Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

M.Тулгат: Би намын дарга гэж энд тэнд ярилцлага өгөхөөс цааргалж байгаа


АН-ын дарга М.Тулгаттай ярилцлаа.


– С.Баярцогтыг суллах ёстой –

-Ардчилсан нам сүүлийн үед нам гүм байх шиг.АН-ын дотоод асуудал буюу намын даргын асуудал юу болж байна вэ. Одоо хуулийн хүрээнд ямар асуудал байна вэ?

-Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 7-нд АН их хурлаа хийж, шинээр сонгогдсон намын даргыг буюу намайг бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд холбогдох материалаа өгсөн. Гэвч шүүхийн зүгээс Улс төрийн намын тухай хуулийн 13.9-д заасны дагуу намын дотоод маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй гээд өнөөдрийг хүртэл хоёр удаа буцаагаад байна. Уг нь асуудал маш тодорхой. Аливаа хуулийн этгээд, байгууллагыг хэн төлөөлөх, өмч хөрөнгийг хэн эзэмшихийг улсын бүртгэлийн байгууллага бүртгэж, албажуулж, зохих гэрчилгээг олгоод явдаг. Улс төрийн намын бүртгэлтэй холбоотой асуудлыг бол манайд дээд шүүх шийдвэрлэж байгаа. Өмнөх буюу 2017 оны Улсын дээд шүүхийн намын даргыг бүртгэсэн тогтоол зэрэг нь байж л байна. Ерөнхийлөгчийн сонгуулиар ч манай нэр дэвшигчийг дээд шүүхийн лавлагаанд үндэслээд бүртгэж авсан. Гэтэл намын шинэ удирдлагыг бүртгэж авах дээр тулангуут татгалзаад байгаа нь харин ч намын дотоод асуудалд шүүх хөндлөнгөөс оролцож, хаалт тавьж, энэ нь цаанаа улс төрийн захиалгатай харагдаад байгаа юм. Хуулийн асуудал гэвэл ийм байдалтай байна.

-Нөгөө тал чинь бас шүүхэд материалаа өгч, хөөцөлдөж яваа юу. Өөрөөр хэлбэл, хоёр талаас бас л шүүх рүү хандсан, маргаантай хэвээр байна уу. Энэ асуудал хэзээ нэг талдаа гарах бол. Одоо ч АН-ын дарга С.Эрдэнэ хэвээрээ байгаа гэж яваад байгаа нь ямар учиртай юм бэ?

-Үгүй байх. Шүүхийн багц хуулийн өөрчлөлт зэргээс үүдээд улс төрийн намын хүсэлтийг зөвхөн бүртгэлтэй өмнөх намын даргын гарын үсэгтэй хүлээж авахаар шинээр зохицуулагдсан. Дээд шүүхэд гарын үсэг зурж, хүсэлт өгөх эрх бүхий хүн тэнд байхгүй Хуулийн тал дээр манайх давуу талтай ч, улс төрийн нам бол үзэл баримтлалаараа нэгдсэн хүмүүсийн нэгдэл учир нөгөө талд байгаа хүмүүстээ бас хүндэтгэлтэй хандах ёстой. АН олон толгойтой юм шиг харагдаж, жирийн гишүүд маань ч төөрч будилсан байдалтай байгаа нь бодит үнэн. Ийм байдлаас яаралтай гарах хэрэгтэй байна. Надад лав АН болон Монголын ардчиллын нийтлэг эрх ашгийг давсанхувь хүний амбиц огт байхгүй. Нөгөө талуудтай нээлттэй ярьж хэлэлцэж, аль аль талаас тодорхой буулт хийх шаардлага гарвал миний зүгээс бэлэн байна. Тиймээс ч та бүхэн анзаарсан байх, би ерөөсөө хэвлэл мэдээлэлд гарахгүй байгаа. Өөрийгөө АН-ын дарга гэсэн 2-3 хүн энд тэнд зэрэг гараад, бие биенээ үгүйсгээд явах тусам нийгэмд муухай харагдана. Одоогоор намайг шүүх бүртгэж аваагүй байгаа учир, албан ёсны бүх юман дээр С.Эрдэнэ дарга гэж яваа. Мань хүн өдөр тутмын шийдвэрээ гаргаад, хурлаа зарлаад, тушаалаа гаргаад явж байгаа болохоор үнэнийг хэлэхэд би дотоод ажилд бараг оролцохгүй байгаа. Хийвэл нэгмөсөн хариуцаад хийе, үгүй бол хоёрын хооронд дарга ч юм шиг, биш ч юм шиг явах утгагүй. Өөрийгөө дарга гэж хүлээн зөвшөөрүүлэхийн тулд чичрэн дайрч, хэн нэгнийг “муриад”, эсвэл булаагаад ч хамаагүй тамга олж авах гэх мэт тийм арга барилаар би лав явж чадахгүй. Орчин үеийн улс төрийн нам юм бол хэдэн дээрэмчин цугласан юм шиг аргаар асуудлаа шийдэж баймааргүй байна.

-Одоо тэгвэл ямар гарц харагдаж байна вэ. Таны хувьд ямар нэг алхам түрүүлж хийх үү?

-Нөгөө талд намын дарга гэж яваа О.Цогтгэрэл гишүүн, гишүүдийн гарын үсгийг цуглуулах зэргээр ажиллаж байгаа сайд асан Х.Тэмүүжин, Б.Пүрэвдорж гишүүн, за тэгээд хууль ёсны намын гол түлхүүрийг “атгачихаад байгаа” С.Эрдэнэ дарга, УИХ дахь бүлгийн дарга Ганбат зэрэг хүмүүсийг уриалмаар байгаа юм, хэдүүлээ яс сууж байгаад, хэрхэн яаж нэгдэх талаар хэлэлцэж гарц олох хэрэгтэй. Гол нь “Би биш бол өөр хэн ч биш” гэсэн хандлагаар асуудалд хандвал тэгээд хэзээ ч шийдэгдэхгүй. Үнэндээ “би би” гэдэг амбицаа хойш тавьж чадах уу гэдэг л байна. АН хамтын удирдлагатай, эрх мэдлийн төвлөрлийг задалсан тийм нам байж л цаашдаа эрүүл, хүчтэй явна.

Харин нэг зүйлийг онцолж хэлэхэд, миний зүгээс хэдийгээр нэгдэх, нягтрахын төлөө ярьж байгаа боловч, үзэл санааны хувьд яалт ч үгүй зүүний социалист нөхдийг АН-д гуйж ирүүлэх шаардлага байхгүй. Хүний нэр дурдах зохимжтой биш ч, ойлгомжтой байх үүднээс жишээ болгоход Н.Алтанхуяг, З.Энхболд зэрэг зүүний радикал үзэлтэй болохоо үг, үйлдлээр олон дахин харуулсан хүмүүс АН-аас хол явах хэрэгтэй. Хүн улс төрийн ямар ч үзэл баримтлалтай байж болно, хувь хүний сонголтын асуудал. Харин нэгэнт зүүний социалист, эсвэл үндэсний социалист үзэлтэй бол тэр чиглэлийнхээ намыг л бараадах нь зөв юм. 2000 онд таван нам нэгдэж одоогийн АН-ыг байгуулсан. Тэр механик нэгдэл дотор зүүний социалистууд болоод оппортунистууд багтсан байснаас болоод өнөөдрийг хүртэл АН хэрүүл зодоонтой явж ирсэн гашуун түүх бий.

-Шатахууны үнэ 600 төгрөгөөр нэмэгдлээ. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, орон сууц, үл хөдлөх хөрөнгө, автомашин гээд бүх юмны үнэ өссөөр байна.Сөрөг хүчний намын даргаар сонгогдсон хүний хувьд, та улс орны нөхцөл байдал, эрх баригчдын үйл ажиллагаанд ямар дүгнэлт хэлэх вэ?

-АН-ын бодлогын суурь бол чөлөөт эдийн засгийг дэмжих. Тиймээс үнийг зохицуулах, ер нь аливаа төрийн зохицуулалт гэдэг юмыг шүтэх ёсгүй юм. АН-ын улстөрчийн амнаас “шатахууны үнийг буулга”, “зээлийн хүүг бууруул”, “ноён долларыг битгий давраа” гэдэг үг гарч болохгүй. Мэдээж ийм яриа ард иргэдэд таалагдана. Бас ийм байдлаар эрх баригчдыг шүүмжилж, оноо авах бол амархан. Гэтэл үнэ ханш гэдэг бол өнөөдрийн манай эдийн засгийн бодит байдлын тусгал, ердөө үр дүн нь юм. Долларын ханш ч тэр, зээлийн хүү ч тэр, макро эдийн засгийн бодит байдлын тусгал буюу үр дүн нь. Ханиад хүрсэн хүний өвчнийг углуургаар нь эмчлэх ёстой болохоос биш, чи ханиалгаад байна гэж амыг нь хүчээр хаагаад байж болохгүйтэй адил.

Харин ард иргэдийн худалдан авах чадвар буурсан байна, орлого хумигдсан байна, баян ядуугийн ялгаа улам ихэсч байна гэдэг нь бидний дуугарах ёстой асуудал мөн. Шатахууны үнэ ковид гарахаас өмнө буюу яг хоёр жилийн өмнөх 2019 оны өдийд литр тутамдаа 1820 орчим төгрөг байсан нь тухайн үеийн ханшаар бодоход 70 цент болж байна лээ. Одоо 2050 төгрөг болсон нь мөн л 70 цент хавьцаа юм. Цар тахлаас болж дэлхийн эдийн засаг зогсонги байдалд орж, шатахууны үнэ нэг хэсэг огцом буурсан нь одоо тавигдаж, эргээд өсч байна. Тэгэхээр асуудлын гол нь шатахууны үнэ өссөнд биш, өргөн хэрэглээний барааны нийт үнэ өсч, иргэдийн орлого унаж, худалдан авах чадвар буурсанд бий. Дотооддоо халдвар алдаагүй байхад сүржигнэж, хатуу хөл хорио тогтоож, хамаг эдийн засаг, бизнесээ дампууруулж, иргэдээ орлогогүй, халамжаас хамааралтай болгочихсон шүү дээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа хариуцлагатай хурал дээр “чөлөөт зах зээл гэж байхгүй, төрийн зохицуулалт л гэж бий” гэж хэлсэн. Тэгж хэлсэн манай төр ковидын үеийн менежмэнтээр ямар чадваргүй, арчаагүй болохоо батлан харуулсан. Төр нь данхайх тусам иргэдэд наалдаж байгаа юм алга, дарга нарт л тааламжтай нийгэм бий болж байна. 2010 оноос хойш 10 жилд монгол хүний сарын дундаж орлого 400 долларт явж ирлээ. 10 жил яг л байрандаа эргэлдэж, эдийн засаг сөөм ч тэлсэнгүй. Гэтэл тэр үед 3 их наяд байсан улсын нэгдсэн төсөв одоо 12 их наяд болж төгрөгөөр тооцоход дөрөв дахин өссөн байна. Төр л данхайгаад, дарга нарын хуваарилдаг, хишиг хүртээдэг нийгэм рүү бид явж байна. Сүүлдээ хувийн хэвшил хатингаршиж, төр гэдэг нэрийн цаана хэдэн дарга нараас улам хамааралтай, бидний үр хүүхэд ажилд орохын тулд хэн нэгэн даргын улыг долоодог нийгэм рүү явах тун эвгүй дүр зураг харагдаад эхэлж байна. Өнгөрсөн 10 жилд монголчууд 2010-аад онд хөдөлгөсөн Оюу толгой, Эрдэнэс Таван толгой зэргийнхээ үр ашгаар өнгө зүсээ жаахан сайжруулсан. Улаанбаатар хот хэдэн шилэн байшинтай, зарим талаас нь харахад хөгжөөд ч байгаа юм шиг явсан. Түүнээс хойш эдийн засгийг тэлэх зоригтой алхам юу ч хийгдсэнгүй. Манай намыг бас оролцуулаад, Монголын улс төрийн намууд бүгд л халамж, хайр хишиг, зүүний социалист амлалт ярьцгаасан. Харин зоригтойгоор том төслүүдийг хөдөлгөж, дорвитойхон реформ хийж байсан цөөн хэдэн улстөрчдийг барьж аваад шоронд хийсэн дээ.

-Эдийн засгаа тэлэх ямар алхмуудыг хийж чадсангүй гэж харж байна вэ?

-Манай эдийн засаг уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлээс шууд хамааралтай орон. 2012-2016 онуудад уналтад орж, ёроолдоо хүрч байсан уул уурхайн дэлхийн зах зээл өнөөдөр дэндүү тааламжтай нөхцөлд байна. Зэсийн үнэ өнгөрсөн тавдугаар сард сүүлийн 30 жилд байгаагүй хамгийн өндөр цэгтээ хүрсэн. Алт өнгөрсөн жилийн өдийд мөн л сүүлийн 30 жил байтугай түүхэн рекорд тогтоох өндөр үнэд хүрсэн, одоо ч өндөр хэвээр байна. Нүүрс ч мөн адил өндөр үнэтэй, эрэлттэй байгаа. Гэтэл урагшгүй төрийн харгайгаар энэ бүх боломжийг зүгээр халамж болгож тараагаад, идэж ууж, баагаад л дуусгалаа. Өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгад Эрдэнэс Таван толгойн цэвэр ашиг их наяд илүү тоологдох төсвийг төмөр зам бариарай гээд хүүхэд эрхлүүлж байгаа юм шиг хуваарилсан. Тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар хоорондын тохиролцоогоор “тандем” нэрлэгддэг эрх мэдлийн хоршил үүсгэж байсныг одоо учир ойлгох хүмүүс эхнээсээ ярьдаг болж. Тэр Зүүнбаянгийн төмөр зам хэзээ ашиглалтад орох юм, орлоо гээд хааш нь юу зөөх юм? Хэзээ ашгаа өгөх юм? Зүгээр л их хэмжээний төсвийн мөнгийг түгжчихсэн. Эрдэс баялгийг шууд зах зээл рүү нь аваачих төмөр зам байсан бол өөр хэрэг. Дэлхийн зах зээл дэх ийм сайхан таатай нөхцөл, эдийн засгаа тэлэх боломжийг монголчууд бид алдаж, ийм боломжтой сайхан үед иргэдийн орлого, худалдан авах чадвар өсөх биш, харин буурлаа.

Бэрхшээлийг боломж болгох ухаанаар хандвал, жишээ нь ковидын үеэр хамгийн хүнд байдалд орсон албан ёсны бүртгэлгүй жижиг дунд бизнес эрхлэгчдээ бүртгэлжүүлж, албажуулж аваад, тэдэн рүү фокусласан санхүүгийн болон бодлогын дэмжлэг үзүүлсэн бол өдийд татварынхаа баазыг өргөжүүлээд, далд эдийн засгийг хумих боломжтой байв. Нийтэд нь хавтгайруулж тараах биш, яг сөхөрч туйлдсан баялаг бүтээгч хэсгээ хамгаалахад түлхүү зарцуулсан бол тэд эргээд татвараа төлж, улсын эдийн засагт хувь нэмэрээ оруулаад явах байв. Цар тахлаар бүх бизнес туйлдаагүй шүү дээ, зарим салбар бол хэвийн байтугай улам ашигтай ажилласан.

Мөн ковидын үеэр бүх л улс орнууд цахим технологи руу хөрөнгө оруулалт хийж, улам цахимжсан. Манайд тэгж чадсангүй. Цахим технологиос гадна, хүргэлтийн болон шуудангийн үйлчилгээ гэх мэт XXI зуунд ичмээр хоцрогдолтой явж байгаа салбаруудаа хөгжүүлж, үүнтэй зэрэгцүүлээд хаягжилт, бүртгэлийн асуудлаа цэгцлэх боломжийг ковид олгосон, манайхан ашиглаж чадаагүй.

-Саяхан Ерөнхий сайд асан М.Энхсайхан Ерөнхийлөгчийн уучлалд хамрагдаж суллагдлаа. Одоо хорионд байгаа С.Баярцогтын тухайд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Суллагдах ёстой. Яваандаа үзэл санааны хоригдол болж ял авсан хүмүүс цагаатгагдана гэдэгт итгэлтэй байна. Хэрэг нь үндэслэл нотолгоо дутуу, хэрэг шийдвэрлэсэн процесс нь хангалтгүй гэдгээр дахин мөрдөн байцаалт руу буцсан байна лээ. Ерөөсөө л улс төрийн зорилготой байсан гэдэг нь харагдаад байгаа юм. Одоо нэмэлт шалгах ажиллагаа явагдах үед мөрдөн байцаагчид, шүүх хяналтын байгууллагынхан хэн нэгний нөлөөнд, эсвэл олон нийтийн, сошиалын нөлөөнд авталгүй үнэн мөнөөр ажиллаасай гэж бодож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *