Засгийн газар өчигдөр буюу энэ сарын 20-нд ээлжит бусаар хуралдаж ЭЕШ-ийг ирэх наймдугаар сарын 19-22-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Шалгалтын бэлтгэл ажлын талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хаягаараа дамжуулан мэдээллээ.
Тэрбээр “ЭЕШ-ыг 21 аймаг болон нийслэлийн хэмжээнд нийт 81 байранд авах бөгөөд нэг танхимд 12-15 сурагч байхаар тооцон бэлтгэл хангаж байна. Шалгалтын үеэр ажиллах 9000 гаруй багш болон нийт шалгуулагчийн 38200 нь вакцины II тунд хамрагдсан. Дархлаажуулалт эрчимтэй хийгдсэн тул 17-оос дээш насны иргэдийн дунд халдварын тохиолдол багасч байна. Гэвч коронавирусийн дельта хэлбэр хүн амын дунд бүртгэгдсэн учир халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг зөвлөе. ЭЕШ-ын товыг дахин хойшлуулахгүй байх чиглэл барьж байгаа. Нэг удаа хойшилсон учир дээд боловсролын байгууллагуудтай хамтран I дамжааны оюутнуудын хичээл эхлэх хугацааг уян хатан байдлаар зохион байгуулахаар ажиллаж байна. Цаашид ЭЕШ-ыг жилд хоёр удаа авдаг болно.
Харин халдварын улмаас тусгаарлалтад байгаа сурагчдаас ЭЕШ-ыг есдүгээр сарын 2-5-нд авна. Ингэхдээ эмчийн магадлагаг үндэслэнэ” гэжээ.