Categories
мэдээ нийгэм

З.Боргилмаа: Сэтгүүлчдийн биед халдсан асуудалд цагдаагийн байгууллага буруугаа хүлээхгүй байна

Өнгөрсөн тавдугаар сард Ардчилсан намын гишүүд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлах үед үйл явдлыг сурвалжлахаар очсон сэтгүүлчид цагдаагийн хөлд үрэгдэн газар унасан тохиолдол гарсан. Энэ явдлын дараа Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Хууль зүй дотоод хэргийн сайд болон Цагдаагийн ерөнхий газарт гомдол, шаардлага хүргүүлжээ.

Энэ шаардлагын хариуд цагдаагийн байгууллагаас сэтгүүлч өөрөө унаад, нийгэмд буруу ойлголт төрүүлсэн, цагдаагийн байгууллага сэтгүүлчдийн ажилд саад хийгээгүй, эсрэгээрээ сэтгүүлчид цагдаагийнхны ажилд саад болсон гэх хариу явуулсан байна. Энэ маргааны явцын талаар Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс өнөөдөр хэвлэлийн хурал хийж мэдээлэл өглөө.

МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа:“Өнгөрсөн тавдугаар сарын 3-ны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болон түүнээс хоёр хоногийн өмнө болон дараа нь болсон үйл явдлуудын талаар бид шаардлага гаргаж ХЗДХ-ийн сайд, ЦЕГ-ын дарга зэрэг хууль хүчний байгууллагын удирдлагуудад албан шаардлага хүргүүлсэн.

Тэр шаардлага нь сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд цагдаа хүчний байгууллагын алба хаагчид саад учруулсан. Энэ нь хэвлэлийн эрх чөлөөний эсрэг үйлдэл болсон. Нөгөө талаас сэтгүүлчдийн биед, эрүүл мэндэд халдсан үйл явдал боллоо. Үүнд холбогдох буруутай хүмүүсийг олж тогтоох, буруу зөвийг ялгах, энэ үйлдэлдээ цагдаагийн удирдлагууд хариулт өгөхийг шаардсан утгатай албан шаардлагуудыг бид гаргаж нийгэмд мэдээлсэн.

Тухайн үед Ерөнхийлөгчийн сонгууль болохын өмнө улс төр халсан хүнд нөхцөл байлаа. Парламентын сөрөг хүчин талбайд өлсгөлөн зарлаж байсан. Нөгөө талаар хөл хорионы нөхцөл байсан учраас иргэдийн зорчих хөдөлгөөн хязгаарлагдмал, иргэд мэдээллийн сувгаар мэдээлэл авч байсан. Өлсгөлөн зарлаж байсан үйл явдлыг сурвалжлахаар талбай руу нэвтрэх гэсэн сэтгүүлчдэд цагдаагийн алба хаагчид шаардлага тавиад улмаар хүч хэрэглэж түлхэж унагаасан. Энэ үйл явдлын хохирогч болсон сэтгүүлч нь NTV телевизийн сэтгүүлч Д.Уламбаяр. Д.Уламбаярыг түлхүүлж унаснаас хэд хоногийн дараа талбай дээрх үйл явдлыг сурвалжлах гэсэн сэтгүүлчдэд хүч хэрэглэж, Парламент телевизийн сэтгүүлч Г.Гэрэлмаа болон Bolod.mn сайтын сэтгүүлч С.Чинтогтох нар мөн унасан.

Нэгдүгээрт, ямар үйл явдлыг сурвалжлах, сурвалжлахгүйг шийдсэн цензур тавьсан үйл явдал. Үүнийг хүчний байгууллагуудаар дамжуулж хэрэгжүүлсэн.

Хоёрдугаарт, ямар шаардлага тавьсан бай сэтгүүлчийн биед халдах, түлхэгдэх, цохигдох, унах зүй бус үйлдэл байж болохгүй. Энэ асуудалд буруутай хүмүүст нь хариуцлага тооцож өгнө үү гэсэн шаардлага хүргэсэн.

Бид эхний шаардлагаа ЦЕГ-ын дарга Ж.Болдод тавдугаар сарын 6-ны өдөр хаяглаж хүргүүлэхэд тавдугаар сарын 8-ны өдөр буцаж бичгээр хариу ирж “Сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаагүй, бид цагдаагийн албаны тухайн хуульд /олон зүйл заалт дурдан/ зааснаар чиг үүргээ хэрэгжүүлж ажилласан. Харин цагдаагийн алба хаагчдын мэргэжлийн үйл ажиллагаанд сэтгүүлчид саад учруулсан” гэсэн үнэлгээ дүгнэлт, байр суурь бүхий бичиг ирсэн.

Цагдаагийн албаны хуульд хэрэг зөрчил тарьсан үймээн самуун дэгдээсэн, зорчих хөдөлгөөн хязгаарласан, согтуу байсан, эрэн сурвалжлагдсан гэх мэт үйлдлүүдэд цагдаагийн алба хаагчид арга хэмжээ авах ёстой гэсэн заалтууд байна. Сэтгүүлчид ямар нэгэн хэрэг зөрчил хийгээгүй, үймээн самуун үүсгээгүй, согтуурч мансуураагүй, явган зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулаагүй, мэргэжлийн ажлаа хийгээд, иргэдэд мэдээлэл хүргэх гээд явж байсан.

Гэтэл яагаад гэмт хэрэгтэн шиг харьцаж, сэтгүүлчдийн биед халдаж байгаа вэ гэдэг үндэслэлээр бид дахиад хариу албан бичгээ явуулсан. Хариуд нь цагдаагийн албаны тухай хуулийн олон зүйл заалтыг хасаад 23 дугаар зүйлийг хэрэгжүүлсэн гэсэн тайлбарыг өгсөн. Мөн сэтгүүлчдийг алба хаагчдын хууль ёсны шаардлагыг зөрчих, биелүүлэхээс зайлсхийх, халдвар хамгааллын журам зөрчин, хамгаалалтын бүс рүү нэвтрэхийг завдсан, цагдаагийн алба хаагчийг хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байна хэмээн заавал орно хэмээн дайрч цагдаагийн алба хаагчийн ажилд саад учруулсан гэж буцаагаад биднийг буруутгасан.

NTV телевизийн сэтгүүлч Д.Уламбаяр унасан асуудлаараа иргэний хувиар гомдол гаргасан. Энэ асуудлаар цагдаагийн дотоод хяналт шалгалтын байгууллага ажиллаж, шалгалт хийж байна гэж Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлд хаягласан албан бичигтээ дурдсан байсан.

Мөн энэ ажлын хариуг сэтгүүлч Д.Уламбаярт өөрт нь хаягласан албан бичигтээ бичсэн байсан. Энэ албан бичигт цагдаагийн алба хаагч болон сэтгүүлчдийн хооронд үл ойлголцол үүсэж, түлхэлцэх үед таны газарт унасан нь иргэдэд сэтгүүлчийн биед халдсан гэх ойлголтыг төрүүлжээ гэсэн. Үүнээс сэтгүүлч өөрөө унасан нь нийгэмд буруу ойлголт төрүүлсэн гэсэн дүгнэлтийг цагдаа хийсэн байна.

Парламент телевизийн сэтгүүлч Г.Гэрэлмаа, Bolod.mn сайтын сэтгүүлч С.Чинтогтох нарын биед хөхрөлт, зулгаралт зэрэг зөндөө сорви биед нь үүссэн байсан. Энэ хоёр сэтгүүлчийн биед халдсан асуудлыг шалгахад шаардлагатай байгаа сэтгүүлчдийн унах үеийн дүрс бичлэг хийсэн телевиз сайтуудын бичлэгийн хуулбарыг ирүүлж хамтарч ажиллана уу гэсэн. Нотлох баримтаа өөрсдөө цуглуулахгүй, ажлаа амарчилж биднээр нотлох баримтаа бүрдүүлэхийг хүссэн. Үүнд бид хариу өгөөгүй. Шалгалт явуулж байгаа цагдаа, хуулийн байгууллагын ур чадварын асуудал. Ингээд энэ асуудлыг шалгах явцдаа ямар дүрс бичлэг үзсэнийг мэдэхгүй. Ямар ч байсан эвлүүлэг байна гэсэн хариу өгсөн. Тухайн үед олон сайт телевиз шууд дамжуулалт хийж байсан учраас эвлүүлэг хийх боломжгүй.

Цагдаагийн алба хаагчдын ёс зүйг гайхаж байна. Илэрхий цагдаагийнхны хөлд үрэгдээд унасан байхад өөрсдөө унасан гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Буруугаа хүлээхгүй байна. Хүчний байгууллагын үйлчлэл байхгүйгээр өөрөө унасан гэсэн дүгнэлт гаргаж байна. Мөн шууд дамжуулалтыг эвлүүлэг гэж байгааг ойлгохгүй байна.” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *