Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхгүй байх Засгийн газрын шийдвэр гарсан. Дайны хүнд жилүүдэд ч өнжиж үзээгүй улсын их баяр наадмын өдрүүдийг монголчууд бид анх удаа эрийн гурван наадамгүй өнгөрүүлж байна.Тиймээс баяр наадмын өдрүүдийг хэрхэн өнгөрүүлж байгаа талаар Чингэлтэй дүүргийн иргэн Б.Ганболдтой ярилцлаа.
-Сайхан баярлаж байна уу. Баяр наадмын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юү?
-Сайн. Сайн байна уу. Үнэнийг хэлэхэд баяр наадмын сэтгэгдэл жаахан дундуур л байна. Коронавирусийн цар тахал ганцхан манай улсад гараагүй. Дэлхий даар тархаж хэн хүнгүй эрүүл мэнд, амь насаа хамгаалах асуудалд санаа зовж байгааг ойлгож байна. Гэсэн хэдий ч Засгийн газар баяр наадам тэмдэглэх шийдвэр гаргачихсан байсан. Үүний дагуу бөхчүүд, уяачид, харваачид бэлтгэлдээ гарчихсан бэлтгэл ханачихсан байх үед баяр наадам болохоос долоо хоногийн өмнө Засгийн газар гаргасан шийдвэрээсээ буцсан үйлдлийг үнэхээр гайхсан. Цар тахалтай үед баяр наадмаа тэмдэглэх гэж байгаа учраас бөхчүүд, уяачид, харваачид халдвар хамгааллын дэглэм баримтлаад тодорхой хэмжээний хязгаарлалтын бүсэд PCR шинжилгээ өгч, нарийн дэг жаягтайгаар бэлтгэл сургуулилтаа хийсэн гэж ойлгож байгаа. Гэтэл асуудлыг ямар ч ул суурьгүй хурдан шийдсэнд гомдолтой байна. Би баяр наадамд дуртайдаа хэлээд байгаа юм биш л дээ. Үндэсний их баяр наадам, эрийн гурван наадам гэдэг бол хэдэн бөх барилдаад, морь уралдаад, харваачид харвах төдий асуудал огт биш. Энэ бол үндэсний дархлаа, бахархал, тусгаар тогтнол, өв соёл, монгол хүн болж төрснөөрөө бахархах гэх мэт маш олон талтай асуудал юм л даа. Гэтэл асуудлыг ийм л дорой байдлаар шийдлээ. Коронавирусийн халдвар нэмэгдэх эрсдэлээ тооцсон бол сонгуулиа хойшлуулахгүй яасан юм бол. Өөрсдөө эрх мэдэлд хүрэх болохоороо олон мянган хүн цуглуулж болдог Монгол Улсын түүхэнд дайны хүнд жилүүдэд ч тасралтгүй тэмдэглэж ирсэн Үндэсний их баяр наадам тэмдэглэх болохоор олон хүн цугларч болохгүй гээд цуцалдаг байж болохгүй .
-Хэрэв Засгийн газар анхнаасаа Үндэсний баяр наадмаа тэмдэглэхгүй гэсэн шийдвэр гаргасан бол олон хүн хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгөөрөө хохирохгүй байсан байх л даа?
– Яг тийм л дээ. Анхнаасаа энэ жил баяр наадам тэмдэглэхгүй гэсэн шийдвэр гаргачихсан бол олон хүн хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө, цаг заваараа хохирохгүй байх боломжтой байлаа шүү дээ. Үндэсний их баяр наадам тэр дундаа 100 жилийн түүхэн ойдоо зориулж олон хүн бэлтгэлээ сайтар базаасан. Наадмын өглөө гэнэт л гараад барилдчихдаг, уралдчихдаг, харвачихдаг зүйл биш шүү дээ. Энэ удаагийн Засгийн газарт олон талаараа сэтгэл дундуур байна. Ганцхан наадам яриагүй шүү. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 1980 онд төрсөн, надтай чацуу. Залуу хүн учраас сэтгэлгээ, хандлага нь арай өөр байх юм болов уу гэсэн хүлээлт байсан. Гэтэл өгч байгаа мэдээлэл, гаргаж байгаа шийдвэр нь санаанд хүрэхгүй л байна. Тухайлбал Ерөнхий сайд наадам цуцласан шийдвэрийнхээ талаар хэлэхдээ “Энэ асуудлыг талбай дээр жагсаал болохоос өмнө шийдчихсэн байсан” гэж хэлсэн. Энэ чинь юу гэсэн үг юм бэ. Өчнөөн олон хүн Хүй долоо худагт тал талаасаа цуглаад монголчуудаа баясгах гээд ирчихсэн байхад ийм хариуцлагагүй тайлбар өгч болохгүй л дээ.
-Наадмын өдрүүдийг хэрхэн өнгөрүүлэв?
-Наадам цуцаллаа гээд монголчууд энэ өдрүүдийг тэмдэглэхгүй өнгөрүүлнэ гэж байхгүй л дээ. Хүн бүр өөр өөрсдийн хэмжээнд баярын хуушуураа идээд, агаар салхинд гараад, аялаж зугаалаад л өнгөрүүлж байна. Хэдийгээр эрийн гурван наадам болоогүй ч гэлээ амралтын өдрүүд олон байгаа учраас ахан дүүс, найз нөхдөөрөө амралтаа төлөвлөсөн байх шиг байна. Үүний нэгэн жишгээр бид ч бас ахан дүүсээрээ Гачууртад зуслан дээрээ ирж баяр наадмын өдрүүдийг өнгөрүүллээ. Энэ бол идэж, уух тухтай асуудал огт биш. Бид жилдээ цагаан сар болон баяр наадмын өдрүүдээр л халуун ам бүлээрээ цугларч ахан дүүстэйгээ жаргал, зовлонгоо хуваалцаж, хэн хэнийхээ сэтгэлийн үгээс урам, эрч хүч авдаг. Бусад үед бүгд л дор бүрнээ ажилтай, амьдралтай цаг наргүй байдаг. Ийм учраас дэлхийд гайхагддаг Үндэснийхээ баяр наадмынхаа нээлтийг хамтдаа үзэж, огшиж, баярлаж, үр хүүхдүүддээ өв соёлоо зааж, үндэсний дархлаа, бахархлыг бий болгохоор жил бүр цугладаг. Энэ жил ч урьдын адил тэмдэглэн өнгөрүүллээ. Хамгийн гол нь үзэх, харах, огших омогших зүйл бага л байлаа.
-Жилийн жилд Увс аймгийнхан гойд нааддаг шүү дээ. Энэ жил танай нутгаас тэгш ойн түрүү хүртэх бөхчүүд, уяачид, харваачид олон байсан байх?
-Бид бүгд л монголчууд. Баяр наадам ярихдаа нутаг усны үзэл гаргаж байгаа юм биш л дээ. Гэхдээ л “Увсынхан цол ярьдаггүй, түрүү ярьдаг” гэх үг бий. Улсын наадамд маш их ач холбогдол өгдөг хүмүүс л дээ. Тийм дээ ч урлаг, спорт, бизнесийнхэн, жирийн иргэд нь хүртэл бөхчүүд, уяачид, харваачдаа дэмжиж амжилт үзүүлэхэд нь бага ч болов хувь нэмэр оруулж, сэтгэл зүрхээрээ нэг цул болж чаддаг учраас илүү их амжилт гаргадаг. Тийм учраас жил жилийн наадмаар Увсынхан илүү их амжилт гаргаж нутгийнхаа зон олныг болон нийт монголчуудаа баярлуулдаг даа. Хэний, хаанахын хүүхэд наадмын түрүү авах нь чухал биш л дээ. Хэн ч түрүүлсэн бай монголчууд бид бүгдээрээ баярлаж чаддаг байх ёстой. Бэлтгэл сайтай нь л түрүүлж байгаа шүү дээ.
-Таны хувьд мартагдашгүй сайхан наадам хэзээ болсон бэ?
– Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсаны 805 жилийн ой, Тусгаар тогтнолоо сэргээсний 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадам хамгийн сайхан наадам болсон доо. Тэр жил нийт 1024 бөх уран мэх, хүч бяраа сорин Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээнээ хоёр өдөр барилдсан. Ингээд үзүүр түрүүний барилдаанд шалгаран үлдсэн Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Хилчин спорт хорооны бөх улсын арслан С.Мөнхбат, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын арслан Г.Эрхэмбаяраар арав давж, олон ой давхацсан төрийн баяр наадамдаа түрүүлж, шинээр аварга төрж байсан. Тэр жил С.Мөнхбат аварга хурдтай, дайчин байж, эрэмгий барилдаж түүхэн тэгш ойд түрүүлэхэд нь маш их баярлаж, төрийн дуулал эгшиглэх мөчид өөрөө түрүүлсэн мэт баярлаж, баярын нулимстай л суусан даа. Энэ мэтчилэн олон ч наадмаар шинээр улсын цолонд хүрсэн, түрүүлсэн, үзүүрлэсэн, мэргэн болсон, уясан морь нь айраг түрүү хүртсэн олон хүн хөдөлмөрлөснийхөө үр шимийг хүртэхэд хамтдаа л баярладаг даа. Монголчууд бусдынхаа аз жаргал, амжилтад баярлаж чаддаг ард түмэн. Харамсалтай нь сүүлийн үед баярлахаасаа илүүтэй шүүмжлэх хандлага давамгайлаад байна уу гэж хардаад байх юм. Түрүүлсэн бол допин хэрэглэсэн, морь нь эрлийз, тэр нь ийм тийм гээд л бөөн маргаан дэгдээнэ. Үндэсний бахархал, үндэсний дархлаа руугаа нулимдаг муу жишиг битгий тогтоосой гэж бодох юм. Хэн нэг нь хийсэн бүтээснээрээ төрдөө үнэлүүлэхэд хүртэл юу хийсэн гэж шагнал хүртэв ч гэж байх шиг. “Бусдын сайн сайханд баярладаг бай. Хувь заяаны шанага чинь том болно” Х.БАЯНМӨНХ аварга хэлсэн нь ай дай мөн ч агуу философитой үг юм шүү дээ. Эцэст нь, дараа жилийн наадам даанч хол байгаа ч эрүүл байвал ирэх жилийн наадам үзнэ гэж ерөөе дөө.
П.БАТЗАЯА