НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Хасбазартай ярилцлаа.
-Онцгой байдлын байгууллагад хичнээн жил ажиллаж байна вэ. Яагаад заавал гал сөнөөгч болохоор шийдсэн юм бол?
-Онцгой байдлын байгууллагад 2011 оноос анх ажиллаж эхэлсэн. Тухайн үед би 20 настай байлаа. Залуу насныхаа аагаар олон хүний амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндийг авран хамгаалдаг Онцгой байдлын алба хаагч болохыг мөрөөддөг байсан. Тухайн үед ОБЕГ-ын харьяа Аврагч тусгай анги дээр МСҮТ хичээллэдэг байсан. Тэр төвд 14 хоногийн сургалтад хамрагдаж гал сөнөөгч мэргэжил эзэмшсэн. Мөрөөдлөө биелүүлэх боломж олгосон Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн хамт олон, бие бүрэлдэхүүндээ маш их баярлаж явдаг. Тийм ч учраас тэднийхээ итгэлийг дааж, ажлаа улам сайн хийхийг хичээдэг.
-Анхны бүхэн амаргүй байдаг шүү дээ. Анх ямар дуудлага дээр ажиллаж байсан бэ. Айх, сандрах зүйл байсан уу?
-Тийм л дээ. Сургалтын үе болоод бодит амьдрал дээр дуудлагад ажиллах нь бүх зүйлээрээ ялгаатай. Ялангуяа сэтгэл зүйн хувьд их өөр байдаг л даа. Анх гал сөнөөгч болчихоод обектын гал түймэр буюу айлын байшин шатаж байна гэх дуудлагын дагуу ажилласан. Их хэмжээний гал хараад айх, сандрах зүйл байлгүй л яахав. Түүнчлэн ажлын туршлага, техник суугаагүй байсан болохоор утаа, угааранд хахаж цацаад, нус нулимстайгаа холилдсоон. (инээв) Харин сайн хамт олон, ах нар зөвлөж, дэмжсэний хүчинд ажлын орчин нөхцөлдөө дасан зохицож, ур чадвараа улам хөгжүүлэхийг эрмэлзсээр өдий зэрэгтэй гал сөнөөгч болсон доо.
-Анх 2011 оноос онцгой байдлын байгууллагад ажилласан гэхээр 10 жил энэ байгууллагатай ажил амьдралаа холбосон байна шүү дээ. Энэ хугацаанд гаргасан амжилт юу байв?
-Би 2015,2017 онд Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн шилдэг гал сөнөөгч болж байсан бол өнгөрсөн жил НОБЕГ-ын шилдэг гал сөнөөгчөөр шалгарч 16 сая төгрөгөөр шалнуулсандаа маш их баяртай байгаа. Сүүлийн жилийн хугацаанд 320 гаруй удаагийн гал түймрийн дуудлагаар 750 цагийн үүрэг гүйцэтгэн, 280 гаруй удаагийн гал түймрийн дуудлага дээр тархалт хийн тактикийн алдаа дутагдалгүй, гал түймрийн голомтод ажиллаж, 245 хүний амь насыг аварч, төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 2.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн.
-Жилийн хугацаанд 245 хүний амь насыг авран хамгаалсан гэхээр 10 жилийн хугацаанд олон мянган хүний алтан амийг авран хамгаалсан байх. Анх ямар хүний амийг аварч байснаа ер нь санадаг уу?
-Анх 10 настай хүүгийн амийг аварч байсан. Ахуйн хүрээний гал түймрийн улмаас хүү угаартсан, ухаан алдсан байдалтай байсан.
Галаас гаргаж, хиймэл амьсгал хийснээр тухайн хүүхэд ухаан орж эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгснөө ерөөсөө мартдаггүй юм. Хүний амь насыг авран хамгаална гэдэг бол юугаар ч хэмжишгүй, яаж ч илэрхийлэхээ мэдэхгүй гайхалтай мэдрэмж байдаг л даа. Нэг ч гэсэн айл өрхийг элэг бүтэн үлдээж, нэг ч гэсэн хүнд алтан нар харах хувь заяаг бэлэглэхээс илүү сайхан зүйл гал сөнөөгчийн хувьд байдаггүй. Галын аюул гэдэг бол минут секундээр хэмжигддэг.Тиймээс бидэнд алдаа гаргах эрх байдаггүй. Нэг минут, хэдхэн секундын өмнө амжиж ирсэн учраас анхны тусламж үзүүлж, иргэдийн амь насыг аварч, эд хөрөнгө, эрүүл мэндэд учрах эрсдэлийг байгаа хэмжээнд хумих нь гал сөнөөгчдийн гол зорилго байдаг даа.
-Заримдаа хичнээн хичээгээд ч иргэдийн амь насыг аврах боломжгүй тохиолдол гарна биз дээ?
-Тийм үе бишгүй л тохиолдоно доо. Галын нөхцөл байдлаас ихээхэн зүйл шалтгаалдаг. Учир нь гэртээ унтаж байх үедээ угаартаж галд өртөх, мөн гал их хэмжээнд тархсан үед онцгой байдлын байгууллагад дуудлага мэдээлэл ирүүлсэн үед аврагчид очоод ч оройтчихсон байх тохиолдол гардаг.
-Танд ажлаа хийж явахад хамгийн жаргалтай болоод хамгийн хэцүү санагдаж байсан үе хэдийд байсан бол?
-Сандарсан, балмагдсан тэр олон хүний уйлаан орилоон дундаас хүний амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндийг авран хамгаалж үүргээ амжилттай биелүүлсний дараа урт амьсгаа аваад суух л хамгийн жаргалтай байдаг даа. Халуун нурам, дүрэлзсэн улаан галыг унтраан, аюул ослоос бусдыг авран хамгаалаад буцах зам хамгийн сайхан. Ганцхан хүний амь нас аврах л хамгийн чухал зүйл биш л дээ. Цагаа олж унтраасан галаас аврагдаж байгаа юм бүхэн үнэ цэнэтэй. Цагаа тулахаар хүнд хэрэггүй зүйл байдаггүй шүү дээ. Бид хүлээсэн үүргээ биелүүлсэн хэдий ч иргэдээс чин сэтгэлийн урмын үг “баярлалаа” гэхийг сонсоход энэ хорвоогийн хамгийн супер баатар, аврагч болчихсон юм шиг санагддаг.
Хэдэн өдөр, хэдэн сар ажлаа улам их эрч хүч дүүрэн хийдэг дээ. Хамгийн хэцүү, сэтгэл эмзэглүүлмээр, нүд халтирмаар зүйл бол тусламж үзүүлэхэд нэгэнт оройтчихсон байх үе л байдаг даа. Гал түймрийн дуудлагаар биднийг очиход нөхцөл байдал ямраар ч эргэж болно. Галын дуудлагаар цаг, минуттай уралдсаар очиход уур бухимдалтай хүмүүс, өнчрөл хагацал, гэр нь үнс нурам болсон, нэг гэр бүлийн хүмүүс амь насаа алдсан гээд л олон хүнд нөхцөл байдалтай нүүр тулдаг. Мөн аливаа аюул ослоос өөрийгөө аврах чадваргүй бяцхан хүүхдүүд амь насаа алдсан байхад хамгийн их харамсаж, элэг эмтэрдэг. Ийм харамсалтай зүйлс олон тохиолддог. Иргэд галын аюулгүй байдлыг хангах талаар мэдлэг мэдээлэл хомс, эсвэл хэнэггүй, тоомжиргүй зангаасаа болж бага насны хүүхдүүдийг аюултай байдалд оруулдаг. Ялангуяа гэр хороололд амьдардаг айлууд хүүхдүүдээ гаднаас нь цоожлоод явчихдгаас галын аюулд олон ч хүүхдийн амь нас эрсэдсэн гашуун түүх бидэнд байна шүү дээ. Заримдаа хэрвээ тэднийг цоожтой хаалганы цаана үлдээгээгүй байсан бол гэж сэтгэл эмзэглээд унтаж чадахгүй үе ч тохиолдож л байсан. Би өөрөө гурван хүүхдийн аав болохоор миний үр хүүхдээс ялгаа юу байхав гэж бодохоор өр эмтрээд байдаг юм.
-Галын аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээллийг хүргэсээр байтал энэ төрлийн дуудлага мэдээллийн тоо төдийлөн буурахгүй байна. Иргэд ихэвчлэн юун дээр алдаад байна вэ?
– Хүн, ам хэт их нягтаршихын хэрээр гал түймрийн дуудлага, байгалийн гамшигт үзэгдлийн тоо нэмэгдсэн. Түүнчлэн галд тэсвэргүй, шатамхай материалаар барилга, байгууламж болон амины орон сууц барих, үнс нурмаа ил задгай хаях, цахилгааны аюулгүй байдлаа хангахгүй байгаа зэргээс шалтгаалсан гал түймрийн дуудлагын тоо буурахгүй байгаа нь харамсалтай. Хамгийн гол нь гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх боломжтой. Иргэд жаахан хариуцлагатай байгаад Онцгой байдлын байгууллагаас өгч байгаа зөвлөгөө, сэрэмжлүүлгийг өөрийн амьдралд тусгаж аваад хэрэгжүүлчихвэл болохгүй зүйл байхгүй шүү дээ. Гэтэл үнс нурмаа ил битгий хаяарай, цахилгааныхаа утсыг шалгаарай, бага насны хүүхдээсээ шүдэнз хол байлгаарай гэж хэлсээр байтал хайнга, хэнэггүй зан гаргасаар эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарч байна. Мөн сүүлийн жилүүдэд төслийн зуухны буруу ашиглалт, галлагаатай холбоотой осол, их гарч байна. Ялангуяа угаартаж амиа алдах эрсдэл их байна шүү дээ.
-Ажил үүргээ гүйцэтгэж явахдаа өөрсдөө бэртэж гэмтэх тохиолдол гарч байсан уу?
– Бид байнгын бэлтгэлтэй байдаг болохоор учирч болох эрсдэлээс өөрсдийгөө хэрхэн хамгаалах арга техникт суралцсан байдаг. Бид өөрсдөө хүнд тусламж үзүүлэх гэж байж өөрсдөө бэртэж, гэмтэж болохгүй шүү дээ. Жирийн хүмүүстэй харьцуулахад бид сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй, тухайн үеийн туршлагатай ахмад ажилчид, багш нарынхаа зааж сургасныг цаг үргэлж санаж явдаг. Ер нь гал түймрийн нөхцөл байдал дээр үргэлж нэгийгээ хамгаалах тактиктай ажилладаг болохоор гал сөнөөгчдийн амь нэг байдаг гэж хэлж болно. Хүний амь насыг аврахад ч бас ганцаараа гэсэн ойлголт байхгүй. Үргэлж баг хамт олноороо маш шуурхай нөхцөл байдалд ажиллаж хүний амь нас, эд хөрөнгийг аварч хамгаалахыг эрмэлздэг. Зарим тохиолдолд хэдийгээр хөдөлмөр хамгааллын хувцсаа бүрэн өмссөн ч их хэмжээний гал руу ороход хайрагдах, өндрөөс унаж бэртэх, амь насаа алдах тохиолдол ч бий.
-Онцгой байдлын алба хаагчдын ар гэр байна гэдэг амаргүй байх л даа. Ар гэрийнхэн нь таныг хэр дэмждэг вэ?
-Би эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Том хүү минь дөрөвдүгээр анги, дараагийнх нь нэгдүгээр анги, хамгийн бага маань хоёр настай. Миний хань үргэлж намайг дэмжиж, найдвартай ар тал минь байдаг. “Ажилдаа явлаа” гээд эхнэр хүүхдээ үнсээд гарсан хүн маргааш нь ирэхгүй үүрд явсан байж болох тийм л эрсдэлтэй ажил, албыг Онцгой байдлын аврагч, гал сөнөөгчид гүйцэтгэдэг. Тийм учраас албандаа явах бүртээ эхнэр, хүүхдээ үнсээд “Хайртай шүү” гэж хэлдэг. Эхнэр хүүхдүүд, аав, ээж минь ажлаа болгоомжтой хийхийг үргэлж сануулдаг. Би ч бас намайг гээд хүлээж байгаа эхнэр хүүхэд минь гэж бодоод үргэлж бэлтгэл сургуулилтаа сайн хийж, улам хичээж ажилладаг. Миний хүү үргэлж гал сөнөөгч болно, хүнд тусалж, гоё хувцас өмсөнө гэж ярьдаг. Тийм болохоор хүүгийнхээ бахархалт аав байж, мөрөөдлийг нь биелүүлж, гараас нь хөтлөөд Онцгой байдлын байгууллагадаа оруулна гэж боддог. Хүн мөрөөдлийнхөө ажлыг хийх юм бол ямар ч хүнд бэрхийг даваад л гардаг.
-Та МҮОНТ-ийн ММ агентлагийн “Цагийн хүрд” хөтөлбөрөөс зохион байгуулсан “Хулгана жилийн алдартан”-ы нэг буюу “Цагийн хүрдийн баатар”-аар шалгарсан шүү дээ. Тухайн үеийнхээ сэтгэгдлээс хуваалцаач?
-Тухайн үед МҮОНТ-ээс над руу холбогдоод “Манайх жил бүр “Цагийн хүрд”-ийн баатар шалгаруулдаг юм аа. Таны нэрийг дэвшүүлж, шалгарсан байна. Баяр хүргэе. Манай байгууллага дээр ирж шагналаа аваарай” гэж хэлсэн. Намайг жилийн дотор 250 гаруй иргэний амь нас, 2.5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан гэж “Цагийн хүрд”-ийн баатраар шалгаруулсан юм билээ.Тухайн үед маш их баярласан. Хамт олноороо, өөрөөрөө бахархах сэтгэл төрж байсан. Энэ шагналыг Онцгой байдлын байгууллагад 10 жил хоёргүй сэтгэлээр зүтгэснийг минь үнэлж олгосон болов уу гэж боддог. Энэ шагналаасаа асар их эрч хүч, урам зориг авсан. Шагнал гэдэг бол хариуцлага гэсэн үг. Ийм нэр хүндтэй шагнал авсан болохоор улам их хичээж, ажиллах ёстой гэдгийг минь ойлгуулсан. Олон мянган хүнээс урмын үг сонссон доо. Ер нь хүн гавьяа шагнал авахын тулд биш, албандаа сэтгэл зүрхээ бүрэн зориулан ажиллаж байхад аяндаа бүх зүйл болно. Хүртэх ёстой зүйлээ цаг нь ирэхээр хүртдэг болохоор юунд ч яарах хэрэггүй гэдгийг шинэ залуу үеийнхэндээ хэлдэг.Эцэст нь ур чадвар, ухаан мэдлэг, тэсвэр тэвчээрийг зааж өгсөн ахмад үеийнхэндээ, намайг үргэлж хурцалж байдаг мөр зэрэгцэн ажиллаж байгаа найз нөхдөдөө, Онцгой байдлын албанд иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалахаар зүтгэж байгаа шинэ залуу үеийнхэндээ талархсан сэтгэлээ уламжилж байна.
П.БАТЗАЯА