Categories
гадаад мэдээ

АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилтыг цуцлахыг шаардлаа


АНУ, БНСУ жил бүрийн наймдугаар сард хамтарсан цэргийн сургуулилт зохион байгуулдаг. Харин энэхүү сургуулилтыг Умард Солонгос хүчтэй эсэргүүцсээр ирсэн юм. Вашингтон, Сөүлийн талууд уламжлал ёсоор энэ жил ч гэсэн цэргийн сургуулилтаа хамтран хийхээр төлөвлөөд байгаа. Харин Пхеньяны зүгээс дээрх сургуулилт нь Өмнөд болон Умардын Солонгосын өдгөө таагүй уур амьсгал доор байгаа харилцааг улам бүр дордуулахад хүргэнэ гэдгийг анхааруулжээ.

Тодруулбал, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны дүү, Солонгосын Хөдөлмөрийн намын Улс төрийн товчооны гишүүн Ким Ё Жон АНУ-тай жил бүр хамтран зохион байгуулдаг цэргийн сургуулилтаа цуцлахыг Өмнөд Солонгосын тал шаардсан мэдэгдлийг гаргажээ.

Энэхүү мэдэгдлийг Умард Солонгосын төв агентлаг болох Ки Си Эн ням гарагт дамжуулжээ. Ким Ё Жон энэхүү мэдэгдэлдээ, “Өмнөд Солонгосын арми болон АНУ-ын зэвсэгт хүчний хамтарсан сургуулилт төлөвлөгөө ёсоор болно гэсэн таагүй мэдээг би сонслоо. Манай засгийн газар болон арми Өмнөд Солонгосын тал дайны сэдлийг төрүүлсэн сургуулилтаа наймдугаар сард зохион явуулах уу эсвэл өөр илүү дээр шийдвэр гаргах нь уу гэдгийг нягт ажиглаж байгаа” гэж тэрбээр мэдэгдэлдээ дурджээ.

Тэрбээр хоёр Солонгосын харилцааг сэргээх нь энэхүү шийдвэрээс ихээхэн хамааралтай гэсэн утгыг ч мэдэгдлээрээ илэрхийлжээ.

Харин өчигдөр Өмнөд Солонгосын зүгээс хариу мэдэгдэл хийлээ. Пхеньяны анхааруулга, дургүйцлийг үл харгалзан Өмнөд Солонгосын цэргийн сургуулилт хийх төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулаагүй байгаа гэдгийг тус улсын Батлан хамгаалахын сайд онцолсон байна.

Энэ нь АНУ, Өмнөд Солонгосын сургуулилт Пхеньян, Сөүлийн харилцааг муутгахад хүргэж болзошгүй байгаа ч хоёр Солонгосын харилцааг сайжруулах, яриа хэлэлцээг эхлүүлэх хүчин чармайлтаа үргэлжлүүлнэ гэдгийг Сөүлийн зүгээс илэрхийлээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *