсаж байна л даа. Гэтэл өөрөө хууль бус зүйл хийдэг, түүнийгээ хамт олонтойгоо хуйвалдчихсан, эсвэл хамт олондоо зүй ёсны шаардлага тавих эрхгүй, аманд нь орчихсон албан тушаалтнууд байна. Тэд үнэн зөв шаардлага тавих гэхээсээ илүү муу муухай үйлдэл дээр хамтардаг, биенийгээ өөгшүүлдэг байдлаа сайн удирдагч гээд ойлгочихдог, албан тушаалдаа эзэн болж чадаагүй, албан тушаалыг амин хувьдаа ашигладаг, мөнгө гэж хардаг зарим нэг хүнээс болж хамт олон хохирдог нь харагдаж байна л даа. Хамт олныг зөв удирдаад, зөв шаардлага тавиад явахаар зорилгынхоо төлөө нэг зүгт хараад ажиллаж байна. Намайг ажил авсны дараа нэг байцаагч “Таныг ирээд ажил удирдаж байгаад үнэхээр талархаж байна. Удирдах албан тушаалтнуудаас хөндлөнгөөс ирж байгаа хууль бус дарамт шахалт нь улсын байцаагч хууль ёсны ажил үүргээ гүйцэтгэхэд дарамт шахалт болдог” гэж хэлсэн. Төрийн байгууллагад ажиллаж байгаа албан тушаалтнууд удирдлагандаа ажиллаж байгаа ажилчиддаа хууль бус шаардлага тавьдаг асуудал байсан юм байна гэдгийг олж харсан. Бид төрийн хуулийг хэрэгжүүлж байгаа байцаагч нарынхаа эрхийг хууль ёсны дагуу хамгаалах ёстой.
-Удирдлага хүн ажилтнаасаа хууль бус зүйл шаардана гэдэг бол ёс зүй, ёс суртахууны асар том доголдол байгааг харуулж байна л даа?
– Энэ асуудлыг хоёр талтай гэж хардаг. Нэг талаасаа төрийн томилгоо эзнээ олох шаардлагатай байна. Төрийн томилгоо шударга, эх орон, иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажиллах сэтгэлтэй зүрхтэй хүн томилогдчихвол дээр дурдагдаж байгаа асуудал хаана ч яригдахгүй. Төрийн томилгоон дээр хувийн эрх ашгаар томилогдчихсон хүмүүс байхаар хувийнхаа эрх ашиг, ах дүү хамаатан садан, жалга довны эрх ашгийн төлөө юу ч хийхээс буцахгүй үйлдэл гаргадаг нь харагдаад байна. Тиймээс бид хаана ч байсан төрийн ажлыг хэм хэмжээнд нь хийдэг, шаардлагаа хэм хэмжээнд нь тавьдаг, цаана нь ард иргэд, албан тушаалтнуудынхаа эрх ашгийг хууль ёсны хүрээнд хамгаалдаг байх ёстой. Түүнчлэн хууль бус үйлдлийг нь илчилдэг, хариуцлага тооцдог, халдаг, чөлөөлдөг системийг ил тод болгох ёстой. Аливаа асуудал далд, бүрхэг байх тусмаа л аюул дагуулж байдаг.
-Зарим иргэд Засгийн гараас томилогдож очсон хүмүүс ажлаа хийхгүй байна. Дээрдсэн зүйл алга гэсэн шүүмжлэл хэлж байна л даа. Энэ тал дээр юу хэлэх вэ?
-Сарын хугацаанд экспортоор өдөрт 110, долоо хоногт 770, сард 3300 гаруй автотээврийн хэрэгсэлд гадаргуугийн хяналт тавьж, халдваргүйтгэл хийж байна. Импортын хяналтыг өдөрт 160-170, долоо хоногт 1200, сард 5100 гаруй автотээврийн хэрэгсэлд хяналт тавьж халдваргүйтгэл хийж байна. Анх биднийг ажил авахад экспортод гарах автомашины цуваа 3000 гарчихсан байсан. Энэ бүх авто тээврийн машинууд хилээр гарчихсан. Хоёрдугаарт, импортоор орж ирж байгаа тээврийн хэрэгслийн тоо биднийг ажил авахад 100 байсан. Одоо хамгийн дээд тал өдөрт 187 тээврийн хэрэгсэл орж ирж байна. Тэгэхээр сардаа 6000 орчим тээврийн хэрэгсэл орж ирж байгаа. Эрээн хотод 50 мянган тонн ачаа төвлөрчихсөн байсан. Бид өмнөх сарын 30-ны өдрийн байдлаар 30 мянган тонн ачааг татан авсан. Үлдсэн 20 мянган тонн ачааг наймдугаар сарын 20 гэхэд татаж дуусгана. Нэг тээврийн хэрэгсэл хамгийн багадаа 100 тонн ачаа ачсан гэж тооцвол 140-150 мянган тонн ачаанд хяналт шалгалт тавьсан гэсэн үг. Экспортод гарсан 3800 тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн байна. Энэ ачаа эргэлт мөн биз дээ. Өөрөөр хэлбэл, бид сүүлийн зургаан сарын турш хуримтлагдчихсан байсан ачааг сар гаруй хугацаанд татан авч байна гэсэн үг.
-Стратегийн чухал ачаа бараа оруулж ирнэ гэх нэрээр тусгай зөвшөөрөл авсан тээврийн хэрэгслүүд зөвшөөрлөөсөө өөр бараа бүтээгдэхүүн тээвэрлэсэн зөрчил илрүүлсэн гэсэн. Үүнд ямар хариуцлага тооцох вэ?
УОК-ын шийдвэрийн дагуу стратегийн ач холбогдолтой онцгой бараа бүтээгдэхүүн оруулж ирэх тусгай зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгслүүдийг дараалал дугаарт оруулахгүйгээр нэвтрүүлж байгаа. Гэтэл сумын онцгой комиссын шийдвэрийн дагуу халдваргүйтгэлийн байгууламж оруулж ирнэ хэмээн гарсан тээврийн хэрэгсэл Эрээнээс бэлэн гоймон ачиж оруулж ирсэн. Мөн “Эрдэнэт” ТӨҮГ-ын улсын дугаартай тээврийн хэрэгсэл стратегийн бүтээгдэхүүн болох ширмэн хаалт нь “Эрдэнэт” үйлдвэрт нэн чухал бараа, бүтээгдэхүүн гэж зөвшөөрөл авсан боловч оронд нь барилгын материал оруулж ирсэн зөрчил гаргасныг шалгалтаар илрүүлсэн. Тиймээс зөрчил гаргасан тээврийн байгууллагын D зөвшөөрөлийг зургаан сараар цуцаллаа. Ажил хийж байгаа бол хариуцлагын тухай зайлшгүй ярина. Хариуцлагаа өндөр болгох ёстой.
П.Батзаяа