Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

​П.Наранбаяр: Нэг намд хэт их эрх мэдэл өгөхөөр иргэдийн дуу хоолой арчигдах аюултай

– Сонгогдсон албан тушаалтнуудаас хариуцлага нэхэх цаг болжээ-

ХҮН-ын Нийслэлийн намын хорооны дарга, НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяртай ярилцлаа.


-Та Засгийн газрын үйл ажиллагаанд ямархуу дүгнэлттэй байна?

-Сэтгэл дундуур байна. Нэгдүгээрт, арван их наяд төгрөгийг зах зээл рүү мөнгө санхүүгийн аргаар нийлүүлсэн ч энэ нь яг хэрэгтэй хүндээ, буюу ЖДҮ эрхлэгчиддээ үнэхээр очсон уу ?! Хэдийгээр 30 мянган аж ахуйн нэгж зээл авсан гэж байгаа ч үүний олонх нь эрх баригч намтай холбоотой хүмүүс байх магадлалтай. Гурван их наяд төгрөгийг зориулсан гэж байгаа боловч тэд маш сэтгэл дундуур байгаа шүү дээ. Учир нь ихэнх нь аваагүй. Зарим нэг эрх мэдэлтэн өөрийнхөө хамааралтай арваад компанид авч өгсөн тухай яриа ч чих дэлсэж байна. Тэгэхээр арван их наяд төгрөг Ерөнхийлөгчийн сонгуулийн зорилгод ашиглагдлаа гэж бид хардаж байна. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн юм чинь хамаагүй гэсэн шиг нэг өглөө босоход л бензиний үнийг 40 хувиар өсгөчихлөө. Тэгэхээр Ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгуультай холбогдуулан бензиний үнийг барьж байсан нь тодорхой байна.Төр өөрийн үүргээ маш сул гүйцэтгэж байна.Ийм чухал үед Ерөнхий сайд нь яагаад иргэдийнхээ өмнө гарч ирж ярьдаггүй юм бэ? Өөрөөр хэлбэл, сонгогдсон албан тушаалтнуудаас хариуцлага нэхэх цаг нь болжээ. Гуравдугаарт, коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд сэтгэл дундуур байна. Цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд мэдээж оносон юм байлгүй яах вэ. Гэхдээ алдсан зүйл ч нэлээд их байна. Жишээлбэл, ковидын тусгай хууль гаргаад ямар ч тендергүйгээр маш их мөнгө зарцуулсан. “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд тийм их төсөв зарж хэрэгжүүлэх хэрэгтэй байсан уу?! Яг хэдэн төгрөгийг зарцуулсан бэ гэдгээ иргэдэд үнэн зөвөөр нь тайлагнах хэрэгтэй. Энэ арга хэмжээг авснаас хойш өдөрт 2000-аас дээш халдварын тохиолдол бүртгэгдсэн ийм л үр дүн гарлаа.

Мөн Боловсролын салбарыг хоёр жил “шоронд” хийчихлээ. Үүнд маш их сэтгэл дундуур байна. Дэлхий нийтэд ковид гарсан ч Монголд тархаагүй, дотоодод тохиолдол бүртгэгдээгүй байхад бид танхимаар хичээллүүлэх хэрэгтэйг зөндөө хэлсэн.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд багшийг бэлтгэх явц ч дордлоо. Багш мэргэжил эзэмшиж буй оюутнууд ялангуяа гурав, дөрөвдүгээр курстээ дадлага хийх ёстой. Гэтэл нэг ч удаа дадлага хийж үзээгүй бүхэл бүтэн нэг үеийн багш нар гарч ирж байна. Үүнээс гадна сурагчдын асуудал хүнд байна. Хүүхдүүд хоёр жил танхимаар хичээллэлгүй, цахимаар хичээллэснээр нүд, хөдөлгөөн муудах, дэлгэцийн донтолтод өртөх гэсэн сөрөг үр дагавар гарч байна.БШУ-ны яамнаас гаргасан тоог үзэхэд 178 мянган хүүхэд цахим болон телевизийн хичээлдээ хамрагдаж чадаагүй гэсэн статистик мэдээ гарсан байсан. Цахимаар хичээллэсэн хүүхдүүдийн хувьд ч хоцрогдол бий.Хүүхдүүд бие даан суралцах үйл явцад дасаагүй учраас энэ бол сурагчдын буруу биш.

Мэдээж цар тахлын халдварыг сайн тогтоож байсан үе бий. Үүнийг үнэлэх хэрэгтэй. Гэхдээ тохиолдлын тоо ихээр бүртгэгдсэнээс хойших арга хэмжээнүүд нь ерөөсөө оновчгүй байв. УОК-ийн дарга нь өөрөө яагаад дуугүй болчихов. Ерөнхий сайд ч гэсэн энэ асуудлаар яагаад мэдээлэл өгдөггүй юм. Гэтэл Япон улсын ерөнхий сайд энэ асуудлаар тогтмол ард түмэндээ мэдээлэл хүргэж байна шүү дээ.Манай удирдлагууд дандаа асуудлаас зугтдаг, доод албан тушаалтнууддаа хариуцлагыг үүрүүлдэг арчаагүй байдлаа болимоор байна.

-Есдүгээр сарын 1-нээс эхлэн тав хоног танхимаар, тав хоног цахимаар хичээллэх шийдвэр гарлаа. Энэ хэр оновчтой шийдвэр вэ?

-Есдүгээр сарын 1-нээс хичээл эхлүүлж байгаа нь тун зүйтэй. Гэхдээ энэ шийдвэр багш нарын ачааллыг улам нэмэгдүүлсэн гэж харж байна.

-Боловсролын хоцрогдлыг арилгах чиглэлд ямар бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй бол?

-БШУ-ны яамнаас хоцрогдлыг арилгах гурван жилийн хөтөлбөр боловсруулсан,хүүхэд бие даан суралцахад чиглэсэн лавлах ном,дасгалын номууд хэвлэн гаргаж байгаа нь сайшаалтай. Сурах бичгийг танхимд зориулж,голчлон багшийн туслалцаатайгаар үзэж суралцахаар бичсэн байдаг. Багштайгаа амьд харилцаа үүсгэх боломжгүй болчихсон энэ нөхцөлд бие дааж сурахад зориулсан лавлах ном хэрэгтэй. Нөгөөтэйгүүр цөм хөтөлбөрт заах ёстой хичээлийн агуулгыг товчилж, цэгцлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол 33-35 долоо хоног хичээллэдэг байхад агуулгаа арай гэж зааж дуусдаг байсан шүү дээ.

-Боловсролын багц хуулийг намрын чуулганаар хэлэлцэх гэж байна. Энэ хуулийн ач холбогдлыг та хэрхэн харж байна. Батлагдсанаар боловсролын салбарт хэр ахиц гарах бол?

-Боловсролын салбарын ерөнхий хууль л даа. Би энэ хуулийн Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл дээр Ж.Галбадрах багштай хамтран ажиллаж, саналаа өгсөн. Бидний саналуудыг нэлээд тусгасан байна лээ. Боловсролын салбарт ахиц дэвшил гаргахыг бүгд зорьж байгаа шүү дээ. Л.Энх-Амгалан сайд “МАН-ын ч юмуу, эсвэл АН-ын, ХҮН-ын хууль гэж байхгүй. Энэ бол Монголын боловсролын хууль” гэж хэлснийг зүйтэй гэж бодож байна. Энэ хуульд талууд бүгд өөр өөрсдийн саналыг тусгаж байгаа учраас нэлээн ахиц, дэвшил гарах болов уу.

Ер нь боловсролын чанарыг дээшлүүлэх, багшийг чадавхжуулах, сайн багш нарыг боловсролын салбарт татах, хүүхдийг зөв хүмүүжүүлэх, сургалтын орчны стандартыг мөрдүүлэх, ахлах сургуулийг төрөлжүүлэх, ахлах сургуулийн сурагчдад сонголтыг бий болгох зэрэг нь их чухал байгаа юм. Ахлах сургуулийн хүүхдэд зөвхөн их, дээд сургууль гэсэн сонголтыг өгч байгаа нь өрөөсгөл юм. 18 нас хүрээд хөдөлмөрийн зах зээлд гарч болно шүү дээ. Жишээ нь, монголчууд бид нүүдлийн мал аж ахуйн амьдралтай хэрнээ үүнийгээ сургуульд зааж ирсэнгүй. Малчин бэлтгэх төрөлжсөн ахлах сургууль яагаад Монголд байдаггүй юм бэ? Миний бие“Энх-Амгалан хааны захидлууд” номыг орчуулж байхад “Монгол малчид маш мундаг юм. Өвсийг нарийн сайн мэддэг юм байна. 20 гаруй төрлийн өвсний нэрийг би цуглууллаа” гэсэн мөр байсан. Өнөөдөр малчдаас очоод асуухад 20 гаруй төрөлд хүрэхгүй тав, зургаан төрлийг нэрлээд зогсчихож байгаа юм. “Цахарын нутгаар явж байхад морио сайн сургадгийг нь хараад гайхлаа.Бэлчиж байгаа адуун дээр очоод дэлнээс нь гараараа бариад авч болж байна. Ингэж морьдоо номхон болгож сургажээ” хэмээн Энх-Амгалан хаан захидалдаа дурдаж үлдээжээ. Гэтэл өнөөдөр морио ингэж сургаж байна уу. Ер нь сургуулийн боловсрол сонголт руу чиглэж төрөлжих ёстой. Мөн инженер бэлддэг төрөлжсөн сургуулиудыг сайтар дэмжих хэрэгтэй байна. Мэргэжлийн сургалт гээд хоёрхон жил чанаргүй боловсрол эзэмшүүлээд төгсдгийг болиулж илүү төгөлдөржүүлэх нь зүйтэй. Үүнээс гадна багш нарыг чанартай бэлтгэж, ажиллуулах, тэтгэвэрт гарах хүртэл нь бүтэн циклээр нь харсан байдлаар хуулийн зохицуулалтыг нарийвчлах шаардлагатай. Багшийг нийгмийн хамгийн мундаг, чадварлаг хэсэг болгох нь чухал байна. Сайн багш боловсролын салбарт олноор бэлтгэгдвэл энэ салбар тэр дороо сайжирна.

-Сайн багшийг хэрхэн бэлтгэх вэ?

-Манайд бэлтгэх суурь байна. Боловсролын салбар энэ жил 100 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Миний бодоход 108 жилийн ойг тэмдэглэх нь зүйтэй. Учир нь Богд хаант Монгол Улсын үед буюу 1913 онд Монголд хамгийн анхны орчин үеийн боловсрол олгодог бага сургууль байгуулагдсан. Тухайн сургуульд ирээдүйн Монголын удирдагч Х.Чойбалсан сурч байсан түүхтэй. Социализмын үед Монгол Улс сайн боловсролын тогтолцоог бий болгосныг үгүйсгэхгүй. Одоо бид боловсролыг амьдралд илүү ойртуулж, нийгмийн хэрэгцээ, хөдөлмөрийн зах зээлтэй нягт холбогдсон тогтолцоонд шилжүүлэх хэрэгтэй. Хэрвээ их, дээд сургуулийг зорьж байвал ЭЕШ-ыг илүү өндөр босготой, чанартай болгож өндөр оноотой хүүхдүүдийг авахыг шаардах нь зүйтэй.Ингэснээр их, дээд сургуулийг цөөлөх асуудал аяндаа шийдэгдэнэ.

-Та одоогийн парламентын үйл ажиллагаанд ямар байр суурьтай байгаа вэ. УИХ-ын гишүүд иргэдийн дуу хоолойг төлөөлж чадаж байна уу?

-Эрх барьж буй нам 62 суудалтай, үнэмлэхүй олонх болчихсон. Ардчилсан намын 11 гишүүд дотроо хагаралтай, жинтэй дуугарч сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Зөвхөн популизм маягаар дуугараад байна. Харин ХҮН-аас сонгогдсон ганц гишүүн судалгаа тооцоотой, жинтэй дуугарч байна гэж бодож байна. Нэг намд хэт их эрх мэдэл өгөхөөр та бүхний дуу хоолой арчигдаж байна гэдгийг сонгогчид ч гэсэн ойлгох хэрэгтэй. МАН-ын 62 гишүүд аархаж байна шүү дээ. Төрийн эрх барих дээд байгууллагуудыг бүгдийг нь МАН авчихсан. Мөн орон нутагт үнэмлэхүй ялчихсан. Энэ бол ард түмний сонголт учир бид хүндэтгэлтэй хандана. Гэхдээ хэт өндөр хөөрвөл унахдаа ч чанга гэсэн үг бий.

-Нэг намд хэт их эрх мэдэл төвлөрөх нь ардчилсан тогтолцоондоо хэр нөлөөлөх бол?

-Ардчилал бол оролцоо. Тэгэхээр иргэд өөрсдийн дуу хоолойгоо сонгогдсон төлөөлөгчдөдөө хүргэж, оролцоод явах нь зүйтэй.Монгол Улсын ардчилалд хамгийн аюул заналхийлэл болох зүйл бол гадаад хүчин зүйл. Гадаад орчинд ардчилал биднээс улам холдож байна. Газарзүйн утгаараа шүү. Тухайлбал, Хятад улс удирдагчаа хугацаатай сонгон томилдог байсан. Гэтэл Си Жиньпин гарч ирээд Үндсэн хуулиа өөрчилж, хугацаагүйгээр сонгон томилогдож, нэг хүний дарангуйллыг тогтоох боломжийг бий болгов. ОХУ ч мөн адил. Гаднаас нь харахад ардчилалтай мэт боловч ерөөсөө тийм биш. Манай хил залгасан хоёр хөрш ардчиллыг улам хааж байна. Казахстан манай баруун хилээс ердөө 40 километрийн зайд байдаг. Гэвч энэ улс эхнээсээ л дарангуйлалтай явж ирсэн. Мөн ШХАБ-ын гишүүн орнууд бүгд ардчилалгүй. Сая Мьянмарт ардчиллыг нугачин дарлаа. Энэ мэтээр ардчилсан орнууд хил хязгаарын хувьд биднээс улам холдож байна. Ардчиллын үнэт зүйл рүү дайрсан, хэт үндсэрхэг үзлийг дэвэргэсэн үзэл суртлууд дэлгэрч, үүнийг зарим залуучууд дэмжиж буй нь үнэхээр харамсалтай. Ардчилал,парламентын засаглал Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа. Хоёр том хөршийн дунд хавчуулагдсан Монгол Улс ардчилалгүй бол маш хэцүү байдалд орно шүү дээ. Үүнийг эрх баригч нар ойлгодог юм шиг байгаа юм. 2019 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр парламентын засаглал бэхжилээ гэж харж байгаа.

Р.Хишигжаргал

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *