Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2015 онд барьж дуусгасан Замын-Үүдийн дулааны станцыг ашиглалтад оруулах талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Дорноговь аймагт албан томилолтоор ажиллах үеэрээ мэдэгдсэн байна. Тус суманд баригдсан 90 мегаваттын хүчин чадал бүхий дулааны станц гурван зуухтай бөгөөд дулаан хангамжийн багц ажлын хүрээнд 16 сая орчим долларын өртгөөр боссон юм.
Дулааны станцын хувьд ихээхэн хүчин чадалтай байгууламж бөгөөд зарим тохируулга хийгдээгүй, хэрэглэгч байхгүйн улмаас өнөөг хүртэл ажиллаагүй юм.
Чөлөөт бүсийг нээгээд ашиглалтад оруулбал хөрөнгө оруулагчид нэмэгдэж хэрэглэгч буй болох тухай ч албаныхан өгүүлсэн.
Тиймээс дулааны станцын нэмэлт санхүүжилтыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэж ирэх 10 дугаар сард багтаан ашиглалтад оруулахаар болжээ.