Хан-Уул дүүргийн II хорооны нутаг дэвсгэр дэх Нэхмэлийн шар болон “Нутгийн буян” хотхоны дунд барилга хоорондын зай хэт ойр буюу 2009 ам.метр талбайд орон сууц барихаар нүх ухаж эхэлснийг оршин суугчид эсэргүүцсэн.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өнгөрсөн дөрөвдүгээр сард уг газарт ажиллахдаа стандартын шаардлага хангаагүй нөхцөл байдал үүссэн хэмээн үзэж “Марта Грийн” ХХК-ийн газар эзэмших зөвшөөрлийг иргэд, оршин суугчдын хүсэлтээр цуцалж, нөхөн өөр байршилд газар олгох захирамжийг гаргасан тухай мэдээлсэн билээ.
Барилга барих зөвшөөрлийг цуцалсан уг талбайд оршин суугчдын хүсэлтийн дагуу “Марта Грийн” ХХК-иас тохижилт хийж, оршин суугчид чөлөөт цагаа өнгөрүүлэх талбайтай болгожээ.