Categories
мэдээ нийгэм

ОХУ Азийн орнуудтай цэргийн хамтарсан сургуулилт эхлүүллээ

Афганистаны аюулгүй байдлын орчин эрс муудаж байгаатай холбогдуулан ОХУ Төвийн Азийн Узбекистан, Тажикстан зэрэг улсуудтай цэргийн хамтарсан сургуулилт эхлүүлсэн байна. Хамтарсан цэргийн сургуулилтыг Тажикстаны Афганистантай залгаа хилийн бүсэд өнгөрсөн пүрэв гарагт эхлүүлжээ.

ОХУ-ын батлан хамгаалах яамны мэдээлснээр хамтарсан сургуулилтад, танк, дрон зэрэг техник хэрэгсэл болон 2500 гаруй цэрэг оролцож байгаа юм байна. уг сургуулилтыг алан хядагчидтай тэмцэх нэгдсэн зохион байгуулалтад бэлтгэхэд чиглэсэн гэж шинжээчид үзэж байна.

АНУ энэ сарын сүүлээс өмнө Афганистанаас цэргээ татаж дуусах гэж байгаа болон Талибан хөдөлгөөн Афганистаны засгийн газрын эсрэг байлдааны ажиллагааг идэвхжүүлсэн цаг үед Орос Төв Азийн орнуудтай цэргийн сургуулилт эхлүүлж байна. Афганистанд үүссэн тогтворгүй байдлаас үүдэж алан хядагчид Афганистаны хил даван орж ирэх бий гэж хөрш орнууд нь ихээхэн болгоомжилж байна.

Сүүлийн хэдэн 7 хоногт Талибан хөдөлгөөн Афганистаны олон мужид их хэмжээний газар нутагт булаан эзэлж, Иран, Узбекистан, Тажикстан, Пакистан зэрэг улсуудтай залгаа хилийн боомтуудад хяналтаа тогтоогоод байна. ОХУ-ын зэвсэгт хүчний жанжин штабын дарга генерал Валерий Герасимов арми нь Узбекистан руу зэвсэг, цэргийн хүнд техник хэрэгслийн нийлүүлэлтээ нэмэгдүүлж байгааг мэдэгдэж, тус улсыг цэргийн техник тоног төхөөрөмжийн хүчин чадлаа нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, цэргийг нь сургах тусгай төлөвлөгөө гаргаснаа танилцуулжээ.

Энэ үйл явдалд үндэслэн ОХУ Америк Афганистанаас цэргээ гаргаж байгаатай холбогдуулан Төв Ази дахь цэрэг зэвсгийн нөлөөгөө нэмэгдүүлэхийг зорьж байна гэж шинжээчид онцолсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *