Засгийн газраас зургадугаар сарын 29-ний өдөр өргөн барьсан Өршөөлийн тухай хуулийг өнгөрсөн баасан гаригт хаалттайгаар хэлэлцэн баталсан. Хуулийн төсөл таван бүлэгтэй бөгөөд хөнгөн, анх удаа ял шийтгэл хүлээсэн иргэдээс гадна автомашины торгуулийг тэглэх асуудлыг оруулсан талаар мэдээлээд байгаа юм.
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн болон бусад шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад хуулийн төслийн зорилго оршиж байгааг төсөлд тайлбарлажээ.
Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Өршөөлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийж байна.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Хууль долдугаар сарын 6-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Хууль нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 24:00 цагаас өмнө 2002 онд баталсан Эрүүгийн хууль болон 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24:00 цагаас өмнө 2015 онд баталсан Эрүүгийн хуульд заасан зарим гэмт хэрэг болон Зөрчлийн тухай хууль д заасан зарим зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хамаарах ба өршөөлд хамруулах гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүний хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа хэргийг хэрэгсэхгүй болгоно.
Ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.
ФАТФ-ын зөвлөмжид нийцүүлэн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, түүнчлэн дээрх гэмт хэргийн суурь гэмт хэрэг болох татвар төлөхөөс зайлсхийх, авилга, албан тушаалын гэмт хэрэг, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг зэрэг гэмт хэргийг өршөөлд хамруулахгүй.
Мөн хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, эдийн засгийн гэмт хэрэг, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэргийг бүлгээр нь, хүнийг алах галт зэвсэг хууль бусаар бэлтгэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг тариалах худалдаалах, хэрэглэх, байгаль орчныг бохирдуулах зэрэг 38 төрлийн гэмт хэргийг, өмчийн эсрэг гэмт хэрэг болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, цэргийн эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх зэрэг 19 төрлийн гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнийг өршөөлд хамруулахгүй” гэлээ.