Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Анагаах ухааны доктор С.Чимидцэрэн: Нийт иргэдийн 75 хувь вакцинд хамрагдаж байж сүргийн дархлаа үүсэх боломжтой

АШУҮИС-ын Био-Анагаахын сургуулийн Дархлаа судлалын тэнхимийн дэд профессор, анагаах ухааны доктор С.Чимидцэрэнтэй ярилцлаа.


-Манай улсын иргэдийн 54.1 хувь буюу 1.761.298 хүн коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагджээ. Хүн амын тал хувь нь дархлаажуулалтад хамрагдсан ч халдварын тохиолдол буурахгүй хэвээр байна. Тэгэхээр вакцинжуулалт хэдэн хувь хүрч байж сүргийн дархлаа тогтох вэ?

-Сүргийн дархлаа буюу нийтийн дархлааг, идэвхтэй дархлаажуулалтад хамрагдсан хүн амын тоогоор томьёолдог. Өөрөөр хэлбэл, халдвараар өвчилж дархлаа тогтсон хүмүүсийг оруулахгүйгээр ДЭМБ-аас тооцдог. Зарим эрдэм шинжилгээний ажилд дурдсанаар вакцинжуулалтад хамрагдсан иргэдийн тоон дээр халдвар аваад дархлаа тогтсон хүний тоог нэмж тооцоолж болно хэмээсэн байдаг. Тэгэхээр вакцины нөлөөгөөр үүссэн дархлаа тогтох явцын нь тодорхой хувийг сүргийн дархлаа буюу herd immunity гэж нэрлэдэг байх нь. Гэхдээ дархлаа тогтох үйл явц нь вакцинаар хамгаалагддаг өвчлөл болгонд харилцан адилгүй. Тодруулбал, улаан бурхан өвчний үед хүн амын 95 хувьд дархлаа тогтсоноор сүргийн дархлаа үүссэн хэмээн үзсэн байдаг. Одоогийн байдлаар коронавирусийн эсрэг дархлаа хэдэн хувьд хүрвэл сүргийн дархлаа тогтох талаарх судалгаа хийгдээгүй байна. Дэлхийн улс орон болгонд вакцинд хамрагдагсдын иргэдийн тоо харилцан адилгүй байна шүү дээ. Үүнийг тогтоохын тулд дархлаа тогтоцын шинжилгээ буюу эсрэг биетийн шинжилгээ хийдэг. Гэхдээ өвдсөний дараа дархлаа хэр тогтсон бэ гэдгийг судалсан материал хангалттай биш. Бусад улс орнуудын эх сурвалжид дурдсанаар дөнгөж арав хүрэхгүй хувьд нь дархлаа тогтсон байна гэсэн судалгаа байгаа. Өөрөөр хэлбэл, хэдийгээр хүн амын 80-90 хувь нь вакцинд хамрагдсан ч, дархлаа тогтоох үйл явц нь дунджаар 10 болон түүнээс доош хувьтай байна л даа.

-Хүндэтгэх шалтгаантай иргэд, жирэмсэн эхчүүд болон 12-оос доош насны хүүхдүүд вакцин хийлгэхгүйбайгаа. Тэгэхээр сүргийн дархлааг яаж үүсгэх вэ. Энэ янзаараа бол вакцин хийлгэсэн хүмүүс 54 хувиас дээш гарахгүйюм биш үү?

-Манай улс 18-аас дээш насны хүн амыг вакцинд бүрэн хамруулах төлөвлөгөөг баримталж байгаа.

Энэ нь нийт хүн амын 65 хувийг эзэлж байна. Тодруулбал, 18 хүртэлх насны 290 мянган хүүхэд байдаг гэсэн мэдээлэл бий. Одоогийн байдлаар тэдний 100 мянга гаруй нь дархлаажуулалтад хамрагджээ. Тэгэхээр 0-11 хүртэлх насны хүүхэд үлдэж байгаа биз. Манай улсын хүн амын 30 орчим хувийг 0-11 насны хүүхдүүд эзэлдэг гэж бодохоор хүн амын 70 хувийг вакцинжуулах бүрэн боломжтой болчихож байгаа юм. Түүнчлэн иргэдийн тодорхой хувь нь архаг хууч өвчтэй, жирэмсэн, хөхүүл гэх мэт шалтгаанаар ковидын вакцинд хамрагдах боломжгүй байна л даа. Жирэмсний эрт болон хожуу үед вакцин хийж болохгүй, бусдаар бол болно. Улсын хэмжээнд энэ сарын 2-ны байдлаар жирэмсэн 3.150 орчим ээж, хөхүүл 2000 гаруй эх, 12-17 насны 112 мянган иргэд тус тус коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдсан байна. Тэгэхээр дархлаажуулалтын хувь бага зэрэг нэмэгдэнэ. Хөхүүл ээжүүдийн хувьд төрсний дараах эрт үе өнгөрсний дараа дархлаажуулалтад хамрагдаж болно гэж Монголын дархлаажуулалтын нийгэмлэгээс үзэж байгаа. Түүнчлэн зуны улиралд харшлыг эсрэг заалт оруулсантай холбоотой вакцинжуулалт тодорхой хэмжээнд буурчээ. Хамгийн гол нь ковидын эсрэг вакцины найрлагад орсон бүтээгдэхүүнд харшилгүй бол тариулж болно. Тэгэхээр вакцинд хамрагдах иргэдийн хувийг дээр дурдсанчлан нэмэгдүүлэх боломж бий. Ерөнхийдөө ковидын эсрэг дархлаажуулалтын хувь улс орон бүрд харилцан адилгүй байгаа. Энэ оны зургадугаар сарын 11-ний байдлаар дархлаажуулалт Хятад, Израиль, Англи, Канад, Герман, Грек улсад нэлээн өндөр хувьтай явж байна лээ. Тодруулбал, Америкт вакцинжуулалт 56 хувьтай байсан.

-Коронавирусийн эсрэг вакцинжуулалтын гурав дахь тунг тарих нь хэр оновчтой вэ, манайд ийм боломж бий юу. Турк улсад гэхэд, хоёр тун синовак тариулсан 50-иас дээш насны иргэд болон эрүүл мэндийн салбарын бүх ажилтнуудад давтан тун BionTech хийж эхлэхээр болсныг саяхан тус улсын эрүүл мэндийн сайд мэдэгджээ. Вакцины гурав дахь тунг хийх энэ арга хэр үр дүнтэй вэ, шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал?

-Энэ талаар ДЭМБ болон АНУ-ын хүчний хяналтын төв, бусад байгууллага албан ёсны санал зөвлөмж гаргаагүй. Вакцин үйлдвэрлэгчид тасралтгүй судалгаа хийдэг учраас гурав дахь тунг “байж болох юм” гэж үзэж байна л даа. Үүнийг чухам ямар бүлэгт хийх вэ гэдгийг зөвлөсөн байсан. Тодруулбал, эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэсэн, хавдрын өвчтэй, төрөлхийн дархлаа хомсдолын эмгэгтэй хүн амд хийх боломжтой. Өөрөөр хэлбэл, дархлаа дарангуйлагдсан бүлгийг гурав дахь вакцинд хамруулж болно гэсэн үг. Түүнчлэн хоёр тун вакцины дараа дархлаа нь гүйцэд тогтоогүй байх магадлалтай 65-аас дээш насны, архаг хууч өвтэй иргэд гурав дахь тунд хамрагдаж болох юм билээ. Үүнээс гадна хамгийн эхэнд эрүүл мэндийн салбарын ажилчдыг оруулсан байна. Өөрөөр хэлбэл, тэд халдварт өртөх өндөр эрсдэлтэй шүү дээ Эдгээр бүлэг хүмүүс хамгийн багадаа зургаан сар эсвэл жилийн дараа гурав дахь вакцин тариулж болох юм билээ. Жишээлбэл, АНУ-д бүрэн дархлаажсан иргэд нэг жилийн дараа бүтэн тунгаар вакцинжуулах тухай асуудлыг судалж байгаа. Хятадын синофарм компаниас вакцины бүрэн тундаа хамрагдсан 50-иас дээш насны иргэдэд зургаан сарын дараа гурав дахь пфайзер хийх шийдвэрийг гаргасан байна лээ. Гэхдээ дээрх асуудлыг ярьж байгаа болохоос биш, ДЭМБ-аас албан ёсоор зөвлөмж гаргаагүй.

-Коронавирусийн халдвар авсан бага насны хүүхдүүд болон залуучуудад шинж тэмдэг харьцангуй бага илэрч хөнгөн тусаж байна. Энэ нь эргээд дархлаа сайтай нэг хэсэг нь дархлаа муутай бүлэгтээ халдвар дамжуулах эрсдэлийг бий болгоод байгаа болов уу. Тэгэхээр Монгол Улсын хүн амын 30 хувийг эзэлж байгаа 12-оос доош насныхан сүргийн дархлаанд саад учруулах магадлалтай хэмээн үзэж болох уу?

-Тэгнэ. Тийм учраас л халдвараас сэргийлэх арга хэмжээ авч, танхимын хичээлийг зогсоогоод байгаа шүү дээ. Хөл хорионы гол зорилго нь хүн хоорондын хавьтлыг тодорхой хугацаанд хязгаарлах арга юм. Манай улсын 12-оос дээш насны иргэд дархлаажуулалтад бүрэн хамрагдчихвал нийт хүн амын 75 хувь нь бүрэн дархлаатай болж, сүргийн дархлаа үүсэх боломжтой. Тэгэхээр 12-оос дээш насны иргэдийн 70 хувь нь дархлаажуулалтадаа бүрэн хамрагдсаны дараа нөгөө 30 хувийн эрсдэл маань буурна гэсэн үг.

-Япон улс руу илгээсэн шинжилгээгээр Монголд коронавирусийн альфа, дельта хувилбар бүртгэгдсэн. Тодруулбал, манай улсад тархсан халдварын 80-95 хувь нь альфа хувилбар гэсэн үнэн, худал нь үл мэдэгдэх мэдээлэл байна?

-Зарим лабораторит шинжилгээ хийгээд хариу гаргаад байгаа ч, эцсийн нэгдсэн тоог хэн ч баталгаатай гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл, хүн амын халдварын дор хаяж 50-аас дээш хувийн сорьцод мутацийн шинжилгээ хийсэн үү гэвэл, түүн шиг худал зүйл байхгүй. Ийм боломж ч байхгүй. Харин түүвэр байдлаар шинжилгээ хийж үзэхэд манай улсад мутаци орж ирсэн гэдгийг ХӨСҮТ-ийнхэн ч хэлсэн. Хоёрдугаарт, манай улсад альфа, дельта болон бусад мутаци орж ирэх үү, үгүй юу гэдэг нь цаг хугацааны асуудал. Ерөөс хаана хүн амын дунд халдварын тархалт өндөр байна, тэр газар мутаци үүсэх эрсдэл давхар өсдөг. Зөвхөн өнөөдрийн байдлаар гэхэд Sars-cov вирусийн 20 мянга гаруй мутацийг эрдэмтэд тогтоочихсон. Мутацийн гол хор уршиг нь халдварын тархах хүчин чадлыг нэмэгдүүлдэг. Хоёрдугаарт, өвчний хүндрэл нэмэгддэг. Түүнчлэн хамгийн аюултай хоруу чанар нь вакцинаас зайлсхийх чадвар нь нэмэгдчихдэг. Тиймээс гаднаас зөөвөрлөгдөн орж ирж буй мутацийн тухай ярихаас илүү халдварын тархалт өндөр байна гэдэг нь шинэ мутациуд үүсэх эрсдэлийг бий болгож байна. Гагцхүү судалгаа, тоо баримт, дүн шинжилгээг үндэслэж үүнийг хэлэх ёстой. Харамсалтай нь энэ талаар мэдээлэл надад байхгүй байна. Уг нь мутаци хувилбарыг манай ХӨСҮТ хийх бүрэн боломжтой шүү дээ. Мэдээж түүвэр байдлаар сорьцод шинжилгээ хийх ёстой. Энэ судалгааг хийгээд, өөрсдийн датад цугларсан мэдээллийг яагаад өгөхгүй байна вэ гэдэг нь сонирхолтой санагдаад байна л даа. Зөвхөн Япон руу түүврээр цөөхөн сорьц л явуулна шүү дээ. Тэгтэл Япон руу явуулахгүйгээр эндээ хийх боломж байгаа юу гэвэл, байгаа. Чухам яагаад судалгаа хийхгүй байгааг албаныхнаас асуусан нь зүйтэй болов уу

-Сүргийн дархлаа гэдэг нь хувь хүн хоёр тунгаа аваад 14 хоносны дараа дархлаа тогтоно гэсэн үг биш юм байна. Энэ бол нийтээр нь авч үзэж, дархлаажуулалтад хамрагдах боломжгүй хүн амыг бодолцож нарийн тооцох шаардлага ойлголт гэсэн үг үү?

-Тийм ээ. Сүргийн дархлаа гэдэг бол хэн нэгэн хүний тухай бус, нийтийн хүрээнд авч үзэх ойлголт юм. Нэмж хэлэхэд, манайд хэрэглэж байгаа бүх вакцин маш сайн туршигдсан, үр дүн сайтай учраас эргэлзэлгүй хамрагдах хэрэгтэй. Ингэснээр сүргийн дархлаа үүснэ.

Харин өвдөж сүргийн дархлаатай болно гэсэн ойлголт байдаггүй. Үүнийг ДЭМБ-аас ч хүлээн зөвшөөрдөггүй. Вакцины дараах дархлаа, өвдсөний дараах дархлаа хэр удаан биднийг хамгаалах вэ гэдэг асуултад өнөөдөр хэн ч бодитой тоо хэлж чадахгүй хэвээр байна.

П.САЙНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *