Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сайед Моллайны тухай цуврал кино бүтээхээр болжээ

АНУ-ын алдарт кино найруулагч, продюсер Алекс Гибни “Metro-Goldwyn-Mayer /MGM/” студи, Израилийн “Tadmor Entertainment” продакшны хамтран Монголын жүдоч Сайед Моллай Израилийн жүдоч Саки Муки нарын нөхөрлөлийн тухай бүтээх телевизийн цуврал киноны гүйцэтгэх продюсероор ажиллахаар болжээ.

Алекс Гибни “Taxi to the Dark Side”, “Enron: The Smartest Guys in the Room” баримтат кино найруулж, “Hulu”-ийн “The Looming Tower”, “Netflix”-ийн “Painkiller” цувралуудын продюсероор ажиллаж байжээ.

Шинэ цувралын зохиолыг Иран гаралтай америк зохиолч Сайрус Новрасте бичиж байна.

“MGM Television”, “Tadmor Entertainment” продакшн Израилийн Муки, Монголын Моллай нарын амьдралаар бүтээл хийх эрхийг аваад байгаа юм.

Цуврал дэлхийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд Израилийн аварга Мукитэй барилдах эрхийн төлөө бүхнээ эрсдэлд оруулсан Ираны Моллайн бодит түүх дээр үндэслэжээ. Хоёр тамирчин төд удалгүй анд нөхөд болж, улс төрийн нөлөөнөөс ангид өрсөлдөхийг хүссэн. Заналхийлэл, дарамт шахалтыг үл тоон Сайед Моллай эх нутгаа орхисон билээ.

Амьдралаараа дэнчин тавьсан Сайедын энэхүү эрэлхэг алхам түүнийг Токиод хүргэж, тэрбээр Монголын туган дор дэлхийн шилдэг жүдочидтой өрсөлдөн, мөнгөн медаль хүртэж, дэлхийг гайхшруулсан юм. Түүний тухай цуврал нь цөхрөлтгүй, няцашгүй зоригийн түүх, спортын үнэн мөн чанар, боломжгүй нөхөрлөлийн түүх юм.

Телевизийн цувралыг Моллай, Муки болон олон улсын жүдо бөхийн холбоотой хамтран бүтээж байна. Энд урьд өмнө гаргаж байгаагүй тамирчдын бичлэгийг харуулах гэнэ.

Энэхүү цуврал нь “Metro-Goldwyn-Mayer /MGM/” студи, Израилийн “Tadmor Entertainment” продакшны хамтарч буй хоёр дахь төсөл гэнэ. Үүнээс өмнө талууд Израилийн “KAN” олон нийтийн телевизээр энэ оны сүүлээр гарах “Айхманн-Эрлэг ярьж байна” баримтат цувралыг хамтран бүтээжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *