Categories
гадаад мэдээ

Жо Байден: “Kaseya”-гийн эсрэг кибер довтолгоонд Оросын удирдлага холбоогүй

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо программ хангамж үйлдвэрлэгч“Kaseya” IT-компанийн эсрэг үйлдсэн кибер довтолгоонд хэрэг үүсгэн албан ёсоор мөрдөн байцаах ажиллагааг эхлүүлжээ. Мөн тус байгууллага Дэд бүтэц, кибер аюулгүй байдлын агентлагтай (CISA) хамтран эл хэрэг дээр ажиллаж буй талаар онцлов. Блүүмбэрг агентлагийн мэдээлснээр тусгай вирус ашиглан кибер довтолгоон хийсэн хакерууд нь “Revil” бүлэглэлт хамаарах агаад төв нь Орост байрлаж болзошгүй гэх таамаг байгаа аж.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа,“Kaseya”-гийн эсрэг кибер довтолгоонд Оросын удирдлага ямар нэг холбоогүй хэмээн мэдэгдсэн юм. Гэхдээ тэрээр довтолгооныг үйлдэгчид Оросын иргэд мөн эсэх талаар одоогоор баттай баримт үгүйг мөн онцолжээ.
Кибер аюулгүй байдлын талаар мэргэшсэн АНУ-ын “Huntress Labs” компанийн мэдээлснээр,“Kaseya”-гийн эсрэг үйлдсэнтэй ижил кибер довтолгоонд 17 орны мянга гаруй компани өртөөд байгаа аж. Довтолгоонд өртсөн компаниудын дийлэнх нь нөлөө бүхий үйлчлүүлэгчдийн сантай. Энэ нь хакеруудын сонирхлыг татсан байх магадлалтай гэж үзэж байгаа юм.
АНУ-д сүүлийн хэдэн сар кибер аюулгүй байдлын асуудал ихээхэн анхаарал татах болсон. Тавдугаар сарын эхэнд “DarkSide” бүлэглэлийн хакерууд тус улсын хийн хоолойн “Colonial Pipeline” компанийн интернэтийн системд нэвтэрчээ. АНУ-ын тусгай албад “DarkSide”-ийг ОХУ юм уу, Зүүн Европт байрладаг ч төрийн байгууллагуудтай холбоогүй ажилладаг бүлэглэл байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлж байв. Мөн сарын 31-нд АНУ-ыг үхрийн мах, махан бүтээгдэхүүнээр хангагч “JBS” компанийн компьютерийн сүлжээ кибер довтолгоонд өртөхөд мөн л ОХУ-д байрлаж байж болзошгүй хакеруудын бүлэглэл үйлдсэн байж болзошгүй гэж байсан билээ. Тэр үед ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин АНУ-ын компаниудын эсрэг кибер довтолгооныг чухамхүү Кремль зохион байгуулж буй тухай мэдээллийг “ул үндэсгүй, инээдэмтэй зүйл” гэж байсан юм.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *