Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Т.Энхтүвшин: “Замын-Үүд”-ийн чөлөөт бүс нээгдсэнээр “Made in Mongolia” шошготой бараа бүтээгдэхүүн гуравдагч улсын зах зээлд гарна

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшинтэй ярилцлаа.


-Замын-Үүдэд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярилцлагаа эхэлье. Өнөөдрийн байдлаар нөхцөл байдал ямархуу байна вэ?

-Замын-Үүдийн чөлөөт бүсийн гадна, дотор талд 1000 гаруй тээврийн хэрэгслийн дараалал үүсээд байсныг бууруулж, чөлөөт бүсийн дотор 380, чөлөөт бүсийн гадна 1250 тээврийн хэрэгсэл байна. Эрээний хил дээр хүлээгдэж буй 3172 ачаа тээврийн хэрэгслийг шуурхай татан авахын тулд өдөрт нэвтрэх авто тээвэр болон төмөр замын тээврийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Хөх хотын болон Эрээний төмөр замын байгууллагатай Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яам болон УБТЗ удаа дараагийн хэлэлцээр хийсний үр дүнд өргөн царигийн гурав дахь замыг нээж эхэлсэн. Ингэснээр өдөрт нэвтрүүлж буй 50 вагон ачааг хоёр дахин нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.

Өдөрт тогтмол 110 автомашин, 50 вагон ачаа тээврийг нэвтрүүлдэг болсноор Эрээний хил дээр гацаад буй бараа бүтээгдэхүүнийг нэг сарын хугацаанд багтааж татан авах тооцоолол гарч байна.Үүнтэй холбогдуулан Замын-Үүдийн боомтын ачаа тээврийг нэмэгдүүлэх, ариутгал халдваргүйтгэлийг эрчимжүүлж, мөн үнийн хөөрөгдлийг цэгцлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Хятад улс өөрсдийгөө ногоон бүс гээд зарлачихсан. Түүнчлэн Өвлийн олимп Хятадад зохион байгуулагдана. Түүнтэй холбоотойгоор Монголд ковид нэмэгдэж байгаа учраас хил гаалиар нэвтрэхэд хүндрэл үүссэн. Хятадын талд 50 жолооч байршуулчихаад тэр жолоочид нь 0 цэг дээр хүргэж өгөөд наанаас нь татаж аваад Улаанбаатар руу явж байгаа. Хамгийн гол нь цаана байгаа бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хурдан татаж авах нь чухал байна. Нөхцөл байдлыг сайжруулахад манайх ногоон бүсээ бий болгох хэрэгтэй. Энэ нь зөвхөн Дорноговь аймгийн асуудал биш, Монгол Улсын хэмжээнд ногоон бүс болоход анхаарч ажиллах шаардлага үүсч байгаа юм.

-Вагон тээврийг нэмэгдүүлэх боломжтой болсон байна лээ.

-Вагоноор ачаа татах ажлыг Зам, тээврийн хөгжлийн яам, УБТЗ онцгой анхаарах хэрэгтэй. Манайх дан замтай учир хүндхэн байна.Өдөртөө манайхаас 14 цуваа гардаг гэхээр 700 гаруй вагон гарч байгаа юм. Буцаж орж ирэхдээ зургаа нь бараа бүтээгдэхүүнээ ачиж, бусад нь хоосон орж ирээд байна.

Угтаа хуримтлагдсан арматур төмөр, тоног төхөөрөмж сав баглаа нь амархан эвдрэхгүй тоног төхөөрөмжийг нүүрс, төмрийн хүдрийн задгай вагоноор ачих асуудлыг Хөх хотын талтай УБТЗ сайн ярилцах хэрэгтэй байна. Эрээн хотод бараа бүтээгдэхүүнийг түрүүлж ачих гэсэн үнийн өрсөлдөөн яваад байна. 3000-4000 машины ачаа бөөгнөрчихсөн, Улаанбаатар хүртэл нэг машин ачаа 70.0-80.0 мянган юань хүрчихээд байна. Энэ тал дээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Зам, тээврийн хөгжлийн яам онцгой анхаарч ажиллах шаардлагатай.

-Ариутгал халдваргүйжүүлэлт манайд маш хангалтгүй байсан шүү дээ.

-Сумын Засаг дарга хил гаалийн онцгой бүс дээр болж байгаа асуудлыг хариуцдаггүй. Хил дээр босоо удирдлагатай байгууллагууд ажилладаг. Тэр гаалийн татвар, үзлэг, гадаадын иргэдийг оруулах, гаргах, ариутгал халдваргүйжүүлэлтийн асуудал бол Гааль, Мэргэжлийн хяналтын 100 хувь хариуцах асуудал.Ариутгал халдваргүйжүүлэлт чинь манай хилээс гарч байгаа машиныг ариутгадаггүй. Гарч байгаа машиныг Хятадын тал иж бүрэн ариутгадаг. Хятадаас орж ирж байгаа машиныг л манайх ариутгадаг. Сүүлийн үед хил дээр гарч байгаа асуудлыг аймаг орон нутгийн удирдлагуудтай хольж хутгаж яриад байгаа юм. Замын-Үүд сум улсын төсөвт жилд 600-700 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийдэг. Гэтэл аймаг, сумын төсөвт нэг ч төгрөг өгдөггүй. Замын-Үүд бол экспорт, импортын байнгын үйл ажиллагаа явуулдаг Олон улсын хилийн томоохон боомт юм.

-“Замын-Үүд” чөлөөт бүсийн байнгын үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гарсан. Бэлтгэл ажил хэр үргэлжилж байна?

2021 оны долдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан холбогдох албаны хүмүүсийн хамт Замын-Үүд суманд ажиллалаа. Замын-Үүд хилийн боомтоор нэвтрэх ачаа эргэлтийг сайжруулах чиглэлээр Ерөнхий сайд болон Шадар сайдын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд тодорхой ажлууд хийж хэрэгжүүлсний үр дүнд ахиц дэвшил гарч эхэлж байна. Засгийн газрын хуралдаанаар “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагааг байнгын болгох шийдвэр гарсан. Замын-Үүд суманд байрлах чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт наймдугаар сарын 14-ний өдөр бүсийг байнгын үйл ажиллагаанд оруулах арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл ажлуудыг хангаж байна. Бэлтгэл ажлын хүрээнд төрийн үйлчилгээ үзүүлэх Хил, Гааль, Мэргэжлийн хяналт, Гадаадын иргэн харьяатын алба зэрэг холбогдох мэргэжлийн албадын үйл ажиллагааг явуулах, зорчигч, ачаа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх байнгын ажиллагааг эхлүүлэхээр ажиллаж байна. “Замын-Үүд” чөлөөт бүсээр зорчигч ачаа тээврийн хэрэгслийг нэвтрүүлснээр Замын-Үүд сумын боомтод үүсээд байгаа ачаа тээврийн бөөгнөрлийг бууруулж, тээврийн урсгалыг нэмэгдүүлж, нэвтрэх чадварыг сайжруулна. Одоогийн байдлаар “Замын-Үүд” чөлөөт бүсийн 3, 4 дүгээр хэсэгт цахилгаан хангамж, усан хангамж, ариутгах татуурга, авто зам, холбоо дохиолол, дулааны станцын барилга байгууламжуудыг барьж байгуулсан бөгөөд эдгээр станцууд бүрэн хүчин чадлаараа ажиллах юм бол чөлөөт бүс болон Замын-Үүд сумыг бүхэлд нь хангах боломж бүрдэнэ.“Замын-Үүд” чөлөөт бүс үйл ажиллагаагаа байнгын болгосноор 2500 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой бөгөөд “Made in Mongolia” шошготой бараа бүтээгдэхүүнийг гуравдагч улсын зах зээлд гаргах боломж нээгдэнэ. Ингэснээр ажлын байр бий болж, экспортын бүтээгдэхүүн нэмэгдэж, бүс нутгийн хөгжилд эерэг олон үзүүлэлт гарахаас гадна гадаадын жуулчдыг хүлээн авах таатай нөхцөл бүрдэх юм.

-Чөлөөт бүсийг нээснээр хил гааль дээр хүлээгдээд байгаа ачаа тээврийн асуудал цэгцрэх үү?

-Бид эдийн засгийн чөлөөт бүсээр бараа материалуудаа татаж авах ажлуудыг яаралтай зохион байгуулах хэрэгтэй. Хятадын чөлөөт бүсээр дамжуулаад Монгол талд чөлөөт бүсэд ачаа таваараа буулгаад нааш нь татаад авчих боломжтой юм. Хамгийн гол нь бид импорт, экспортын хоёр том хил дээрээ онцгой анхаарах хэрэгтэй байна. Энэ жил Гашуунсухайт боомтоор 42 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байсан ч одоогийн байдлаар одоо 7.6 сая тонн нүүрс экспортолсон байна. Төсвийн тодотголоор 26 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Гэсэн хэдий ч он дуустал энэ хэмжээний нүүрсээ гаргаж чадахгүй бол тэр хэмжээгээр валютаа олж чадахгүй болох нь.

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил ямар шатандаа явж байна?

Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед Монгол Улсын эдийн засгийг тэргүүлэх чиглэлийн томоохон мега төсөл Газрын тос боловсруулах үйлдвэр Дорноговь аймагт амжилттай хэрэгжиж байна. Цар тахлаас үүдэлтэйгээр Бүгд Найрамдах Энэтхэг улсын мэргэжилтнүүд ирэхэд хүндрэл үүсч, Монголд ирснийхээ дараа удаан хугацаагаар тусгаарлалтад байсан, мөн Тяньжины боомт, Эрээнд ачаа бараа удаан хугацаагаар саатсан. Замын-Үүдээс үйлдвэрийн талбай руу хийж буй ачаа тээвэрлэлтийн үнэ хэд дахин өссөн. Гэхдээ төлөвлөсний дагуу “EPC-1” багц ажлыг 2022 оны 11 сарын сүүлээр хүлээлгэн өгч, дуусгах төлөвлөгөөтэй. Өнөөдрийн байдлаар “EPC-2”, “EPC-3” багц ажлуудын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн материалыг МГТБҮ-ийн зүгээс боловсруулж 2021 оны 4-5 дугаар сард Энэтхэг рүү илгээсэн боловч цар тахлын нөхцөл байдлаас үүдэлтэйгээр тодорхой болоогүй байгаа юм билээ. Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар манай улс жилд 1.5 сая.тн түүхий тосноос 1.3 сая.тн бүтээгдэхүүн гарган авч, дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг хангах боломж бүрдэнэ.

-Ковидын нөхцөл байдлаас шалтгаалж манайд боловсролын хүртээмж хүндхэн байна. Есдүгээр сараас танхимаар хичээллэх ёстой гэж бодож байна уу?

-Ерөнхий боловсролын сургуулийн танхимын хичээлийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр Эрүүл мэндийн яам, БШУЯ хамтран зөвлөмж боловсруулж байгаа.Эрүүл мэндийн яамнаас хүүхдүүдийг вакцинжуулж байгаа бөгөөд одоогоор 260 гаруй мянган хүүдийг вакцинд хамруулсан мэдээлэл байна. Сум орон нутагт хүн сийрэг учраас халдвар хамгааллыг баримтлан танхимаар хичээллэх боломжтой. Цахим хичээл хөдөө сумдад хүрэхэд хүндрэлтэй. Дорноговь аймгийн зарим сумдад шилэн кабель ч байхгүй. Одоо танхимаараа хичээллээд явахгүй бол ковидоос ч хүнд эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Сургалтын үйл ажиллагаа хоёр жил хааснаас болж хоцрогдол их байгаа бөгөөд энэ жилээс болосвролынхоо асуудалд түлхүү анхаарч, дорвитой арга хэмжээ авахгүй бол сургуулийн өмнөх боловсрол эзэмшсэн хүүхэд гуравдугаар ангид орох жишээний. Тэгэхээр есдүгээр сарын 1-нээс танхимаар хичээллэх нь зүйтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *