Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Лхүмбийн хэрэг 100 жилийн дараа дахин сэргэх нь үү

Сүүлийн хоёр жил Монгол Улс коронавирусийн халдварын нөхцөл байдлын улмаас Үндэсний баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглээгүй. Цар тахлын үед наадам тэмдэглэж, хурдан морь уралдуулах Засгийн газрын шийдвэр нь хүүхдийн эрхийг зөрчихийн зэрэгцээ амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг эрсдэлд оруулж буй үйлдэл хэмээн үзэж төв талбайд иргэд “No naadam” жагсаалыг зохион байгуулсан.

Гэтэл саяхан “No naadam” жагсаалыг зохион байгуулсан зарим залуусыг гадны тусгай албадаас санхүүжүүлсэн нь нотлогдож, улмаар тэднийг баривчлан саатуулсан талаар мэдээлэл явж эхлэв. Ямар юмных нь гадны тусгай алба. Тийм ажилгүй тусгай алба гэж юу байх юм. Монголын наадмыг хийлгэхгүй байх нь гадны улс оронд яг ямар ашигтай юм. Яг ямар ач холбогдолтой гэж санхүүжүүлнэ гэж. Үнэндээ хэн манайнаадмыг тоох билээ дээ. Хэрэв тоодог бол, биднийг хорлох гэж байгаа бол харин ч баяр наадмыг хийлгэнэ биз дээ. Наадаж бөөгнөрч өвчин халдаад үхэг гэж. Энэ бол монгол наадам дархлаа, тусгаар тогтнолд гадны хөл орлоо гэсэн хий хоосон санаагаа бататгах гэсэн үйлдэл. Монголын наадмыг болиулах гээд мөнгө хаяж явдаг, ажлаа алдсан тусгай албатай гадаад улс гэхээр санаанд огт буумгүй байна.

Ж.Лхүмбийн хэрэг, Эрэгдэндагвын хэрэг, Портартурын хэрэг гэдэг шиг эвгүй юмны үнэр гараад эхэлчихэж. Одоо бүр гадны тусгай алба гэдэг шалтагтай болоод авлаа. Өөрсдөд нь таалагдахгүй зүйл гарангуут л “гадныхан санхүүжүүлжээ, гадны гар хөл болжээ” гэсэн мессэжийг олон нийтэд цацаж эхэлж байгаа юм. Энэ бүхний цаад санаа нь тун ойлгомжтой. Жиргээчдийг энэ хэргээр үзэн ядуулах л арга сүвэгчилж байгаа юм. Гадаадын тагнуул гэхээр л хүн бүр үзэн ядна, хэлсэн ярьсан болгоныг нь тоохоо болино гэж тооцож байгаа бохир үйлдэл. Энэ бол дараа дараагийн жиргээ болон шүгэл үлээгч нар, мөн хэвлэл мэдээллийн хүчийг сулруулах гэсэн л арга. Энэ бол зуун жилийн өмнөх Лхүмбийн хэрэгтэйяг адилхан байна.

Монголыг монголоор нь буюу “Лхүмбийн хэрэг” гэгчийг энд эргэн сөхье.

1933 онд болсон МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга байсан Ж.Лхүмбээр толгойлуулсан “Хувьсгалын эсэргүү, Японы тагнуулын Улаанбаатар, Хэнтий, Дорнод аймагт төвтэй бүлэг хэрэг” гэгч зохиомол хилс хэрэг олон мянган монголчуудын цусыг урсгаж, биеийг зовоон сэтгэлийг шархлуулсан гашуун дурсамжийг өнөөдөр монголчууд мартаагүй. Чухамдаа “Лхүмбийн хэрэг” бол Зөвлөлтийн оролцоо нөлөөгөөр Дотоодыг хамгаалах газраас бий болгосон зохиомол хэрэг. “Хувьсгалын эсэргүү, Японы тагнуул Ж.Лхүмбийн хэрэг” гэгч гадаад, дотоодын тагнуулын байгууллагын зохион байгуулсан операци. Зорилго нь туйлын тодорхой. БНМАУ-ыг ЗХУ-ын алс дорнод дахь улс төр, цэргийн найдвартай түшиц газар, бамбай бүс болгох үйл ажиллагааны бэлтгэлийг хангах, монголчуудын гаргаж болзошгүй эсэргүүцлийг ямар ч цаг үед “хувьсгалын эсэргүү” нэрийн дор нухчин дарах боломжийг Засгийн газрын хүчний байгууллагуудын гарт олгох боломжийг нээх явдал байсан гэдэг. “Лхүмбийн хэрэг” нь өнгөн дээрээ япон тагнуулын хэрэг мэт сэтгэгдлийг нийтэд төрүүлэхийг оролдож байсан боловч цаад агуулга нь монгол үндэстнийг нэгдэн нийлэхийн эсрэг томоор явуулж байсан бодлого. Уг хэрэг нь анхнаасаа л боловсруулсан, нэрийн утга агуулгаас үзэхэд зохиомол хэргүүдийг олон нийтэд итгэл үнэмшилтэй болгохын тулд хоорондоо уялдаа холбоотой мэтээр сэтгэгдэл төрүүлж, цаашид их хэлмэгдүүлэлтийн эхлэл үндсийг тавих зорилгыг агуулж байсан. Улс төрийн хэлмэгдүүлэлт, хилс хэрэг гэгч Монголын олон зуун гэр бүлийг хэрхэн голомтоор нь самарч байсан гашуун түүх бидэнд бий. Хэлмэгдүүлэх гол шалтгаан бол зөвлөлтийн нутгаас Монголын нутагт орж ирсэн буриадуудыг Зөвлөлт, БНМАУ, Манжуурийн нутгийг дамнасан тагнуулын ажил хийж байна, түүнийг япончууд дэмжиж байна, тийм учраас тэднийг илрүүлэн баривчлах хэрэгтэй гэсэн явдал юм. Ж.Лхүмбийн хэргийн хэлмэгдүүлэлтийн гол зүйл нь Монгол орны нийгэм, улс төрийн амьдралд идэвхтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан эх оронч, тууштай тэмцэгч олон арван үндэсний үзэлтэн нарыг устгахад чиглэгдэж байсан юм. Ж.Лхүмбийн хэрэг одоо бүрэн цагаадсан. Гэхдээ тэр хэрэг 37 мянган хүнийхалуун амийг авч одсон гашуун сургамжтайхэрэг. бид түүхийн гашуун дурсамжаас сургамж авах ёстой. Үүнтэй адилаар “No naadam” хэмээн жагссан залуучуудыг гадны тусгай албадаас мөнгө авсан хэргээр буруутгах гэж оролдож эхэллээ. “No Naadam” хөдөлгөөнийг гадны байгууллагаас санхүүжүүлснийг тагнуулынхан олж тогтоосон гэх мэдээллийн дараа жагсаалд оролцогчид гаднаас санхүүжилт авсан нь худал мэдээлэл болохоо мэдэгдсэн. Тэд “Монголд сүүлийн 30 жилд болоогүй иргэд, залуусын цэвэр итгэл үнэмшлээрээ аяндаа үүссэн жагсаал. Залуус наадмыг эсэргүүцээгүй, харин УОК, Засгийн газрын оновчгүй шийдвэрүүдийг эсэргүүцэн жагссан. Ер нь бол дарангуйлал тогтсон улс орнуудад эсрэг дуугарсан хүмүүсийг ямар нэг зохиомол хэрэгтэй холбогдуулж дууг нь хорьдог. Яг энэ арга хэлбэрийг эрх баригчид хэрэглэх гэж байна. Монголын ирээдүй болсон залуусынхаа эсрэг ийм “тагнуултай” бохир муухай харагдуулах зохиолын жүжиг дэглэх хэрэггүй. Залуус сайн дураар эвлэлдэн нэгдэж, Үндсэн хуульд заасан эрхээ эдэлснийхээ төлөө ямар нэгэн байдлаар гаднаас санхүүжүүлсэн гэдэг гүтгэлгийг явуулаад түүнд дасан зохицох юм бол, эрх чөлөө гэж яриад ч хэрэггүй” хэмээн хэлж байв.

1930-аад онд гайгүй хэдэн гялтайж гийгүүлж байсан хэдийг нь гадны гар хөл гэж байгаад хядчихсан түүх бидэнд бий. Одоо Японы тагнуулаар тодруулдаг үе эргэн ирж байна. Олон монголыг Японы тагнуул нэрээр хядсан. Одоо гадны гар хөл гэдэг нэр зүүж баривчилдаг болох нь. Иргэдийн итгэл үнэмшлийг гадны санхүүжилттэй гэж гүтгэж байгаа бол залуусыг эх орноосоо урвасан болгож ял тулгах нь. Энэ бол өөрсдөө хяналтгүйдураараа ард түмнийэрх ашгийг үл тоон засаглах гэсэн оролдлогоос өөр юу ч биш. Ерөөсөө л дарангуйлагч нийгэм рүү аажмаар бид гулсаж байгаагийн илрэл. Эрх баригчид хууль хяналтын байгууллагыг хүссэнээрээ хөдөлгөж хуульгүй юм шиг аашлаад ирэхээр л байдал бишдэж эхэлдэг. Засгийн газрын бодлого, шийдвэрийг ард иргэд нь эсэргүүцэхээр гадны тусгай албанаас санхүүжүүлсэн гэж чичдэг болох нь. Энэ бол маш бурангуй жишиг. Удахгүй хүний эрх, ардчилал тэгш эрх, шударга ёс ярьсан бүхэн гадны гар хөл гэсэн нэр зүүлгэх нь. Түүхэн цаг үед болоод өнгөрсөн гашуун сургамж, хар дарсан зүүд шиг өдрүүд, хэлмэгдлийн бараан сүүдрийг монголчууд мартаагүй, мартах ч ёсгүй.

Монголд үг хэлэх эрх чөлөө хязгаарлагдмал байгаа учраас бодит үнэн ил болж, ялан дийлэх боломжгүй түвшинд хүрч байна. Эрх баригчид, тэдний гар хөл бологсдын ашиг сонирхлыг хөндсөн хүн зохион байгуулалттай довтолгоонд өртөх болж. Үнэнийг хэлсэн хүнийг хүн гүтгэсэн гэмт хэрэгтэн болгож чаддаг хууль зүйн систем ч ажиллах болж. Хэрвээ эрх баригчид мэдээллийг хязгаарлах, шүүмжлэлийг зогсоох замаар иргэдийг төөрөлдүүлээд байвал ардчилал нь бүрэн утгаараа хэрэгжихгүй.

Үг хэлэх эрх чөлөө гэдэг нь та, би, бид бүгдээрээ үзэл бодлоо төр засгийн хяналт, дарамтгүй, хэн нэгнээс айхгүйгээр илэрхийлэхийг хэлж буй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *