Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон улсад ажлын айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 7 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийж, Токиогийн зуны XXXII Олимпын наадмын нээлтийн ажиллагаанд оролцоно.

Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гадаад улс оронд хийж буй анхны айлчлал бөгөөд манай улсын гуравдагч хөрш, Стратегийн түнш Япон Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг нотолж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход ач холбогдолтой юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд Ё.Сүга-тай албан ёсны уулзалт хийж, хоёр талын харилцаа, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцоно. Талууд ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааны талаар ярилцана. Түүнчлэн Монгол, Японы хамтын ажиллагааны дараачийн Дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулах ажлын бэлтгэлийг хангах талаар тохирно. Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ Японы эрх баригч Либерал ардчилсан намын удирдлага, Япон Улсын парламент дахь найрамдлын бүлгийн удирдлагатай мөн уулзаж, санал солилцоно.

Ерөнхий сайдын айлчлал Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн босгон дээр болж байгаагаараа онцлог юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *