Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Яаралтай тусламжийн үед үйлчилгээ үзүүлэх нисдэг тэргийн цагийн төлбөр 4 саяас эхэлж байна

Энэ сарын 16-нд орон нутагт зам тээврийн осолд орсон иргэнд нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хашаанд газардсан билээ.

Энэ нь олон хүний талархлыг хүлээж, цаашид машин хүрэх боломжгүй, мөн яаралтай тусламж шаардлагатай өвчтөнийг нисдэг тэргээр энэ мэт тээвэрлэж, амь насыг нь аврах үйлчилгээг нэмэгдүүлэх шаардлагатай хэмээсэн юм. Тухайлбал, 100 орчим км-ийн зайтай орших орон нутагт гэмтсэн, осолд орсон хүнийг машинаар тээвэрлэхэд 2-3 цаг зарцуулна.

Энэ хооронд тухайн хүний биеийн байдал хүндэрч, нас барах эрсдэлтэй. Тэгвэл нисдэг тэргээр 20 орчим минутын хугацаанд тээвэрлэн эмнэлгийн гадна буулгах боломжтой аж. Иймд энэ чиглэлийн үйлчилгээний талаар сурвалжиллаа.

Гэмтэл согог судлалын үндэсний төв өөрийн гэсэн нисдэг тэрэггүй. Тиймээс энэ чиглэлийн үйлчилгээг хувийн нислэгийн компани Иргэний нисэхийн ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, ГССҮТ зэрэг холбогдох байгууллагуудтай хамтарч, Улсын онцгой комиссоос зөвшөөрөл авч, зохих гэрээ байгуулсны үндсэн дээр үзүүлдэг байна. Сүүлд буусан тохиолдлын тухайд “Mongolian aviation academy” нислэгийн сургалтын төвийн нисдэг тэрэг байжээ. Тус өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул суманд гэмтсэн зургаан сартай хүүхдийг 1000 гаран км газраас тээвэрлэн авчирсан байна. Нислэгт 4 цаг 10 минут зарцуулжээ. Цаг алдалгүй ирж чадсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлж амжсан тухай тус төвийн нислэг эрхэлсэн дэд захирал Г.Баттулга хэлсэн юм. Энэ нь тус төвийн он гарснаас хойш гэмтэл осол, эрүүл мэндтэй холбоотой шуурхай үйлчилгээ үзүүлсэн дөрөв дэх тохиолдол юм байна.

Тус төв Airbus helico­tel A-125, Robinson R-66 загварын дунд оврын нисдэг тэрэгтэй аж. Биднийг очиход нэг нь нислэгт гарсан байсан юм. Нисдэг тэргүүд 4-5 хүний багтаамжтай. Цагт 200-250 км хурдтай аж. Нэг дүүргэлтээр 600-800 км зам туулдаг байна. Robinson R-66 загварын нисдэг тэрэгтэй танилцав. Ардаа дөрвөн хүний суудалтай аж. Ерөнхийдөө дотор талыг нь машины бүхээгтэй зүйрлэж болохоор юм. Өвчтөн тээвэрлэх тохиолдолд тусгай зориулалтын дамнуур ашигладаг аж.

Яаралтай нөхцөл байдал үүсч, дуудлага өгөх шаардлагатай бол тухайн нислэгийн компанитай холбогдоно. Тус төвийн тухайд 51-311111 утсаар холбогдох боломжтой юм байна. Дуудлага өгснөөс хойш 30 минутаас нэг цагийн дотор хөөрдөг аж. Хөөрөхөөс өмнө иргэний нисэхээс зөвшөөрөл авна. Уг зөвшөөрлийг цахимаар шуурхай авах боломжтой болсон тул ийн богино хугацаанд нислэг үйлдэх эрх баталгаажсанаар хөөрдөг байна. Нэг нислэгт 8-10 хүн баг болж ажилладаг аж. Нисгэгчээс гадна Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр инженерийн баг бий. Тэд нисдэг тэрэг буух аюулгүй ажиллагааг ханган ажилладаг байна. Нислэгийн явцад эмч нартай холбогдож, улмаар газардахад яаралтай тусламж үзүүлэх бэлэн байдлыг хангасан хүлээж байдаг гэсэн үг.

Одоо үнэ ханшийн тухайд тодруулъя. Нислэгийн цагийн үнэлгээ 4-6 сая төгрөг байна. Өндөр зардалтай салбар тул уг ханшид барихаас өөр аргагүй байдаг гэнэ. Дэлхийн олон оронд эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг нисдэг тэргээр үзүүлдэг байна. Үүнд эмнэлгийн нисдэг тэрэг байхаас гадна хувийн хэвшлийн авиа компаниудтай хамтран ажилладаг аж. Хамгийн гол нь эрүүл мэнд болон нийгмийн даатгалын уян хатан систем үйлчилдэг. Өөрөөр хэлбэл, зайлшгүй шаардлагатайн улмаас нисдэг тэргээр тээвэрлэн тусламж үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд даатгалаас зохих төлбөрийг гаргаж өгдөг. Энэ нь тухайн улс хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалахад хэрхэн хичээл зүтгэл гаргаж байгаагийн илрэл юм. Харин манай улсын тухайд даатгалын систем үйлчилдэггүй. Гэнэтийн осол болж, амь нас нь дээсэн дөрөөн дээр очсон үед нисдэг тэрэг дуудахад төлбөрөө 100 хувь өөрөө хариуцна. Алслалаас хамаарч овоо хэдэн сая төгрөг яригдана. Гэтэл энэ мөнгийг халааснаасаа гаргаад өгөх хүн ховор байна. Иймд даатгалын системтэй уяж, иргэнд очих ачааллыг бууруулах шаардлагатайг “Скай Жет” компанийн гүйцэтгэх захирал Э.Энхзориг хэлж байв. Тухайлбал, 2018 оны нэгдүгээр улиралд зам тээврийн ослын улмаас эмнэлгийн тусламж авч чадалгүй орон нутагт нас барсан 60 гаруй тохиолдол байжээ. Монгол өргөн уудам нутагтай. Дэд бүтэц сайн хөгжөөгүй. Зам харгуй хүнд. Өндөр хурдтай давхих бололцоогүй. Энэ тохиолдолд осолд орсон нэгнийг автомашинаар тээвэрлэж, нийслэл рүү “сэгсчүүлэх” хооронд амьсгал хураадаг байна. Харин нисдэг тэргээр үйлчилгээ үзүүлэх тоог бодлогоор дэмжиж, эрх зүйн хувьд ч хориг саадыг нь бууруулаад өгвөл олон хүний амийг аврах боломжтой санагдсан юм.

Дашрамд дурдахад, энэ төрлийн үйлчилгээ сүүлийн хэдэн жил идэвхжиж байгаа юм. Тодруулбал, Иргэний нисэхийн ерөнхий газарт ерөнхий зориулалттай нислэгийг дэмжих зорилгоор 2016 онд Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх тасаг байгуулагдсан аж. Улмаар Засгийн газрын 2018 оны 120 дугаар тогтоолоор Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр батлагдсанаар эрх зүйн орчин бүрэлдсэн байна. Өөрөөр хэлбэл, бага оврын агаарын хөлөг, нисдэг тэргийг Монголд хөгжүүлэх суурь баримт бичиг болсон гэсэн үг. Ингэж хувийн хэвшлийг бодлогоор дэмжиж, уг салбарт хөрөнгө оруулалт татах боломж бүрдсэнээр бага оврын агаарын хөлөг, нисдэг тэргийн тоо нэмэгдэх болжээ. Хувийн хэвшлүүд нисдэг тэрэг авч эрэн хайх, авран хамгаалах, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх ажиллагаанд ашиглахаас гадна аялал жуулчлал, уул уурхай зэрэг олон хэлбэрээр нислэг үйлдэх боломж бүрдсэн байна. Энэ чиглэлээр манай улсад одоогийн байдлаар гурван компани идэвхтэй ажиллаж, хөрөнгө оруулалт хийх болсон байна. Он гарснаас хойш манай улсад дөрвөн нисдэг тэрэг орж иржээ. Энэ нь тун өндөр тоо аж. Дандаа сүүлийн үеийн загвар. Нэг нь гэхэд АПУ компанийх юм байна.

Г.БАТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *