Categories
амьдралын-өнгө мэдээ

Толбо нуурын эргээс 20 орчим тонн хог хаягдлыг ачиж зайлуулжээ

Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотоос 40 орчим километр зайд орших Толбо нуур нь тус аймгийн иргэд болон дотоодын аялагчид олноор ирж амардаг гол газруудын нэг юм.

Сүүлийн жилүүдэд нуурын эрэгт очиж амардаг хүмүүсийн тоо өсөн нэмэгдэж байгаа. Энэ хэрээр эзэнгүй хог хаягдал тулгамдсан асуудлын нэг болж байгааг Толбо сумын Засаг даргын орлогч Т.Досымбек хэлэв.

“Сумын ЗДТГ-аас холбогдох санхүүжилтийг гаргаж 6 удаа ЗИЛ-130 машинаар, 1 удаа чиргүүлтэй КАМАЗ машинаар амралтын газрууд болон хогийн цэгүүдэд байгаа 20 орчим тонн хогийг ачиж зайлуулсан. Гэхдээ хүн хүч, хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй байгаа асуудал байна. Тухайн газарт сард дунджаар 3-4 мянга орчим хүн ирж амардаг гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Мөн 3 амралтын газар үйл ажиллагаа явуулдаг. Цаашид амралтын газруудтай гэрээ байгуулж ойр орчмын хогийг цэвэрлүүлэхээр ажиллаж байна. Мөн хогийн цэгүүдийг нэмж байгуулах, амрагчдаас тодорхой хэмжээний хураамж авч, тэр мөнгөөр цэвэрлэгээний асуудлыг шийдэхээр хууль, эрх зүйн үндэслэлийг нь судалж байна. Уг асуудлыг өнөө маргаашдаа хэлэлцэж шийднэ. Хог хаягдлыг цэвэрлэх нь дан ганц сумын захиргааны асуудал биш. Ард иргэд ч ухамсартай байж, байгаль орчноо хайрлан хамгаалах зайлшгүй шаардлагатай байна” гэдгийг тэрээр онцлов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *