Categories
мэдээ нийгэм

“Монгол дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож, удирдах нь” төслийг Улаанбаатарт хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, зөвлөх Б.Мягмар нар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар болон НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын төслийн удирдагч Виктор Лутенко тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.

НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран Хөдөлмөрийн динамик загварыг ДТН аргачлалаар хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Тус хамтын ажиллагааны хүрээнд “Монгол дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож, удирдах нь” төслийг хэрэгжүүлэхээр Улаанбаатар хот, Дархан-Уул, Баян-Өлгий аймгийг сонгоод байгаа аж. Иймээс НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагаас НЗДТГ-тай хамтран хөдөлмөрийн динамик загварыг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх чиглэлээр урт хугацааны гэрээ байгуулан ажиллах хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр онцоллоо.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар “Төслийг хэрэгжүүлэхээр сонгосон хоёр аймагт хүсэлт илгээсэн. Одоо бид нийслэлийн удирдлагуудтай зөвшилцөлд хүрэхээр ажиллаж байна. Нийслэлд хэрэгжүүлэхээр болбол есдүгээр сараас эхлэн төслөө эхлүүлэхээр төлөвлөж байна” хэмээв. Санал болгосон төслийн талаар дотооддоо хэлэлцэн, зөвшилцөж, тодорхой шийдэлд хүрсний дараа хариу мэдэгдэх тухайгаа Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн хэллээ.

Монгол дахь НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагаас сүүлийн жилүүдэд дотоодын шилжилт хөдөлгөөний талаар төрөл бүрийн судалгаануудыг явуулж, шилжилт хөдөлгөөний учир шалтгаан, үр дүн, тулгарч байгаа гол асуудлуудыг нь нарийвчлан судалжээ. Цаашид хамтарч ажиллахаар болбол судалгааны үр дүнгүүдийг дэлгэрэнгүй танилцуулан, төсөл, хөтөлбөрүүдэд ашиглах боломжтой аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *