Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Өсөхбаяр: Загасыг сэртэнгүй дэгээгээр агнахад ямар нэгэн гэмтэл учруулдаггүй

Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Өсөхбаяртай ярилцлаа.



-Манай оронд хэчнээн төрлийн загас байдаг вэ. Зарим төрлийн загасны тоо толгой цөөрч ховордож байна гэх юм. Жишээ нь, тул загас ховордоход ямар хүчин зүйл нөлөөлж байна вэ?

-Монгол орны ан амьтны нөхцөл байдлын хувьд гурван ай савд 79 төрлийн загас тэмдэглэгдсэнээс 30 зүйлийг нь агнуурын ач холбогдолтой гэж үздэг. Агнуурын ач холбогдолтой загаснаас дөрөвний нэг орчим хувьд нь бүс нутгийн хэмжээнд ховордох аюул тулгараад байна. Ховордож байгаа шалтгааныг аваад үзэхэд хүний буруутай үйл ажиллагаа, нөгөө талдаа дэлхийн уур амьсгалын өөрчлөлт нөлөөлж байгаа юм. Мөн уул уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор гол усны бохирдол загас ховордоход голлох нөлөө үзүүлж байна.

-Загасыг үржлийн үед нь агнах их хор хохиролтой байдаг тухай мэргэжилтнүүд хэлдэг. Загасны үржлийн үе хэзээ явагддаг юм бэ. Олон загас байдаг шүү дээ. Өөр хоорондоо харилцан адилгүй байх уу?

-Ховордох аюул нүүрлээд буй загасны тоо толгойг өсгөхөд хамгийн гол зүйл нь үржлийн үед нь агнахгүй байж, хамгаалах явдал. Усны температураас шалтгаалаад жилийн дөрвөн улиралд загасны үржлийн үе тохиож байдаг. Тэр үед нь л агнахгүй бол нэг загас л 20 дахин үржих боломжтой. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс зургадугаар сарын 15-ны өдрийн хооронд нийт загасны 70-90 хувь нь үржилд орж гүйцдэг гэх судалгаа бий. Бусад тодорхой төрлийн загасны тухайд ярихад дархадын цагаан загас жил бүрийн наймдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 20 хүртэл үржилд ордог. Буйр нуурын загасыг тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 1-ний өдрийг хүртэл агнахыг хориглогдог. Үржлийн үе нь тохиож байгаа болохоор л тэр шүү дээ. Омоль гэж загасны тухайд наймдугаар сарын 30-наас аравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл үржилд орж байдаг. Харин зарам загас жил бүрийн есдүгээр сарын 5-наас дараагийн оных нь нэгдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд үржилд орно. Энэ хугацааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлж өгсөн байдаг. Энд нэг зүйлийг онцлоход, загас агнадаг хүмүүсийн дунд жил бүрийн зургадугаар сарын 15-нд л загасны үржлийн хугацаа дуусдаг гэх нийтлэг ойлголттой байдаг. Загасчлалын спортыг шинээр сонирхож байгаа залуус ялангуяа тухайн загасны төрөл зүйлийг мэдэхгүй агнаж буруудах магадлалтай. Өнгөрсөн онд л гэхэд хууль бусаар загас агнасан дөрвөн гэмт хэрэг бүртгэгдсэн. Зөрчил гаргасан тохиолдол маш олон бий.

-Ямар тохиолдолд гэмт хэрэг болдог вэ?

-Дархан цаазат газраас загас агнахад Эрүүгийн гэмт хэрэг үүсгэгдэнэ. Төрийн тусгай хамгаалалтад байгаа дархан цаазат газраас ан амьтан агнах, ургамал түүж бэлтгэх арга хэмжээг хуулиар хориглосон байдаг. Хамгаалалттай бүс нутагт зөвшөөрөлгүй ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан үйлдэл бүрт л Эрүүгийн хариуцлагад татна л гэсэн үг. Зөрчлийн тухайд цагдаагийн байгууллагад шалгадаггүй. Хуулийн харьяаллаар мэргэжлийн хяналтын байгууллага шалгаж шийдвэрлэдэг.

-Загас барих хоббитой масс бий. Загасны тоо толгойд хор хохирол багатайгаар агнах ямар болж байдаг вэ?

-Дэлхий нийтээр загасыг зөв боловсон агнах соёлыг түгээн дэлгэрүүлж ирсэн байдаг. Манайд ч хэрэгжүүлээд л явж байна. Хор хохиролгүйгээр агнахад сэртэнгүй дэгээ ашиглах нь зөв. Сэртэнгүй дэгээ нь загасны эрүү, амыг гэмтээдэггүй. Ямар нэгэн гэмтэл учруулахгүй гэсэн үг. Ер нь загас агнахад тухайн орон нутгийн байгаль орчны газар, Нийслэлийн байгаль орчны газраас тодорхой хэмжээний хураамж төлж загас агнах зөвшөөрөл авдаг. Тухайн зөвшөөрөлд ч хэдэн тооны загас агнахыг заагаад өгчихсөн байдаг. Зөвшөөрлөөсөө илүү тооны загас агнасан бол 30 секунд болоод л усанд нь тавих хэрэгтэй. Амьтан бүхнийг агнаад махыг нь идэх хэрэгцээ шаардлага байхгүй шүү дээ.

-Буцааж тавихад загасны хайрс ч тодорхой хэмжээнд гэмтэх үү. Яаж тавих вэ?

-Гэмтэх эсэх нь тухайн амьтантай яаж харьцаж байгаагаас л шалтгаална. Уснаас нь гаргаад голын эрэг рүү чулуудвал мэдээж тодорхой хэмжээнд гэмтэнэ. Загасны хэрэгсэл зардаг дэлгүүрүүд мэргэжлийн зөвлөгөө өгдөг болчихсон шүү дээ. Дэлхийн нийтэд түгээд буй аргачлалд л суралцах хэрэгтэй.

-Загас гол мөрний экологийн системд чухал ач холбогдолтой амьтан. Ховордох аюул нүүрлээд буй загасыг одоо яах вэ. Зохистой хэмжээнд барихын тулд ямар арга хэмжээ авах вэ?

-Агнуурын ач холбогдолтой 30 гаруй төрлийн загас байгааг би яриандаа онцолсон. Үүний дөрөвний нэгд нь ховордох аюул нүүрлэсэн. Загасны тоо толгойг зохистой хэмжээнд барих, хамгаалахын тулд мэргэжлийн байгууллагаас гаргаж байгаа зөвлөмжүүдийг мөрдөөд явахад л тоо толгой амархан нөхөн сэргэх боломжтой. Иргэдийн зүгээс загасны үржлийн үед л агнахгүй байх нь чухал. Дахин онцлоход нийтлэг загасны тухайд дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ны хооронд үржлийн үе явагддаг. Энэ хугацаанд агнаж болохгүй. Бусад тодорхой төрлийн тав зургаахан загасны тухайд Монгол Улсад маш ховор болсон. Нийтийн дунд яваад байгаа зургадугаар сарын 15-наас хойш л бүх загасыг агнаж болно гэсэн ташаа ойлголтын үр дүн л ингэж гарч байгаа юм. Иргэд үүнийг ухамсарлаж Буйр нуурын загасыг тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 1-ний өдрүүдэд агнахгүй байх хэрэгтэй. Энэ мэт эрх зүйн хэм хэмжээг мэдээд авчихвал хууль эрх зүйн ямар нэгэн асуудалд орохгүй. Нөгөө талд нь загасны тоо толгойг өсгөхөд оруулж байгаа хувь нэмэр нь л яваад байгаа юм.

-Уул уурхайн олборлолт улс орны эдийн засагт тустай ч нөгөө талдаа байгаль экологид тодорхой хэмжээнд сөргөөр нөлөөлдөг. Уул уурхайн олборлолт явуулж буй компаниудын зүгээс ямар оролцоо шаардлагатай байна вэ?

-Уул уурхайн тухайн компаниудын зарим нь хортой бодис гол руу алдсан тодорхой хэмжээний зөрчлүүд шалгагдаж байгаа. Нийт аж ахуйн нэгжүүдийн тухайд нөхөн сэргээлт хийхдээ гол мөрөн нууранд байгаа загасыг үржлийн үед нь хамгаалах, энэ талаар олон нийтийг сэдэлжүүлэх ч юм уу арга хэмжээ явуулах нь үр дүнтэй. Энэ талаар үйл ажиллагаа явуулдаг загас үржүүлгийн төрийн бус байгууллагууд ч бий болсон байна. “Чулуут тул” ТББ-ын тухайд Чулуутын голд тул загасны тоо толгойг нэмэгдүүлэхээр олон улсын байгууллагаас дэмжлэг авч үйл ажиллагаа явуулж байна. Туул голд ч загас нутагшуулах арга хэмжээг зохион байгуулж байгаа. Энэ нь тухайн гол мөрөн, нуурынхаа экологийн системийг тэнцвэржүүлж, бохирдлоос сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Үүнд аж ахуйн нэгжүүд, иргэдийн оролцоо ч чухал үүрэгтэй. Загас үржлийнхээ үед богинохон хугацаанд л хэдэн зуугаар үржих боломжтой амьтан.

-Өнгөрсөн хугацаанд зах замбараагүй устгаж дээ. Үүний ард ямар хүчин зүйл байна вэ?

-Хүмүүсийн тухайд загасны ач холбогдлын талаар мэдээлэл хомс байдаг юм билээ. Орчин үеийн чиг хандлагыг анзаарахад загасны махыг ресторан, зоогийн газарт хэрэглэх гээд байдаг болж. Энэ нь ч залуусын дунд загасны мах идэх хандлагыг түгээжээ. Загасны талаар ойлголтгүйгээс шалтгаалж үржлийн үед нь ч их хэмжээгээр агнаж асуудалд орох тохиолдол гарсан. Өмнө нь бол тухайн бүс орон нутгийн цөөхөн иргэд л тодорхой хэмжээнд агнаж хоол хүнсэндээ хэрэглээд л ирсэн байдаг шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *