Франц Улсын Шамоникс хотод зохион байгуулагддаг “Монбланы марафон” өндөр уулын трасс гүйлтийн тэмцээнд манай баг тамирчид амжилттай оролцож, эх орныхоо далбааг Альпийн нурууны мөнх цаст Монбланы оройд мандуулжээ.
Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Франц Улсад ажиллаж амьдарч буй Цамбын Азбилэг, Баатарын Байгалмаа, Цагаанхүүгийн Батчимэг, Энхбаярын Дөлгөөн, Батсайхaны Дэлгэрмаа, Бадамдоогийн Өнөрбат нарын 6 хүний бүрэлдэхүүнтэй тамирчид амжилттай оролцсон байна.
Монбланы марафон нь 42 жилийн турш зохион байгуулагдаж буй бөгөөд жил бүр 80 гаруй орноос нийт 10,500 гаруй гүйгчид ирж оролцдог олон улсын хэмжээний томоохон тэмцээн юм. Уг тэмцээнд маш олон хүн бүртгүүлдэг тул лоттери буюу сугалаагаар оролцогчдыг сонгодог. Парис хотноо ажиллаж амьдардаг монгол иргэдийн “Монгол гүйгчид” клубын 6 гишүүн сугалаа таарч, оролцох боломж бүрдсэн байна.
Энэ жилийн тэмцээний хувьд КОВИД-19 цар тахлын улмаас оролцогчдын тоог эрс хязгаарлаж, 4,000 хүн оролцож гүйсэн. Тэмцээн нийт 7 ангиллаар (90км, 42км, 23км, 20км, 15км, 10км, 3.8км) зохион байгуулагдсан бөгөөд 23 км зайн төрөлд Ц.Азбилэг (05:45:31), Б.Байгалмаа (05:00:44), 10км зайд Ц.Батчимэг (01:16:15), Э.Дөлгөөн (01:37:53), Б.Дэлгэрмаа (01:37:52), Б.Өнөрбат (01:19:58) нар амжилттай оролцлоо.
Манай тамирчдын хувьд анх удаа уулын болон хэт өндөрлөг газрын тэмцээнд оролцсон байгаа бөгөөд Ц.Батчимэг өөрийн насны ангиллаар 17 дугаар байранд, Б.Өнөрбат 23 дугаар байранд орсон. Бусад гишүүдийн хувьд ч мөн адил хувийн болон клубын хувьд өндөр амжилт үзүүлж барианд орсон байна.
Тус клуб нь зөвхөн гишүүдийн хүрээнд гүйх биш Францад амьдарч байгаа монголчуудаа нэгтгэх, хамтдаа ууланд алхах, спорт хийх зэргээр цагийг зөв боловсон, үр өгөөжтэй өнгөрүүлэх, хүүхэд багачууд, залуустаа эерэг нөлөөлөл үзүүлэх зорилготой олон үйл ажиллагаа хийхээр төлөвлөөд байна.
Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие биенээ дэмжих, суралцах, ажиллаж амьдарч буй улс орныхоо нийгэм, олон нийтэд монгол орноо эерэгээр таниулан сурталчлах, зөв үлгэрлэл үзүүлж байгаад гүйлтийн клубын гишүүдэд Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яамнаас Франц Улсад ажиллаж амьдарч буй монгол иргэдийнхээ өмнөөс халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд өндөр амжилт, сайн сайхныг хүсэн ерөөв.