Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Баярыг суллачихлаа, одоо М.Энхсайхан, С.Баярцогтыг яах вэ?

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр магадлангаар суллагдлаа.Үзэл санааны, улстөрийн хоригдол гэгдэж буй хүмүүсээс М.Энхсайхан, С.Баярцогт хоёр л хорих ангид үлдэж байна.С.Баярын хувьд ялынхаа талыг эдэлчихсэн, хуулиараа бол засарч хүмүүжсэн зан төлөвтэй учраас нийгэмд аюулгүй гэсэн агуулга дор хорихоос гарч буй. М.Энхсайхан, С.Баярцогтын тухайд анхнаасаа С.Баяраас өндөр ял авсан гэсэн ялгаа бий. Ерөнхий сайд асан М.Энхсайхан 4 жил, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт 4 жил 8 сарын ял сонссон юм. Ингээд харахаар тэдний магадлангаар гарах хугацаа болоогүй гэсэн үг. Магадлангаар орох уу, үгүй юу гэсэн асуудал ч бий гэж хуульчид ярьж байна.Тэд магадлангаар гарахгүй гээд гэдийчихвэл хорихоос гарах хугацаа нь тэр хэрээр хойшлох юм билээ. Сүүлийн үеийн мэдээлэл гэвэл Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан уучлал гуйхгүй гэдгээ мэдэгдчихсэн.Батлагдаад удаагүй байгаа Өршөөлийн хуульд сая онцолсон улстөрийн хоёр хоригдлын аль нь ч багтсангүй. Одоо магадлах, ялаа бүрэн эдлэх, эсвэл ерөнхийлөгч уучлал үзүүлэх, цагаатгах гэсэн хувилбарууд л тэдэнд үлдэж байна. Улс төрийн өнцгөөс нь харвал цагаатгах магадлал бага гэсэн таамаглал дуулдаж байгаа. Үнэнд ойрхон таамаг байх. Уучлалт үзүүлэхийн тухайд хоёр хувилбар бий. Нэг нь хоригдож буй ялтан гэмээ ухаарч уучлал гуйх.

Тэгж уучлал гуйсны үндсэн дээр төрийн тэргүүн өршөөл үзүүлэх боломжтой. Гэхдээ С.Баярцогт, М.Энхсайхан хоёр ийм алхам хийхгүйг хэвлэлд, шүүх хуралд илэрхийлсэн байр сууриас нь төвөггүй харчихаж болно.

Хоёр дахь нь буюу хамгийн боломжтой шийдэл нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Х үрэлсүх өө рийн санаачлагаараа уучлал үзүүлэх шийдэл . Төрийн тэргүүн Ерөнхий сайдын албанаасаа огцрохын өмнө өмнөх Ерөнхийлөгчийг буруутгасан байр суурь илэрхийлснийг уншигчид санаж байгаа байх. Тэрээр экс Ерөнхийлөгчийг шүүх, прокурорыг дарамтлан олон хүнийг хилсээр хэлмэгдүүлсэн гэж буруутгаж, тэр алдааг нь засахын төлөө ажиллана гэж мэдэгдсэн удаатай. Тухайн үед яг ямар мэдэгдэл хийснийг нь онцлон хүргэе. У.Хүрэлсүх “Би Монгол Улсын шүүх, прокурорын байгууллагыг хараат бус байгаасай гэж хүсдэг. ҮАБЗ- ийн гишүүдэд би, наад албан тушаал чинь мөнхийн биш, бид төрийн өмнө хэзээ нэгэн цагт шалгагдана шүү гэж хэлсэн удаатай. ҮАБЗ хэзээ ч хууль зөрчиж болохгүй, Ерөнхийлөгч өө, хэрвээ та бид нар хууль зөрчвөл Монголын төрд хууль биелүүлдэг газар үгүй болно шүү гэж би удаа дараа хэлсэн. Монголын төр бол хууль хэрэгжүүлдэг төр байх ёстой. Тэр тусмаа төрийн тэргүүн хүн хуулиа биелүүлэх учиртай. Монголын Ерөнхий сайд, гүйцэтгэх засаглалынхан ч хуулийг ягштал биелүүлэх ёстой. Монголын парламентаас гарсан хууль тогтоомжийг ягштал биелүүлэхгүйгээр цаашаа явахгүй. Төрийн ажлыг хувийн ажил болгож болохгүй. Хатуу удирдагчтай төрийг муу, хуулиа дагадаг зөв засаглалтай төрийг сайн төр гэнэ. Бид хонгил гэж ярьдаг. Би ажлаа өгснийхөө дараа Монголын хууль яаж зөрчигдөж байсан тухай, Монголын шүүх прокуроруудад яаж дарамт шахалт учруулж явсан талаар нотолгоо баримттай ярина. Хууль хүчний байгууллагынхан ч энэ асуудлаа өөрсдөө гаргаж тавих байх. Зарим дээр нь мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлага ч бий. Ингэж байж төр тогтворжиж, хууль хэрэгжинэ . Би цаашдаа шударга ёсны төлөө тэмцэнэ. Ерөнхий сайд байхад ингэх хэцүү. Би сул гишүүн болоод хэн яаж хууль зөрчиж, хэрхэн хулгай хийдэг байсан талаар ард түмэндээ ярина. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хууль зөрчиж байгаа. Энэ хүн нам бус. Намаасаа түдгэлзэж ажилладаг алба. Гэтэл дандаа намын ажил хийж яваа. Танай намынхан ч өөрсдөө энийг чинь шүүмжилдэг. Ардчилсан намаас амарлаа. Ардын засгийг самарч байна. Алсдаа Монголыг самрах юм байна, энэ хүн” хэмээн хэлж байсан юм.

Тухайн үед ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ч У.Хүрэлсүхтэй агаар нэг мэдэгдэл хийж байв. Хууль зүйн сайдын “Энэ Засгийн газар шударга бусын хонгилыг нураахын тулд Шүүхийн багц хуулийг хийлээ. Ерөнхийлөгчийн зүгээс Шүүхийн тухай хуулиа тат гэдэг шахалтыг хууль санаачлагчийн хувьд надад тавьж байсан. Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхарт шүүгч хүн ирж, хэнд хэдэн жилийн ял оноох вэ гэж асуудаг байдлыг өөрчлөхийн тулд бид шүүхийн тухай хууль, Авлигын хуулиудаа батлуулсан. Ард түмний эв нэгдлийг илэрхийлэх үүргээ умартсан Ерөнхийлөгчид энэ УИХ импичмент үзүүлэх ёстой” гэсэн мэдэгдэл цагаан дээр хараар бичигдээд үлдчихсэн.

Сая онцолсон мэдэгдлүүдээс хөөгөөд харахаар Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд өөрийнхөө санаачилгаар М.Энхсайхан, С.Баярцогт хоёрт уучлал үзүүлэх магадлал өндөр харагдаад байгаа юм.

С.Баярцогтын хувьд байдал нааштайгаар эргэж мэдэх өөр нэг гарц бий. Энэ сарын 19-нд Улсын дээд шүүхийн эрүүгийн танхимын нийт шүүгчдийн хуралдаан болно. Тэд хоёр асуудал хэлэлцэхээр товлоод буй. Эхний асуудал нь Да.Ганболд, Б.Бямбасайхан, С.Баярцогт нарын гомдол. Тэд цагаатгуулах гомдол гаргаад байгаа. Эрүүгийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны хэлэлцэх хоёр дахь асуудал бол шүүгчдийн тусгай санал. Да.Ганболд, Б.Бямбасайхан, С.Баярцогт нарын асуудлаар тавдугаар сарын 19-нд таван шүүгч хуралдаж эцсийн шийдвэрийг гаргаж байсан юм. Шийдвэр гаргахад оролцсон таван шүүгчийн хоёр нь шүүхийн шийдвэрийн талаар өөр байр суурьтай байсан учраас тусгай санал гаргасан юм. Наадмын дараа Дээд шүүх ийм хоёр асуудлыг эцэслэж шийднэ гэсэн үг. Хоёр шүүгчийн тусгай саналын тухайд шүүхэд илэрхий хууль зөрчсөн алдаагаа залруулах боломж гарч ирж байж мэдэх юм.

Бүр тодруулж хэлбэл, Монголын шүүх ямар нэг эрх мэдэлтний далайлт , шахалтаар илт хууль бус шийдвэр гаргасан нь үнэн бол тэр алдаагаа засах боломжийг алдахгүйг хичээх нь тодорхой. Хоёр шүүгч тусгай санал гаргасныг “Өөрийн гэсэн байр суурь, үзэл бодолтой, эрүүл сэтгэдэг шүүгч нар байна” гэж өөдрөгөөр таамаглаж харах хуульч ч цөөнгүй байна. Энэ хурлын үеэр С.Баярцогтын ялыг багасгаж магадгүй, тэгсэн тохиолдолд магадлангаар суллагдах боломж нээгдэж ч мэдэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *