Categories
мэдээ нийгэм

​ДАЛАЙ ЛАМ: Хүн бүр аз жаргалтай амьдрах боломжтой

ДАЛАЙ ЛАМТАЙ ХИЙСЭН ОПРА УИНФРИГИЙН ЯРИЛЦЛАГА


Опра: Олон Америк хүн аз жаргалын тухай бичсэн таны номыг уншсан ч зарим нь түүнд хэрхэн хүрч болохыг одоо болтол ойлгоогүй. Материализмыг туйлын зорилгоо болгосон нийгэмд жинхэнэ аз жаргалд хэрхэн хүрэх вэ?

Далай лам: Амьдралын тав тух, сайхан хоол, сайхан байр, сайхан хамтрагчтай байсан ч хэцүү зүйл тохиолдоход тэр хүн аз жаргалгүй болчихдог. Биеийг тохь тухтай байлгах нь сэтгэл санааны зовлонг нимгэлэхгүй, хэдий их хөрөнгө чинээтэй байлаа ч тэр хэрээр аз жаргалтай байна гэсэн баталгаа байхгүй. Яг үнэндээ эд баялаг санаа зовнил, уур бухимдлыг дагуулдаг. Өөрөөр хэлбэл, гэр орон нь баян тансаг биш хэдий ч амьдралдаа сэтгэл хангалуун, хувийн сахилга баттай гэр бүлд энэрэл хайр бялхаж байдаг. Ийм гэр бүлд зовлон тохиолдсон ч аз жаргалаа хадгалан үлдэж илүү хөнгөн даван туулдаг.

Опра: Тэгэхээр аз жаргал бидний сэтгэлээс эхтэй гэж үү?

Далай лам: Тийм ээ. Биеийн тохь тухаас илүүтэй сэтгэлийн аз жаргал чухал гээд байгаа учир нь энэ. Биеийн тав тух материаллаг эх үндэстэй. Гэвч материаллаг эд баялаг таны сэтгэлийг огт зовиур шаналалгүй байлгаж үл чадна.

Опра: Тэр ч үнэн шүү.

Далай лам: Та сэтгэл хангалуун биш бол үргэлж л ахиад, ахиад, ахиад тийм зүйл, өшөө ихийг хүссээр байх болно. Таны хүсэл шуналд хязгаар үгүй. Гэвч сэтгэл ханамжийг дадуулж, өөртөө “Надад хэрэгтэй бүх зүйл байна” гэж хэлж сурвал асуудал өөр болох болно.

Опра: “Аз жаргалтай амьдрахуйн урлаг” номоос миний ойлгосон зүйл бол амар тайван байдал болоод оюун санааны амар амгалан. Гэвч өөрөө зовлон бэрхшээлтэй байж яаж бусдыг хайрлаж сурах вэ?

Далай лам: Тийм ээ, хүн өөрөө золгүй явдалтай учирч хэцүү байх үед бусдыг хайрлана гэдэг төвөгтэй. Ядуу хүмүүст “Тэрбумтануудыг хайрлах учиртай” гэж хэлэхэд надад хэцүү байдаг шалтгаан нь энэ юм. Гэвч баян хүнд ч өөрийн зовлон бий. Тухайлбал, уур хилэн, эргэлзээ, санаа зовнил, айдас түгшүүр гэх мэтээр сэтгэл нь тайван бус байна. Олон тохиолдолд чинээлэг хүмүүс тийм ч жаргалтай байдаггүй. Материаллаг эд баялаг жаахан бэрхшээлтэй тулгарахад л сэтгэл санаа нь ийм зовлонтой өдөр бүр тулгардаг хүмүүсийнхээс хэд дахин дор болдог.

Опра: Бурхан шашин аз жаргалд хүрэх зам мөн үү?

Далай лам: Зарим хүмүүс Бурханы шашин зовлонд хэтэрхий их ач холбогдол өгдөг гэдэг. Баян чинээлэг болохын тулд хүн чөлөөт цагаа золиосолж шаргуу хөдөлмөрлөх шаардлагатай. Үүнтэй нэгэн адилаар урт удаан хугацааны аз жаргалд хүрэхийн тулд түр зуурын тав тухыг золиослох хэрэгтэй. Өөрийгөө удирдаж сурахад ч золиос хэрэгтэй, өөрийн бүх энерги цаг завыг эд баялгийн төлөө зориулж байгаа бол эцэст нь зовно гэдгээ та мэдэж байх ёстой. Энд би бүх эерэг болон сөрөг үр дагаварын тухай хэллээ. Үйлдэл бүхний цаана урт хугацаанд ямар үр дагавар дагуулах вэ гэдгийг байнга бодолцож үзэж байх нь чухал юм.

Опра: Тэгэхээр та Бурханы шашин аз жаргалд хүрэх зам гэдэгт итгэдэг байх нь. Гэвч бусдыг та өөрийн уламжлалт шашин шүтлэгээ шүтэхийг зөвлөдөг шүү дээ. Тийм үү?

Далай лам: Тийм ээ таны зөв. Би хүн өөрийн уламжлалт шашин шүтлэгээ шүтэх нь гэм хоргүй гэж үздэг. Голлох шашинууд мянга мянган жилийн түүхтэй өөрийн гэсэн баялаг уламжлалтай.

Опра: Та христийн шашинтай хүн Бурханы ном сургаалийг дадуулж болно гэж боддог уу?

Далай лам: Тийм ээ би тэгж боддог. Бурханы шашины арга зүй байна, жишээ нь бясалгал. Хүн бүхэн хийх боломжтой. Мэдээж христийн шашины хуврагууд, гэлэнмаа нар өөрсдийн сүсэг бишрэл, нигүүлсэх сэтгэл, бусдыг өршөөж уучлах чадвараа нэмэгдүүлэхийн тулд Бурханы шашины арга технологиудыг хэрэглэж болно шүү дээ.

Опра: Шашин бидний амьдралд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Далай лам: Нигүүлсэнгүй сэтгэл, бусдын төлөөх анхаарал халамжаа хөгжүүлэхэд тусалж, зорилготой болгодог гэж би боддог.

Опра: Энэ дэлхий дээр амьдарч байгаагийн минь зорилго юу вэ?

Далай лам: Бусдад туслах.

Опра: Энэ гариг дээр амьдарч байгаагийн минь бүх утга учир бие биедээ туслах гэж та хэлэх гээд байна уу?

Далай лам: Тийм ээ.

Опра: Шашин шүтэхгүйгээр сайн хүн байх боломжтой юу?

Далай лам: Бололгүй яахав. Аз жаргалтай ч байж болно.

Опра: Хүн бүр аз жаргалтай байх боломжтой юу?

Далай лам: Боломжтой. Үнэхээр боломжтой. Аз жаргалд хүрэхийн тулд хичээх нь зүй ёсны хэрэг. Ургамал ургахыг тэмүүлдэг шиг, хүн төрөлхтөний зорилго бол үхэх хүртлээ өсч хөгжиж, амьдрах юм. Хэрэв тийм бол оюун ухааны хувьд бид дутуу дулимаг байж хэрхэвч болохгүй. Оюун ухааныг хязгааргүйгээр хөгжүүлэх боломжтой. Бидний олонхи нь эд баялгийг хичнээн хураавч сэтгэл ханадаггүй, сүнслэг хөгжил бол өөр, тэр сэтгэл ханамжийг бий болгодог гэдгийг ойшоодоггүй. Бидний хийдэг алдаа бол энэ.

Опра: Агуу юмаа. Бид бүгдээрээ сүнслэг зорилго маань бусдад туслах гэдгийг ойлгочихвол хүн төрөлхтөн өөрчлөгдөх үү?

Далай лам: Тийм ээ, ойлголт бидний хандлагыг өөрчлөхөөс эхэлнэ. Бид дангаар оршдоггүйг ухаарч, бусад хүмүүс биднээс хэр ялгаатай гэдэгт бус юугаараа бид адилхан гэдэгт ач холбогдол өгөх хэрэгтэй. Тиймээ бид хоорондоо ялгаатай. Гэвч үүнийг тод томруунаар харах нь ач холбогдолгүй, учир нь чиний ирээдүй, миний ирээдүй, бусдын ирээдүйтэй ялгаагүй л холбогдсон. Тэгэхээр бид бүх хүн төрөлхтөний өмнөөс асуудалд хандах хэрэгтэй. Бид зөвхөн хувь хүн, өөр дээрээ төвлөрвөл хүн төрөлхтөн зайлшгүй зовно. Хүн төрөлхтөн зовоход бид ч бас зовох болно.

Жишээ нь энэ байшинд хэдхэн минутын өмнө дохиолол дуугарсан. Би үүнд маш хурдан анхаарал хандуулсан бөгөөд энэ байшин миний нэг хэсэг болохоор тэгсэн биш харин би энэ байшин дотор байгаа болохоор тэгсэн. Тийм учраас би үүнийг анхаарахгүй өнгөрч болохгүй. Үүн шиг бид хүн төрөлхтөнд хайртай эсэхээс үл шалтгаалан тэдний нэг хэсэг нь гэдгээ мартаж болохгүй. Миний ирээдүй тэр чигээрээ хүн төрөлхтөний ирээдүйгээс хамаарах учраас хүн төрөлхтөний сайн сайхны төлөө санаа тавих үүрэгтэй. Тэгэхээр бусдыг хайрлана гэдэг бол өөрийгөө ч хайрлаж байгаа хэрэг болж таарч байна. Сэтгэл санаа минь тайван байна уу, үгүй юу гэдэг нь би орчин тойрныхоо хүмүүсийг амар тайван байлгаж чадаж байна уу, үгүй юу гэдгээр илэрдэг.

Опра: Талархаж сурах нь ч бас энэрэл нигүүлслийн сэтгэл шиг бидний амьдралд нөлөө үзүүлдэг гэдэгтэй та санал нийлэх үү?

Далай лам: Үнэхээр үнэн. Чин сэтгэлээсээ талархахад бусдыг хүндэтгэх сэтгэл аяндаа төрдөг.

Опра: Тийм шүү. Одоо хоёулаа таны тухай, Далай лам байх ямар байдаг тухай ярилцаж болох уу? Анх таныг Далай ламаар тодруулахад өөрийгөө онцгой гэж мэдэрсэн үү?

Далай лам: Үгүй.

Опра: Та өөрийгөө бусдаас өөр нэгэн гэдгийг мэдэрдэг байгаагүй гэж үү?

Далай лам: Заримдаа, тийм ээ өмнөх амьдралын гэмээр зарим зүйлийг мэдэрдэг. Өглөө эрт унтаа сэрүүний хооронд байх үед миний оюун санаа маш саруул байдаг. Ийм бүдэг бадаг үед өмнөх төрлүүдийн талаар цухасхан гялбаа мэт орж ирэн зарим тохиолдолд тэр нь нэг эсвэл хоёр зууны өмнөх үйл явдал байх нь ч бий. Нэг удаа би 600 жилийн өмнө Египетэд байсан байж магадгүй зүйлийг мэдэрсэн.

Опра: Та өөрийгөө бусад хүмүүсээс өөр гэж боддог уу?

Далай лам: Үгүй, үгүй.

Опра: Бусдын адилаар та өөрөө өөрийнхөө эзэн мөн үү?

Далай лам: Тийм ээ.

Опра: Өөр хэний ч эзэн биш гэж үү?

Далай лам: Энэ ч бас үнэн.

Опра: Та өсвөр насандаа жирийн хүүхэд байхыг хүсдэг байсан уу?

Далай лам: Азаар надад тоглох хүмүүс байсан, гэхдээ ихэнхи нь том болцгоосон хүмүүс байсан.

Oпра: Та гэр бүлтэй болж үр хүүхдүүтэй болохыг хүсч байсан уу?

Далай лам: Үгүй. 15, 16 орчим настайдаа энэ талаар сонирхож байсан. Энэ бол биологийн үйл явц байсан. Миний хамт тоглодог байсан лам нарын зарим нь гэр бүлтэй болцгоож энгийн амьдралаар амьдрахын хэцүү талуудын талаар ярьж өгдөг байсан. Мэдээж гэр бүлтэй байх үнэхээр сайхан байж таарна. Гэвч түүний хажуугаар олон бэрхшээл байдаг.

Опра: Та өдрийн олон цагийг бясалгалд зориулдаг талаар би уншиж байсан. Бурханы шашинтан биш хүмүүст бясалгал ямар ач холбогдолтой вэ?

Далай лам: Бясалгал бол дотоод руугаа харах зам учраас бүхий л хүн төрөлхтөнд хэрэгтэй. Хүмүүс өөрийн дотоод ертөнцийг таньж мэдэхийн тулд шашин шүтэх албагүй. Бид сэтгэл хөдлөлөө, бусдыг анхаарч халамжилж байгаа тэр сэтгэлээ ажиглах нь зөв зүйтэй, бүтээлч хандлага бөгөөд ингэснээр бидний сэтгэл тайвширч жаргалтай болдог. Үзэн ядалт, атаа жөтөө, айдас нь сэтгэлийн амар амгалангийн саад. Та ууртай, уучлахад бэлэн биш бол сэтгэл чинь зовлонтой байх нь байнгын зүйл. Сэтгэлийн амар тайван байдлаа муу муухай мэдрэмжээр үгүй хийснээс өршөөж уучлах нь илүү дээр.

Опра: Та их жаргалтай хүн шиг санагдлаа. Юу таныг ийм жаргалтай болгодог юм бэ?

Далай лам: Би өөрийгөө нэг их чухалд тооцоод байдаггүй. Энэ нь намайг жаргалтай болгодог.

Опра: Таны хувьд төгс өдөр гэж ямар өдрийг хэлэх вэ?

Далай лам: Төгс өдөр гэж байдаггүй. Дэлхий ертөнцөд төгс зүйл гэж үгүй.

Опра: Тэгвэл сайхан өдөр гэж ямар өдрийг хэлэх вэ. Хөгжилтэй, инээд хөөрөөр дүүрэн өдрийг хэлэх үү?

Далай лам: Би цэцэрлэгт ажиллах, механик зүйлс засварлах дуртай. Чөлөөт цаг гарвал ихэнхидээ бурханы шашины ном судар уншиж судалдаг. Ялангуяа энэрэл нигүүлсэл, шүтэн барилдлагын тухай унших дуртай. Аливааг эргэцүүлэн бодож тунгаах боломж олдсон тийм өдрүүдэд би үнэхээр хангалуун мэдрэмж авдаг. Өөрийн цагаа үнэхээр үр дүнтэй өнгөрөөсөн гэж бодохоор сайхан байдаг.

Опра: Төвөд хүмүүст юу тохиолдоод байгаад дэлхий нийтийн анхаарлыг хандуулахын тулд та маш шаргуу ажиллаж олон газраар аялах хэрэгтэй болдог байх даа?

Далай лам: Заавал шаардлагагүй. Өнөө өглөө би нэг сонин уншихад “Далай лам Хятадын Төвдөд явуулж буй бодлогыг олон нийтэд таниулах зорилгоор 6 хотод айлчиллаа” гэж бичсэн байсан. Энэ буруу. Би намайг уриагүй газарт өөрийн зорилгоор ердөө ч айлчлаагүй. Гэхдээ хүн төрөлхтөн хэрэгтэй бол намайг урьсан уриагүй ядрахыг умартан айлчилан очиж өөрийн хувь нэмрээ оруулах болно.

Опра: Таныг өөд болохоос өмнө Төвөд улс тусгаар тогтнолоо олж авч чадахгүй бол харамсалтай юу?

Далай лам: Хэрэв би өнөөдөр үхвэл Төвөдийн төлөө санаа зовно. Гэхдээ өөрийнхөө хувьд хийж чадах бүхнээ хийж амьдралаа бусдын төлөө зориулсан. Тэгэхээр харамсах зүйл байхгүй.

Опра: Огт байхгүй гэж үү?

Далай лам: Тийм ээ, байхгүй.

Опра: Та ямар нэг зүйлийн төлөө өөрийгөө уучлах хэрэг гарч байв уу?

Далай лам: Зарим жижиг тохиолдлын төлөө өөрийгөө уучлах хэрэг гарч байсан. Жишээ нь, өөрөө мэдэлгүйгээр жижиг шавьжийг алчихсан тохиолдол ч юм уу. Шумуул юм уу,бясаанд хандах миний хандлага ч тийм ч амар байдаггүй.

Опра: Том алдааны төлөө өөрийгөө уучлах шаардлага гарч байв уу?

Далай лам: Би өдөр бүр жижиг алдаа гаргадаг. Гэхдээ том алдаануудын хувьд би тэгж бодохгүй байна. Би Төвөдийн ард түмний төлөө, хүн төрөлхтөний төлөө өөрийн хийж чадах бүхнийг хийсэн.

Опра: Сар бүр “Би үүнийг үнэхээр сайн мэднэ” гэдэг сэтгүүлд булан бэлтгэж өгдөг юм. Та юуг үнэхээр сайн мэдэх вэ?

Далай лам: Оршихуй бүрийг хүндэтгэх нь аз жаргалын хамгийн баялаг нөөц. Үүнд ямар ч эргэлзээ байхгүй.

Эх сурвалж: http://www.oprah.com/omagaz…/Oprah-Interviews-The-Dalai-Lama
Орчуулсан: Ч.Аниргүм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *